logo
Р.Бурмаа: Буруу шийдвэр гаргасан хүмүүс хариуцлага хүлээх байлгүй дээ

Р.Бурмаа: Буруу шийдвэр гаргасан хүмүүс хариуцлага хүлээх байлгүй дээ

2013/04/16
УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал хураалтыг хэдэн цаг хүртэл авахаар заасан байдаг вэ. Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтын цагийг ойртуулснаар хүчингүй болгоно гэж байгаа шүү дээ?
-УИХ-ын 2012 оны сонгууль зургадугаар сард болоход санал хураалтыг 20:00 цагаар дуусгавар болгож байсан. Харин Баянзүрх дүүргийн дахин санал хураалтыг Орон нутгийн сонгуультай хамт явуулахаар болоход УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хугацааг 22:00 цаг болгосон. Түүнээс хойш дахин, нөхөн сонгуулийн санал хураалтыг 22:00 цаг хүртэл явуулж, 22:00 цагаас хойш санал тоолно гэж тусгагдсан.

-Нэмэлт өөрчлөлийг хэзээ хийсэн юм бэ?

-2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд хийсэн.

-Сонгинохайрхан дүүргийн санал хураалтыг 20:00 цаг хүртэл явуулна гэж хэвлэл мэдээллээр зарласан. Гэтэл санал хураалтын дараа 22:00 цаг хүртэл явуулах хуулийн заалттай байсан гэдэг нь өөрөө асуудал дагуулж байна?
-Сонгуулийн хуулийн 46.1-д санал авах ажиллагаа 22:00 цагт дуусна. Санал тооллохыг 22:00 цагаас эхлүүлнэ гэж заасан. 50.1-д сонгуулийг хүчингүй болгох заалт бий. Харин 50.1.2-т саналын хуудсыг хууль заасан хугацаанаас өмнө нээсэн бол сонгууль хүчингүй болно гэсэн бий. Тэгэхээр 22:00 цагаас өмнө саналын хайрцгийг  нээж, тоолоод хэлсэн бол сонгууль хүчингүй болох нэг үндэслэл.

-Энэ тойрогт дахин сонгууль явуулна гэсэн үг үү?

-Сонгууль хүчингүй болбол дахин санал хураалт явуулахгүй. Дахин сонгууль буюу шинээр нэр дэвшүүлэх,тойргийн хороог байгуулах ажиллагаа явагдана. Үүн дээр буруу шийдвэр гаргасан хүмүүс хариуцлага хүлээх байлгүй дээ. Тойргийн хорооноос нь хуучин хуулиар 20:00 цаг хүртэл санал хураалтыг явуулна гэж гаргасан юм билээ. Гэхдээ сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс  Сонгуулийн хуулийг харах байсан болов уу. Миний хувьд Үндэсний телевизийн гүйдэг зараас 22:00 цаг хүртэл явуулна гэж харж байсан.

С.БАЯСГАЛАН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш