logo
Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа

Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа

2013/04/18

Монголбанк 1 долоо хоногтой 141.3 тэрбум төгрөгийн ТБҮЦ /Төв Банкны үнэт цаас/-ыг 11.50% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2013 оны 04-р сарын 17-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 265.8 тэрбум төгрөг болжээ.

 ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм байна. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоож бодлогын зорилтот хүү уг арилжааны голч хүү байх юм. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд банк хоорондын захыг хүүг үйл ажиллагааны зорилт болгон ажиллах суурь нөхцлийг бүрдүүлэх болно гэж Монгол банкныхан үзэж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш