Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадын танилцуулгаас үзэхэд 2012 онд гүйцэтгэлийн аудит 307, санхүүгийн тайлангийн аудит 3771, эрсдлийн буюу нийцлийн аудит 156, нийтдээ 4234 аудит хийжээ. Аудиторууд 70,5 тэрбум төгрөгийн акт тогтоож, үүний 33,9 хувийг хувийг онд нь багтаан хэрэгжүүлжээ.
Аудитын үр дүнгээр улс, орон нутгийн төсөвт 89,9 тэрбум төгрөг оруулсан байна. Төрийн аудитын байгууллагын санхүүжилтийн нэг төгрөгт ногдох үр өгөөж 2012 онд 44,80 төгрөг болж 15,3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Засгийн газар, төсвийн эрх баригчид, төсөл, хөтөлбөрийн болон төрийн өмчийн байгууллагын нийт 369 санхүүгийн тайланд аудит хийж, 340 байгууллагын санхүүгийн тайланд зөрчилгүй, 27 байгууллагын санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлт өгч, 2 байгууллагын санхүүгийн тайланд санал дүгнэлт өгөхөөс татгалзсан байна.
Тайлантай холбогдуулан байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, гишүүн Л.Эрдэнэчимэг, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат нар асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Төсвийн хөрөнгийн хэмжээ болон төрийн албан хаагчдын тоо өсөөд байдаг, үүнтэй холбогдон үр дүн ямар байгаа талаархи аудитын дүгнэлтийг үзмээр байна" гээд том төсөл, хөрөнгө оруулалтад аудит хийх хэрэгтэй гэсэн бол гишүүн С.Баярцог улсын төсвийн гүйцэтгэлд дүгнэлт гаргахдаа санал болон хуулинд ямар өөрчлөлт оруулах саналаа хамт гаргаж ирүүлж байх хэрэгтэйг хэллээ.
Л.Баярсайхан