Монгол орны зүүн урд хязгаар Сүхбаатар аймаг. Алтан овоо, Шилийн богд, Талын агуй, Торой Банди, Жаахан шарга, шилийн сайн эрс, аргамаг хурдан хүлгийн өлгий нутаг. Монголын Залуучуудын Холбооны баг Сүхбаатар аймагт таван хоногийн хугацаатай ажиллаад ирлээ. Бидний гол зорилго Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгчдийг сонгох, орон нутгийн залуустайгаа уулзаж, залуучуудын салбар зөвлөлийг байгуулах, цаашлаад эх орны дархан хилийг сахин хамгаалж байгаа хилчин цэргүүдийн нэг өдөртэй танилцах байсан юм. Биднийг Улаанбаатар хотоос хөдлөх үед цасан шуургатай, цаг агаарын хувьд таагүй нөхцөл байдал үүсээд байв. Хотоос холдохын хэрээр цасан шуурга улам ширүүсч, нөмөргүй газартаа таван метрийн цаадах зам харагдахгүй шахам хүчтэй шуурч байлаа. Гэсэн хэдий ч бид туршлагатай сайн жолоочдынхоо ачаар цаг алдалгүй явсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ирсэн юм. Бид цасан шуургыг дайрч урд нь гарч ирсэн болохоор энд цаг агаар тогтуун сайхан байх ажээ. Олон цаг тасралтгүй машинд сэгсрэгдэн бага зэрэг ядарч ирсэн ч маргааш нь болох Сүхбаатар аймгийн Залуучуудын Холбооны тэргүүлэгчдийг сонгох чуулганы бэлтгэл ажилдаа яаравчлан оров. Сүхбаатар аймаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжсөн нь шинээр баригдсан барилга байгууламж, хүн амынх нь амьжиргааны түвшинөөс илт мэдрэгдэж байлаа. Өнгөрсөн онд л гэхэд тус аймагт 2000 орчим өрх шинээр нэмэгдэж, малынх нь тоо толгой 700 мянгаар нэмэгджээ. Ингэснээр тус аймаг нэг хүнд ноогдох малынхаа тоогоор улсдаа хоёрдугаарт жагсч, одоогоор 17 мянган хүн энд амьдарч байна. Хот төлөвлөлт, шийдлүүд нь ихээхэн оновчтой бөгөөд ойрын жилүүдэд ард иргэдээ орон сууцжуулах, цаашлаад амралт чөлөөт цагийг нь өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, хөлбөмбөгийн стадион зэрэг олон зүйлүүдийг байгуулахаар ханцуй шамлан ажилдаа оржээ. Сүхбаатар аймгийн эмх замбараатай хот төлөвлөлтийг сансраас авсан зургаас бэлхнээ харж болохоор юм билээ. Өнгөрсөн сараас улс даяар хэрэгжиж эхэлсэн Тамхины тухай хуультай адилхан журмыг Сүхбаатар аймаг хоёр жилийн өмнөөс ИТХ-ын шийдвэрээрээ орон нутагтаа хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө өгч энд бараг л тамхины иш харагдсангүй. Оны эхээр тус аймагт Хууль зүйн яамнаас шалгалт хийж, ажлын хэсгийнхний нүд орой дээрээ гарах шахжээ. Учир нь энд ердөө гуравхан хэрэг бүртгэгдсэн бөгөөд тамхины хуулийг зөрчиж 50 мянган төгрөгөөр торгуулсан Улаанбаатар хотын иргэдийн зөрчил байж. Эдгээрээс нэг нь торгуулын мөнгөгүй учраас саатуулагдсан гэхээр Сүхбаатар аймагт хууль хэрхэн хэрэгжиж, үйлчилж байгааг харуулж буй мэт. Маргааш өглөө нь өчигдрийн замд бидэнтэй “найзалсан” цасан шуурга Баруун-Урт хотыг бүхэлд нь нөмөрч зузаан цасан хунгаруудыг бий болгожээ. Залуучуудын холбооны тэргүүлэгчдийг сонгох чуулган болсон “Шарга” кино театр Улаанбаатар хотын Тэнгис, Өргөөгөөс дутах юм огт алга. Энэхүү театрыг нурсан балгас болоод байхад нь шинээр засварлаж ашиглалтанд оруулжээ. Дэлгэцээр нь Улаанбаатар хотод үзэгчдийн мэлмийг мялааж буй “Дүүлэн нис” МУСК гарч байлаа. Үнийн хувьд Улаанбаатар хотод тус киног 8000 төгрөгөөр үзүүлж байгаа бол энд 5000 төгрөг байх аж. Ийнхүү чуулган эхэлж сум, багуудын төлөөлөл болсон 140 орчим залуус Шарга кино театрт цугларав. Уг нь чуулганд ойролцоогоор 180 гаруй төлөөлөгч ирэх байсан ч өнөөх гайхал шуурганаас болж зарим сумынхан цасанд боогджээ. Чуулганы үеэр Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн аймаг бүс нутгаа хэрхэн хөгжүүлсэн, цаашид ямар ажил хийх гэж буйгаа танилцуулсан илтгэлийг сонсоод бусад аймаг хотууд, бүр нийслэлд хүртэл авч хэрэгжүүлмээр олон шилдэг туршлага байгаа мэт санагдсан. Үүний дараа МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат өнгөрсөн болон энэ оны эхний саруудад хийсэн ажлуудаа тайлагнаж, цаашид юу хийх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Ийнхүү Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн болохын төлөө ажил үйлсээрээ манлайлж буй 21 залуу өрсөлдөж, Э.Төгөлдөр, Э.Хүрэлчулуун, С.Батчулуун, П.Сүхтогоо, Э.Тулга. М.Батсайхан, О.Лхагва-Эрдэнэ, У.Болдхүү, А.Лхагва-Очир, Ц.Мөнхчимэг, Ш.Хэрлэнтунгалаг, Э.Ушаандар, Д.Улаанаа, М.Мөнхсүх, М.Мөнхтулга, Э.Энхцэцэг, Г.Нарангарав нарын 17 залуу сонгогдлоо. Тэдний дундаж нас 25 бөгөөд эндээс Сүхбаатар аймгийн боловсон хүчин нийтээрээ залуужсан нь харагдаж байсан юм. Улмаар тэргүүлэгчдээр сонгогдсон 17 залуу хоорондоо хуралдаж, 117 хүний буюу нийт сонгогчдийн 84.8 хувийн санал авсан Сүхбаатар аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ий дарга Э.Төгөлдөрийг аймгийн Залуучуудын холбооны даргаар томилсон юм. Түүнчлэн Залуучуудын холбооны хяналтын зөвлөлийг Х.Баатарсүх, А.Алтаншагай, Н.Нармандах нарын гурван хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Ингэснээр Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгчид шижигнэсэн залуусаар цусаа сэлбэж, бидний хоёр дах өдрийн ажил дууссан юм. Харин маргааш нь биднийг өнгөрсөн оноос өрнөж, одоогийн байдлаар 9311 хүн, төрийн болон хувийн хэвшлийн 21 байгууллагыг нэгтгээд байгаа авлигын эсрэг “Би авахгүй, өгөхгүй” аянд Сүхбаатар аймгийн ЗДТГ, Газрын алба, Цагдаагийн газар, Татварын албыг нэгтгэх, мөн төр захиргааны байгууллагуудад залуучуудын зөвлөл байгуулах, Залуусын байгууллагуудад ажиллаж байсан ахмадуудтай уулзах болон “Залуу удирдагч” сангийн Сүхбаатар дах салбарыг байгуулах зэрэг олон ажлууд хүлээж байлаа. Баруун-Уртын шөнө тун амар амгалан тайван ажээ. Дэлгүүрүүд нь 23 цаг гээд л хаах бөгөөд согтуу хүн огт харагдахгүй аж. Зуны дэлгэр цагт иргэд нь Сүхбаатарын талбай дээрээ олноороо цугларан, нийтийн бүжиг зохион байгуулж, ойролцоо байрлах том дэлгэцээрээ хөлбөмбөг үздэг тухай оршин суугчид нь ярьж байлаа. Мөн тэд бямба гарагийн өглөө бүр бүх нийтийн гүйлт хийдэг гээд л олон авууштай үйл ажиллагаа зохион байгуулдаг аж. Дашрамд дурдахад МЗХ-ны дэргэдэх Залуучуудын спортын хороо “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр ирэх сараас эхлэн бямба гараг бүр бүх нийтийн гүйлт зохион байгуулж уламжлал болгон хэвшүүлэхээр болоод байгаа билээ. Ийнхүү бидний ажлын гурав дах өдөр эхэлж хамгийн эхэнд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай Залуучуудын холбооны ажлыг дэмжиж ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурав. Мөн энэ үеэр Сүхбаатар аймгийн ИТХ-ын дэргэд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар нь ИТХ-ын төлөөлөгч Д.Шижирбаатарыг сонгосон юм. Өмнө нь УИХ, Нийслэлийн ИТХ-д “Залуучуудын лобби бүлэг” байгуулагдаад байсан бол орон нутгийн ИТХ-аас Сүхбаатар аймгийнхан анхдагч нь болсноороо онцлогтой байлаа. Дараа нь МЗХ-ны багийнхан гурван хэсэгт хуваагдаж, нэгдүгээр хэсэг Сүхбаатар аймгийн залуучуудын байгууллагад ажиллаж байсан ахмадуудтай уулзаж, Ахмадын зөвлөл байгуулж тамга тэмдгийг нь ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Баасандоржид өгөв. Мөн Залуу удирдагч сангийн Сүхбаатар аймаг дах гэрчилгээ, тамга тэмдгийг ИТХ-ын дарга П.Мөнхжаргалд гардуулсан юм. Харин хоёрдугаар баг төлөвлөгөөний дагуу Сүхбаатар аймгийн ЗДТГ, Газрын алба, Цагдаагийн газар, Татварын албыг “Би авахгүй, өгөхгүй” аянд нэгтгэсэн бол гуравдугаар баг аймгийн сургуулиудад залуучуудын зөвлөл байгууллаа. Ингэснээр бидний Баруун-Урт хотод хийх ажил дуусч шилийн сайн эрсийн нутаг Дарьганга сум руу хилчин цэргүүдтэйгээ уулзахаар хөдөлсөн юм. Дээр хэлсэнчлэн орон нутгийн зам цасанд боогдож Баруун-Урт хотоос ямар ч машин Дарьганга сум руу гараагүй байлаа. Өмнөх өдрийн шуурганаар 20 хүүхэд авч Дарьганга руу гарсан машин сураггүй болсон гэх зэрэг олон таагүй мэдээ бидэнд сонсогдож байсан ч шахуу цагийн хуваарьтай байсан болохоор гарахаас өөр арга байсангүй. Дөрвөн зүг найман зовхист толгой эргүүлэм салаалан байдаг орон нутгийн олон замууд бүгд цасанд дарагдан харагдахааргүй болжээ. Баруун-Уртаас 60 километрын зайд байдаг “Жарийн даваа”-г давтал өнөөх 20 хүүхэд суулгаад сураггүй болсон машинаас авхуулаад 10 орчим машин цасанд суусан байлаа. Аз болоход ойрхон айл байсан учраас хүүхдүүдийг дааруулалгүй өөр машинд суулган аюулгүй газар хүргэж өгсөн байв. Бид ч цасанд суусан машинуудыг боломжоороо татан гаргаж, цааш хөдөлсөн юм. Замд дөнгөж төллөсөн мал, хийморь сэргээсэн адуун сүрэг, хурга, ишиг, цагаан зээр гээд л сэтгэлд нэг л дотно дүр зураг олон харагдаж байв. Ийнхүү бид адал явдлаар дүүрэн явсаар Дарьганга суманд нар жаргаж, сар дээр гарсан үед ирлээ. Энд биднийг Хилийн цэргийн 0184 ангийн отрядын дарга дэд хурандаа Ц.Одбаяр угтан авч Дарьганга сумын төвөөс 50 километрын зайд орших Ламтын застав руу дагуулж явав. Ламтын застав руу явах зам цасанд мэдэгдэхээргүй болтлоо дарагдсан учраас шууд шинээр зам гарган явахаас өөр аргагүй байлаа. Ийнхүү бид ахлах дэслэгч Б.Эрдэнэбулган даргатай Ламтын застав дээр ирж хилчин цэргүүдтэйгээ нэгэн үдшийг дуу хуур, тоглоом наадамтай хөгжилдөн өнгөрөөсөн юм. Ламтын застав мотороор цахилгаан гаргадаг аж. Харин ундны усны хувьд ихээхэн асуудалтай. Ойролцоогоор 40 орчим километр газраас усаа татдаг бөгөөд байшингуудынхаа дулааныг нам даралтын зуухаар хангадаг байна. Заставд ойролцоогоор цэрэг ахлагч, тэдний гэр бүлийнхэн нийлсэн 30 орчим хүн байх бөгөөд хүмүүсийн талаар тодорхой тоо өгч болдоггүй аж. Яагаад гэвэл энэ нь цэргийн нууцад хамаардаг зүйл юм. Тэд өөрсдийн нөхцөл бололцоогоор бяцхан урлагийн танхим байгуулжээ. Эндээ чөлөөт цагаараа хөлсөө гартал бүжигэлдэг гэж заставын дарга ахлах дэслэгч Б.Эрдэнэбулган хэлж байв. Бид багтаа СУИС-ийн оюутан авьяаслаг гурван залуу дуучинг дагуулж явсан бөгөөд эх орны дархан хилийг сахин хамгаалж буй хилчин цэргүүдэд бяцхан урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм. Мөн цэргүүдтэйгээ хамт цэнгээнт, диско бүжиг бүжиглэж, басхүү хөнжөөнтэй тэмцээн зохиогоод амжлаа. Ийнхүү бид үдшийн гурван цаг хүртэл хилчин цэргүүдтэйгээ хамт байж маргааш очих Шилийн богд уул болон Монгол улсын дархан хилийн 999-дүгээр багана руу явах бэлтгэлээ базаалаа. Хоёр цаг орчим нүднийхээ хорыг гаргасны дараа Шилийн богд уул руу нар мандахаас өмнө хөдөлж орой дээр нь гаран хийморь лундаагаа сэргээв. Шилийн богдын орой дээрээс ойролцоох 180 гаруй галт уулыг тоолж болдог ажээ. Ийнхүү бид Шилийн богдоос уруудан хилийн 999 дүгээр багана дээр ирлээ. Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон хилийн багана Баян-Өлгий аймгаас эхлэн дугаарлагдаж Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт 999 дүгээр багана ирдэг байна. Монголчуудын хувьд 999 гэдэг тоо асар их бэлгэдлийн чанартай билээ. Тиймээс л Ламтын заставынхан төдийгүй Хилийн цэргийн 0184 ангийнхны бахархал болсон биз ээ. Хилийн баганы зургийг авах хориотой байдаг бөгөөд хоёр улсын хоорондын бүсэд байрлах аж. Эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа болсон хилийн багана дээр ирээд зогсоход ёстой л нөгөө хамрын самсай шархирахгүй байхын аргагүй гэдэг шиг үгээр тайлбарлашгүй сайхан мэдрэмж авдаг юм билээ. Ийнхүү бид хилийн манаа хийж яваа хоёр цэрэгтэй уулзсан юм. Тэднээс алба хаах ямар байгааг асуухад үнэхээр сайхан байгаа гэдгээ дуу нэгтэйгээр хэлж байв. Хилчин цэргүүдтэй уулзаж дурсгалын зураг татуулсны дараа бид хилийн цэргийн харуулын байраар зочиллоо. Эзгүй газар ганцаар байрлах ногоон байшин содон харагдах бөгөөд доторх тохижолт нь чамин хээнцэр аж. Гаднах талбайгаа гарын доорх материалаар тохижуулж, ЗИЛ-130 машины обудаар штанг хийжээ. Ийнхүү бид Монгол орны дархан хилийн амгалан тайван байдлыг өөрсдийн нүдээр харж, зоригт хилчин залуустайгаа уулзсаны дараа Ламтын застав дээр эргэн ирж Хилийн цэргийн 0184 ангийн отрядын дарга дэд хурандаа Ц.Одбаяр, Ламтын заставын захирагч Б.Эрдэнэбулган тэргүүтэй хилчиддээ “Тэргүүний хилчин” алтан медалиа гардуулж, мөн тэдний арын албыг хариуцдаг залуусыгаа “Тэргүүний залуу” алтан медиалаар шагнав. Ингээд бидний ажил энд хүрээд дуусч хэсэгхэн хугацаанд байсан хэрнээ маш их ойр дотно болсон хилчин цэргүүдтэйгээ салах ёс гүйцэтгэж Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоо залсан юм. МЗХ-ны хамт олон зургадугаар сарын 1-нээс өмнө 21 аймгаар тойрч, орон нутгийн залуустайгаа уулзах, цаашлаад аймаг бүрт залуучуудын зөвлөл, ИТХ-ын лобби бүлэг байгуулахаар ажиллаж байна. 21 аймгаар явж Залуучуудын холбооны чуулган зохион байгуулна гэдэг хүндхэн хэрнээ сайхан ажил. Наран зүүн зүгээс манддагийн адил бид Сүхбаатар аймгаас ажлаа эхэлсэн нь бэлгэдэлийн чанартай билээ. Бидний энэхүү ажил эх орны зүүн урд хязгаар, наран ургах зүгийн Сүхбаатар аймгаас амжилттай эхэллээ. Тиймээс дараа дараагийн аймгуудад бусад аймгуудын шинэлэг бүтээлч санааг дайн очиж, Монголын залууст өр өгөөжөө өгч болох бүхий л боломжуудыг олгохоор МЗХ-ны “Жиргээ” хар азарга давхиж явна.
Бэлтгэсэн: С.Батхуяг
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин
Бэлтгэсэн: С.Батхуяг
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин