logo
Дахиварын үйлдвэрт мянга гаруй ажлын байр бий болно

Дахиварын үйлдвэрт мянга гаруй ажлын байр бий болно

2013/04/19
Багахангай дүүрэгт өнгөрсөн оны долдугаар сард шаваа тавьсан “Ахуй мандал” дахиварын үйлдвэр өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ. Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй гол асуудал бол хог хаягдал юм. Энэхүү хог хаягдлыг багасгахаар “Алтан оршихуй” компани 2011 оноос эхлэн ажиллажээ. 

Тэд “Нарангийн энгэр” хогийн цэгт жилд хаягдаж буй 400 мянган тонн хог хаягдлын 20 орчим хувь нь хуванцар байгааг судалжээ. Тиймээс тус үйлдвэрийн гол түүхий эд нь байгальд үл шингэх хуванцар хог хаягдал, бүх төрлийн резин, дугуй, ажилласан тос юм. “Ахуй мандал” дахиварын үйлдвэр хоногт 10-12 тонн ажилласан тос, 10-15 тонн дугуй болон хуванцар хог хаягдлыг боловсруулан өдөртөө 7-8 тонн “Евро-4” стандартын дизель түлш, автобензинийг үйлдвэрлэнэ.

Дахиварын үйлдвэрийн нээлтэд ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Бат-Эрдэнэ, Ц.Буяндалай нарын албаны хүмүүс оролцсон юм. ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл нээж хэлэхдээ,“Шинэчлэлийн Засгийн газар “Үйлдвэржилтийн шинэ эрин” гэсэн хөдөлгөөн өрнүүлж байна. Эл хөдөлгөөнтэй хөл нийлүүлэн алхаж анхдагч үйлдвэрийн тоог нэгээр нэмж байгаа “Ахуй мандал” дахиварын үйлдвэрийн хамт олонд баяр хүргэе. Нэг үйлдвэр баригдахаар бөөрөнд нь олон үйлдвэрүүд бий болдог. Тиймээс Багахангай дүүрэгт шинэ үйлдвэрүүд сүндэрлэж ажлын байр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. “Алтан оршихуй” ХХК импортын бүтээгдэхүүнийг орлох нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь сайн хэрэг. Дээр нь хог хаягдлыг багасгаж байгаль орчинд ээлээ үзүүлж байгаагаараа бусдаас давуу талтай юм. 2,6 тонн жинтэй “Белазь” машины хаягдал дугуйнаас тросс, тос шатаах материал газ, идэвхжүүлсэн бүтээгдэхүүн гарна. Тиймээс үүнийг боловсруулан байгальд хор хохирол үзүүлэхгүй шатахуун гаргаж буйд таатай байна”гэв.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Бат-Эрдэнэ,“Алслагдсан дүүрэгт дахиварын үйлдвэр байгуулж буй нь нийслэлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна.Улаанбаатар хотоос өдөртөө 1500 орчим тонн хог хаягдал гардаг. Энэ хог хаягдлыг тодорхой хэмжээгээр багасгаж байгаа нь сайн хэрэг юм. НЗДТГ-аас хог хаягдлыг дахин боловсруулахад анхаарч энэ төрлийн үйлдвэрүүдийг бодлогоор дэмжихэд анхаарч байна хэмээн онцоллоо.

Дотоодын зуун хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тус үйлдвэр нь БНХАУ-аас техникээ оруулж иржээ. Олон улсад хэдийнээ танигдсан дахиварын эл үйлдвэрийг гурван тэрбум төгрөгөөр босгожээ. Одоогоор тус үйлдвэрт 30 гаруй хүн ажиллаж буй бөгөөд хэтдээ 1000 орчим ажлын байрыг шинээр бий болгох юм байна. Ийнхүү хаа сайгүй хөглөрч байдаг гялгар уут, урд хөрш рүү гаргадаг хуванцар сав хог биш бүтээгдэхүүн болон гарч эхэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш