logo
“Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгуулж 1000 гаруй хүн оролцоо

“Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгуулж 1000 гаруй хүн оролцоо

2013/04/19

ЭМЯ-наас Эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа. Өдөрлөг өглөөний 10:00 цагт эхэлсэн бөгөөд ЭМЯ-ны ажилтнууд, яамны харьяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газрын удирдлага, албан хаагчид өөрсдийн ажлын байрнаас алхаж Сүхбаатарын талбай дээр ирсэн бөгөөд идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчилсан юм. Тус өдөрлөгөөр идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдрахын үндэс гэдгийг тайлбарлан сурталчилахаас гадна эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид энэхүү ажлыг өөрсдөөсөө эхлүүлэхээр шийдэж, идэвхтэй оролцсон байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ хүн дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлснээр зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, биеийн жингийн илүүдлээс сэргийлэх бүрэн боломжтой гээд, ард иргэдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байж, хийн дасгал тогтмол хийж байхыг уриалсан юм. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Хийн дасгалын 1000 хүний үзүүлбэр” зохион байгууллаа. “Биеэ тэтгэх”, “Биеийн шүлэглэл” гэж нэрлэгддэг хийн дасгал нь аливаа өвчнөөс сэргийлэн, биеийг чийрэг, өвчнийг эмчлэн эрүүлжүүлэх ач холбогдолтой бөгөөд манай улсын хувьд 2000 оноос хөгжиж эхэлсэн боловч хичээллэгсдийн тоо харьцангуй цөөн байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь 2007 оноос эхлэн хийн дасгалыг эмнэлгийн эмч, ажилчид болон дүүргийн ахмадуудад зааж эхэлсэн байна.

Өдөрлөгт зориулж охидын цэнгээнт бүжгийн хамтлаг хүрэлцэн ирж уран бүтээлээсээ толилууллаа. Үүний дараа талбай дээр цугласан албан хаагчид ажлын байрны дасгал хийж алжаалаа тайлсан юм. Өдөрлөгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, тус яамны газар, хэлтсийн дарга, албан хаагчид болон эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд, анагаахын чиглэлээр суралцдаг оюутан залуус, ахмад настнууд зэрэг 1000 гаруй хүн оролцов. Бүтэн нэг цагийн турш үргэлжилсэн “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг таниулсан, зөв амьдралын хэв маягийг сурталчилсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө хэмээн өдөрлөгт оролцогчид хэлж байлаа.

Эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Амьдралын зөв хэв маягийг сонгоё” сэдэвт өглөөний алхалтыг зорилтот бүлгүүдийн дунд хийж эхэлсэн бөгөөд эхний алхалтыг архинаас татгалзаж байгаа залуучуудтай хамт зохион байгуулсан. Цаашид бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, төрийн албан хаагч эмэгтэйчүүд, цаашилбал улс орон даяар нэг өдөр зэрэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш