logo
Ж.Баярцэцэг: Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл хоёр дахин нэмэгдсэн

Ж.Баярцэцэг: Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл хоёр дахин нэмэгдсэн

2013/04/19
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, энэ сарын 15-ны өдрөөс  мөрдөж эхэллээ. Энэ хуулиар ямар асуудлыг зохицуулах вэ?

-Улс орны тогтвортой хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч нь эрх зүйт ёс хэрэгжиж, хууль дээдэлдэг байх, тэр дундаа хүний эрхийг хамгаалж, баталгаажуулдаг хараат бус шударга шүүхийн тогтолцоо юм. Шүүхийн шинэтгэлийн чухал хэсэг нь эрх зүйн үйлчилгээ үзүүлж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч хуульчид байдаг.

 

Энэ хүрээнд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт, баримтлах зарчим, шаардлагуудыг тодорхой болгох, хариуцлагын үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх, мэргэжилтний хараат бус ажиллах нөхцөл, дуу хоолой төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ бий болсон учраас өнгөрсөн онд УИХ-аас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

-Мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу хуульчдын холбоо нь ямар чиг үүрэгтэй вэ. Холбооны гишүүн болоход ямар нэгэн шалгуур, шаардлага тавьж байгаа юу?

-Олон улсын нийтлэг жишигт хуульчийн мэргэжил, эрх зүйн үйлчилгээг төрийн зохицуулалтаар шийдвэрлэхээс аль болох татгалзаж, мэргэжлийн өөрөө удирдах ёс, өөрийн зохицуулалтанд даатгах чиглэлд хөгжиж байна. Шинэ хуулийн үзэл баримтлал ч хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны зохицуулалтын хэлбэрийг сонгож, өмнө нь төрийн байгууллагууд хэрэгжүүлдэг байсан тодорхой чиг үүрэг, эрх мэдлийг мэргэжлийн өөрөө удирдах байгууллагад шилжүүлэхээр тусгасан. Тухайлбал, мэргэжлийн шалгалт, тусгай зөвшөөрөл олгох, цуцлах мэргэжлийн стандарт дүрэм батлах, сахиулах, холбогдох өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх, хариуцлага тооцох, хуульчдын үргэлжилсэн болон бусад сургалт, хууль зүйн дээд боловсролын магадлан итгэмжлэл хийх, хуульчдын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах, гишүүдэд болон нийтэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн шинэтгэлд оролцох, стратегийн өмгөөлөл, маргаан шийдвэрлэх альтернатив аргуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргүүдийг хүлээж ажиллана. Эдгээр чиг үүргүүдээс мэргэжлийн үйл ажиллагааны стандарт сахиулах, тусгай зөвшөөрөл олгох цуцлах, боловсрол, сургалтын чиг үүргүүдийг төрийн байгууллагуудаас шилжүүлж авч байгаа бол мэргэжлийн үйл ажиллагааны стандарт батлах, мөрдүүлэх, хариуцлага тооцох, хууль зүйн туслалцаа хүргэхэд дэмжлэг үзүүлэх, нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх зэрэг чиг үүрэг нь тодорхой зохицуулалтгүй, нэгдсэн байдлаар, үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байсан.

Холбооны гишүүн болох тухайд, хуульчийн гэрчилгээ эзэмшигч бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль үйлчилж эхэлснээс хойш 90 хоногийн дотор хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ өргөдлийн маягтын дагуу гаргасан хүсэлт, хуульчийн гэрчилгээний эх хувь, хэрэв шуудангаар ирүүлэх бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл хийлгэж Хууль зүйн яаманд ирүүлнэ. Хэрэв шинэчилсан бүртгэлээ хийлгэхгүй бол хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болно.

 -Гадаадын хөрөнгө оруулалттай хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд яах вэ?

 -Одоогоор Монголд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай арав гаруй аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн хувьд тусгайлан журам боловсруулах ажил хийгдэж байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан зургаан сарын шилжилтийн хугацаанд одоогийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэхэд ямар нэг асуудал үүсэхгүй.

 -Сүүлийн үед гэмт хэргийн гаралт нэмэгдсэн тоо баримт байна. Энэ нь бодитой тоо юу?

-Гадуур гэмт хэргийн гаралт 80 гаруй хувиар өссөн гэдэг мэдээлэл цацагдаж байна лээ. Энэ бол бодитой тоо биш гэдгийг хэлье. Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд цагдаагийн байгууллагад 6165 гэмт хэрэг бүртгэгэдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 377 хэргээр буюу 6,5 хувиар өссөн үзүүлэлт гарсан.

-Тухайлбал, ямар төрлийн гэмт хэрэг өссөн байна вэ?

-Нийгмийн аюулгүй байдал, ёс суртахууны эсрэг, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, өмчлөх эрхийн, шүүн таслах ажиллагааны, аж ахуйн, хүний эрх, эрх чөлөө, алдар нэр хүндийн эсрэг үйлдэгдсэн хэргүүд хоёр дахин өссөн байна. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, албан тушаалын, байгаль хамгаалах журмын, хүн ам, эрүүл мэндийн, цэргийн албаны, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 81.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

-Гэмт хэргийн илрүүлэлтийн тухайд өссөн үү, буурсан уу?

- Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 47.9 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан. Гэхдээ хөнгөн хэргийн илрүүлэлт 3.5, хүндэвтэр хэргийнх 4.2 хувиар буурсан ч хүнд 9.3, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 1.6 хувиар өссөн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш