Хятад Улс төмөр замын сайд асан Liu Zhijun-г авлигын хэрэгт буруутгаж байна. Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл Синхуа агентлагийн мэдээлснээр Төмөр замын сайд асан Liu Zhijun-г авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаад байна гэжээ. Сайд Liu Zhijun нь өнгөрсөн 5 дугаар сард Коммунист намаасаа хөөгдсөн юм. Хятадын хурдан галт тэрэгний хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцаж байсан ноён Liu нь хууль бусаар хөрөнгө завшсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа юм. Түүнийг хурдан галт тэрэгний төслийн гэрээг байгуулахдаа их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутгаад байгаа юм. Синхуа агентлагийн мэдээлснээр, ноён Liu-ийн эсрэг баримтууд энэ лхагва гарагт Бээжин хотын шүүхэд шилжсэн гэжээ. Синхуа нэмж дурдахдаа “төрийн албан хаагчийн хувьд ноён Liu нь ашиг хонжоо хайгчдад туслахаар албан тушаалаа ашигласан, бусдаас хууль бусаар хөрөнгө авсан” гэжээ.