Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 тал хамтран Нийслэлийн хөдөлмөрийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэсийн үйл ажиллагаатай 2013 оны 4 дүгээр сарын 09-12-ны хооронд танилцлаа. Тус уулзалтын зорилго нь шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах, уялдаа холбоогоо өргөжүүлэх, байрны асуудлыг шийдвэрлэх, ЖДҮ-ийн зээлийг үр дүнтэй хүртээмжтэй болгох, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг байлаа. Уулзалтын үеэр Сүхбаатар, Баянзүрх, Хан-уул, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч, Төрийн захиргаа хуулийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар ирж хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон байна. Дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс нь бүтэц орон тооны хувьд 3 албатай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхэлтийн сургалтын хөтөлбөрт хамруулах, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгох, жижиг зээлд хамруулах, ажилгүйдлийн тэтгэмж, зорилтот бүлгүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нийтийг хамарсан ажил зохион байгуулах зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд 3492 ажлын байр шинээр бүртгэгдэж, 7829 ажлын байрны захиалга, 6084 ажилгүй иргэнийг бүртгэж, нийт бүртгэлтэй иргэдийн 3630 нь буюу 59 хувь нь зуучлагдсан байна. Нийт бүртгэлтэй иргэдийн 2.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаагаас 42 хувийг тохирох ажилд зуучилсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар ХАБЭА-н сарын аяныг нийслэл, дүүргүүдийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. Мөн тухайн дүүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдөн ажиллахад үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулах нь зүйтэй байгаатай санал нэг байлаа. Дүүргүүдээс тавьсан саналуудад тулгуурлан Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай асуудлуудыг хамтран шийдвэрлэж, уялдаатай ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээллээ.