logo
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэнгүй

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэнгүй

2013/04/17

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2013.04.16/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

   Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн гарын үсэг зурсан саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан үндэслэлээ танилцуулсан юм.

   Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн М.Энхболд, “Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгч болон агентлагийн дэд даргыг томилсон шийдвэрээ энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхийн өмнөх өдөр хүчингүй болгож, ингэснээрээ Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрсөн болохыг огцруулах үндэслэлд дурсан байгаа. Гэтэл Түр орлон гүйцэтгэгч томилох тухай журманд өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргасан байснаа өнгөрсөн бямба гаригт хүчингүй болгосон гэж дууллаа. Энэ талаар тайлбар өгөөч. 1.5 тэрбум ам.долларын бондын хүү өсөх нөхцөл үүсээд байгаа юм байна. Ерөнхий сайдын хувьд үүнд ямар хяналт тавьж ажиллаж байгаа вэ” хэмээн асуусан.

   Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Үндсэн хууль зөрчөөгүй. 2004 онд Ардын нам, Ардчилсан нам хоёр хамтраад Засаг барьж байхад дөрвөн аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан. Энэ жишгийн дагуу хийсэн. Тагнуулын ерөнхий газрын дэд даргын томилгооны тухайд, Ерөнхий сайд нь нэг агентлагийн дэд даргыг томилох эрх бий. Хаврын чуулган эхлэхийн өмнө энэ Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн гэдэг цаас хэрэгтэй байсан учраас Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Хэний захиалгаар ийм үйлдэл хийгээд байгааг бид бүхэн мэдэж байгаа шүү дээ. Юуг нь нуудаг юм” хэмээн хариулсан. Бондын тухайд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын тайлбарласнаар бондын гаргасан хүү тогтмол байдаг бөгөөд “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын бондын хүү нь жилийнх нь 4.25 хувь бол 1 сая ам.долларынх нь хүү 5.25 хувь аж. Тогтмол хүүнд өөрчлөлт орохгүй, Монголбанк менежмент хийгээд явж байгаа хэмээн тэрбээр хэлсэн.

  УИХ-ын гишүүн Сү. Батболд, 2012 оны байдлаар эдийн засгийн өсөлт хоёр дахин буурсан гээд он гараад ямар өсөлттэй явааг лавлаж байлаа. Эдийн засгийн уналтыг хэрхэн дүгнэж байгааг Ерөнхий сайдаас тодруулсан.

  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сонгуулийн өмнө Тавантолгойгоос 350 сая ам.долларыг урьдчилан авч ард иргэдэд тараан олгосон. Оюутолгойгоос мөн 250 сая ам.долларын зээл авсан. Тавантолгойн 350 сая ам.долларын өрийг нүүрсээр дараад одоо 186 ам.долларыг төлөх үлдээд байна. Оюутолгойгоос авсан зээлийг бид төлөөд л явж байгаа гэсэн хариултыг өгсөн.

   УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд захирамжаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны өмнөхөн хүчингүй болгож, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө зөвшөөрч, нотолсон хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зөрчөөгүй, хуулиа барьж ажилласан гэсэн тайлбарыг өгч байлаа. Тэрбээр Үндсэн хууль зөрчсөн хүн болгон харагдуулах гээд байна гээд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан нэг ч удаа болоогүй, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гараагүй. Тийм болохоор Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй хэмээлээ.

   Тэрбээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хөтөлбөрийг Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа гээд чихэнд чимэгтэй сайн мэдээ дуулгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ерөнхий сайд шатахууны үнэ нэмэгддэг явдал удахгүй эцэс болно гээд ОХУ-ын талтай шатахууны үнийн асуудлаар ярилцаад шатахууны үнэ буурахаар гэрээ байгуулсан гэв. Түүнээс гадна анх удаа монголчууд “Монгол-93” нэртэй өөрийн орны газрын тосоор үйлдвэрлэсэн шатахуун хэрэглэх болж байгаа хэмээлээ. Одоо байгаагаас хямд үнэтэй “Монгол-93” шатахууныг дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс хэрэглэж эхлэх гэнэ. Түүнчлэн шатахууныг зөвхөн Орос, Хятадаас бус БНСУ-аас авч эхэлсэн болохоор шатахууны үнэ нэмэгдэх асуудал дахин гарахгүй гэж хэлсэн.

  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж гадны хөрөнгө оруулалт буурч байна гэж та хэлээд байгаа. Үнэндээ хуулиа сурталчилж, дагаж мөрдөх журмыг гаргаагүйгээс хөрөнгө оруулалт буурсан гэдэгтэй санал нийлэх үү гэж асуусан.

Үүнийг Ерөнхий сайд хэд, хэдэн шалтгаантай гэж тайлбарлав. Энэ хуулийг сонгууль явуулахаас нэг сарын өмнө баталсан нь хөрөнгө оруулалтад нөлөөлсөн. Гадны хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүссэн. Мөн урт нэртэй гэгддэг хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Банкин дахь хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн нөлөө ч бий. Үүн дээр түрүүн хэлсэн их хэмжээний зээл маш их нөлөөлсөн гэсэн хариултыг өгсөн юм.

  Нэр бүхий гишүүд Засгийн газар төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халж, хууль бус томилгоонуудыг хийж, хүний эрхийг ноцтой зөрчин ажилгүйдлийн тоог нэмсэн гэсэн үндэслэлийн талаар нэлээд тодруулан асуусан.

   Харин Ерөнхий сайд, Зүв зүгээр байсан хүнийг халсан зүйл огт байхгүй гээд мөнгө төгрөг идсэн уусан, авилга, хээл хахуультай холбоотой хүнийг ажиллуулах боломжгүй байсан гээд ийм асуудлыг өөгшүүлэхгүй хэмээв.

   Асуулт хариулт ийнхүү үргэлжлэн, дараа нь гишүүд саналаа хэлсний дараа Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон тус Байнгын хорооны 18 гишүүний хоёроос бусад нь дэмжсэнгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга А.Бакей чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш