Одоогийн байдлаар улсын хэмжээнд есөн аймгийн 29 суманд хаваржилт хүндрэлтэй байна гэсэн мэдээлэл ҮХААЯ-нд иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж санаачилсан “Малчдадаа туслая” аяныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам зохион байгуулснаас хойш хоёр дахь ээлжийн тусламжийн цуваа өнөөдөр 11:30 цагаас Хорин хоёрын товчооноос замд гарлаа.
Өнгөрсөн гуравдугаар сард тусламжийн цувааны эхний ээлж өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандивласан 600 тонн тэжээл, 50 сая төгрөгийн бараа, эд материалыг малчин айл өрхүүдэд хүргэсэн юм. Харин энэ удаад Архангай, Дорнод, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Завхан Увс зэрэг аймгийн сумдад хүргэхээр 310 тонн тэжээл тээвэрлэж байна.
Тусламжийн цувааг мордуулах арга хэмжээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал холбогдох бусад албаны хүмүүс оролцлоо.