logo
Нийт өргөдөл, гомдлын 80 хувийг шийдвэрлэжээ

Нийт өргөдөл, гомдлын 80 хувийг шийдвэрлэжээ

2013/04/16
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 4 сарын 15-нд боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршил, Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн талаар, хот тохижилт цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар хар шороон хөрсийг ашиглах тухай, “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлах тухай, "Архигүй цэнгээний газар шалгаруулах" болзолт уралдааныг зохион байгуулах тухай зэрэг давхардсан тоогоор 20 асуудлыг авч хэлэлцсэн байна.  Хэлэлцсэн асуудлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 7 захирамж гарч,  6 асуудлыг НИТХ-д өргөн барьж, 5 асуудлыг дахин боловсруулахаар буцаажээ.
Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тухай мэдээллийг мөн танилцуулаа.  Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд иргэдээс нийтдээ 1300  гаруй өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авснаас 80 орчим хувийг нь шийдвэрлэж хариу өгсөн байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг  ойролцоогоор 13 хоногийн хугацаанд шийдвэрлэж байгаа юм байна. Нийслэлийн удирдлагаас өргөдөл, гомдлыг хурдан шуурхай, иргэдэд чирэгдэлгүй шийдвэрлэхийг үүрэг болгосон ч  зарим үед тухайн иргэнд хангалттай хариулт өгөхгүй байх, олон шат дамжлага дамжуулсны эцэст тодорхой шийдвэргүй буцаах, хаах зэрэг явдал гарч байгааг анхаарууллаа. 

Шуурхай зөвлөгөөний үеэр өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар  НЦГ, НЗЦГ, НОБГ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.   НЦГ өнгөрсөн өдрүүдэд нийтдээ 618 гэмт хэрэг зөрчлийн дуудлагаар ажилласан байна.  Мөн хотын захын гэр хорооллуудад нийслэлийн цагдаагийн газрын шинэ хэлтэс байгуулагдан ажиллах болсон байна.  Одоогоор Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст, Яармагт шинээр цагдаагийн хэлтсийн байр барих тухай тендерийн зарыг нээлттэй мэдээлжээ. Нийслэлийн цагдаагийн газраас архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 51  мянган аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан 6 аж ахуйн нэгж, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан 1 аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөлгүйгээр  худалдаа үйлчилгээ явуулж байсан 3 аж ахуйн нэгжийг илрүүлж, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 5  зөрчлийг илрүүлэн зогсоож, зохих хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авсан байна. 

Нийслэлийн онцгой байдлын газрын өгсөн мэдээлллээр өнгөрсөн хугацаанд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажилллах дадлага, сургалтыг зохион байгуулж, энэхүү сургалтанд 134 мянган хүн оролцсон байна.  21 хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар нийт 209 дуудлага хүлээн авч ажилласаны 164 нь гал түймэрийн дуудлага байсан байна.  Мөн болзошгүй аюул ослоос 71 хүний амь насыг авран хамгаалжээ.

Шуурхай зөвлөгөөний үеэр энэ сарын 26-29-ний өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотод болохтой холбогдуулан 4 сарын 19, 20-ны өдрүүдийг нийтийн цэвэрлэгээний өдөр болгохоор шийдвэрлэж байгааг дуулгалаа. Мөн нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах, гал түймэр, ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах, бүх нийтийн мод тарих өдрийн бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Түүнчлэн Багахангай дүүрэгт химийн хортой хаягдлыг хадгалах болсонтой холбогдуулан энэ асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зөвшөөрсний дагуу химийн хорт хаягдлыг тус дүүргийн нутагт байрлах орос цэргийн ангийн хуучин агуулахад хадгалахаар болсон байна.  Гурван том машин бүхий химийн хорт хаягдлыг Багахангай дүүргийн нутагт тээвэрлэн аваачсаныг дүүргийн иргэд эсэргүүцэн нийслэлийн удирдлагуудад шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш