logo
Г.Өсөхбаяр мөсөн тэнгис дундуур алхам алхмаар урагшилж эхэллээ ...

Г.Өсөхбаяр мөсөн тэнгис дундуур алхам алхмаар урагшилж эхэллээ ...

2013/04/16

Монгол улсынхаа далбааг мандуулах хойд туйлын 90 градус буюу дэлхийн зулайд мандуулах түүхэн аяллаа эхлүүлсэн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ сарын 15-нд хойд туйлын 09 цаг, Монголын 16 цагт үндсэн замдаа гарчээ. Аяллын багийнхантайгаа өглөөний цайгаа уугаад үндсэн аяллаа эхлүүллээ гэж гавьяат маань даруухан мэдэгдэл дэмжууллаа. Тэрбээр хойд туйлын 90 градус хүртэл сансрын шулуун тооцооллоор 110 км замыг явганаар туулахаар чаргаа чирээд хөдөлж байгаа нь энэ. Гэтэл гавьяат тамирчны аялал 110 биш 200 орчим километр явган аялах юм байна. Учир нь зам нь шулуун биш бөгөөд томоохон саад, мөсөн уул, ангал тааралдаж байгаагаас шалтгаалан зам үндсэндээ хоёр дахин сунаж байгаа аж. Хойд туйлд ирээд аялалдаа гарсан үедээ үүнийг мэдлээ хэмээн Г.Өсөхбаяр гавьяат ярилаа.

Аяллын багийнхан анх наймуулаа Хойд туйлд очихоор төлөвлөсөн ч нэг нь замаасаа буцсан гэнэ. Ингээд Англи, Австрали, АНУ, Португали зэрэг орны 6 тамирчдын хамт долуулаа дэлхийн зулайг зорилоо.

Дөрөвдүгээр сарын 6-ны өглөө хилийн дээс алхсан тэрбээр Норвегийн нийслэл Осло хотоор дамжиж, 7-нд тус улсын хамгийн хойд захын Лонгиэрбайн хэмээх жижиг хотод Хойд туйлыг зорих аяллын багийн гишүүдтэйгээ нэгдсэн юм. Улмаар гурав хоногийн турш тэндээ бэлтгэл хийж, Хойд туйлыг зорихоор төлөвлөж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж, 15-нд аяллаа эхлүүлсэн билээ.  

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар МУГТ, олон улсын хэмжээний мастер уулчин Г.Өсөхбаяр Хойд туйлд аялахын тулд  нарийн төлөвлөлттэй бэлтгэл сургуулилт хийсэн юм. Г.Өсөхбаяр энэ өвлийг Туулын мөсөн дээгүүр явганаар чарга чирэх болон дугуйгаар аялж өнгөрөөсөн бөгөөд гуравдугаар сард Хөвсгөл далай дээгүүр нийт 125 км үргэлжлэх аяллыг хийсэн билээ. Энэхүү дугуйн аялал Хөвсгөл далайн хойд тал болох Ханхаас эхэлж яваад Хөвсгөл далайн дундах Модон хөх арал дээр хүрч байв. Энэ нь түүний  аялалд жинтэй хувь нэмэр оруулсан гэж Г.Өсөхбаяр хэллээ.

Эверестийн оргилд төрийнхөө далбааг хоёр удаа мандуулж, Монгол түмнийхээ хийморийг хурайлсан Өсөхөө гавьяат маань “Түмэн олноосоо сонгогдсон Төрийн тэргүүнийхээ санаачилсан ажлын үр дүнг баттай гаргахын төлөө хичээх ёстой. Энэ бол ард түмнээс надад даалгасан даалгавар” хэмээн мэдэгдсэн. Монгол түмний зоригт хүү Г.Өсөхбаяр Монгол улсын төрийн далбааг хойд туйлын 90 градусын төв цэгт мандуулахаар мөсөн тэнгис дундуур  алхам алхмаар урагшилж эхэллээ ...

 

Эверестийн зурагтай плакатнаас эхэлсэн уулчны мөрөөдөл

Готовдоржийн Өсөхбаяр 1978 онд Монгол Улсын иргэн болж төрсөн юм. Түүнийг 10 хэдэн настай байхад аавынх нь найз Эверестийн зурагтай плакат бэлэглэжээ. Өсөхбаяр Эверестийн орой хэсэгт Төрийнхөө далбааг наачихаад хэзээ нэгэн цагт “Энэ уулын оройд гарна” гэсэн зорилго тавьжээ. Тэр энэ зорилгодоо 2007 оны тавдугаар сарын 14-нд хүрч Дэлхийн ноён оргил Эверест /Өндөр 8850/ -ийн оргилд Төрийнхөө далбааг мандуулж байсныг бүгд мэднэ.

Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд уулын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2000 он гарч манайхан интернэт хэрэглэж эхэлснээр Эверестэд аялуулдаг компаниудтай холбоо тогтоож ямар үнэ ханштайг судалж эхэлсэн ба 2005 оноос Эверестэд хамт авирсан Д.Баярням, Р.Тулга хоёртойгоо холбогдож бэлтгэлээ базааж эхэлсэн байдаг.

Тэдний өгсөж байхад уулнаас том том чаргатай хүмүүс бууж ирэх бөгөөд чарганд амиа алдсан хүмүүсээ аваад буцаж байсан нь тэр байлаа. Ийм л үхэлтэй алхам тутамдаа тулгардаг аюулыг сөрж, тэрбээр эх орныхоо талбайг дэлхийн дээвэр дээр мандуулахаар авиралтаа үргэлжлүүлсээр байлаа.

Эверестийн оргил одоогийнхоосоо хоёрхон метрээр өндөр байсан бол хүн төрөлхтөн хэзээ гарч чадахгүй байсан гэх яриа байдаг. 8000 метрийн өндөрт хүнд хэрэгтэй хүчилтөрөгчийн ердөө гучхан хувь л байдаг. Тийм хүчилтөрөгчгүй орчинд хоолойгоор хоол давахгүй. Ам хөдөлгөх төдий шингэн юм л ууж 42 хоногийн авиралт хийж дэлхий дээвэр дээрээс “МОНГОЛ” гэж хашгирч чадсан бахархалт монгол хүү маань хойд туйлын хасах 40 градусын хатуу цаг агаартай тэмцэн урагшилж байна.

Г.Өсөхбаяр “Би ууланд авирахыг спорт биш гэж боддог. Жаран чавганц уралдахад нэг нь заавал түрүүлдэг. Тэгэхээр спортод  нэг нь заавал түрүүлж л таарна. Спортод хүн хүнтэйгээ тэмцэлддэг. Харин уулчид бол зөвхөн байгальтай тэмцдэг. Бүр үхэлтэй тэмцдэг” хэмээн ярьсан нь бий. Монгол түмнийхээ хийморийг бадрааж, Монгол хүний зориг тэвчээрийг гайхуулж байгаа Г.Өсөхбаяртаа амжилт ерөөе.

 

Түүний түүхэн авиралтууд

 

1.Бялуха /Өндөр 4600/ 2004.06.20-ны өдөр оргилд гарав.

2. Нинчин Тангла 2005.02.15-ны өдөр оргилд гарав.

3.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/ 2005.05.30-ны өдөр оргилд гарав.

4.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/ 2007.05.14-ны өдөр оргилд гарав.

5.Хойд Америкийн ноён оргил МАККЕНЛИ /Өндөр 6195/ 2008.07.08-ны өдөр оргилд гарав.

6.Африк тивийн ноён оргил КИЛИМАНЖАРО /Өндөр 5895/ 2009.02.22-ны өдөр оргилд гарав.

7.Европ тивийн ноён оргил ЭЛЬБРУС /Өндөр 5642 /2009.05.21-ний өдөр оргилд гарсан.

 

Б.Сандагдорж

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш