logo
85 хүний бүрэлдэхүүнтэй баг хөдөө орон нутгийг зорино

85 хүний бүрэлдэхүүнтэй баг хөдөө орон нутгийг зорино

2013/04/20
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ 30 жилийн дараа зүүн аймгуудад очиж тоглолтоо толилуулахаар болжээ. Уг тоглолтоороо Монгол урлагийн гайхамшиг төдийгүй шилдэг уран бүтээлийн дээжис концерт мөн бяцхан дуу нартаа зориулан “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг тус тус хүргэхээр зэхэж байгаа гэнэ. Тоглолт энэ сарын 20-иос Багануур дүүргээс эхлэх аж. Төрөөс баримталж байгаа соёлын бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ жил  үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хөдөө орон нутгийн үзэгчиддээ соёл урлагаар үйлчлэх ажлыг эрчимжүүлж байна. Тэд энэ удаад нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй 85 орчим хүн орон нутгийг зорьж байгаа аж. Тус чуулга энэ оны уран бүтээлийн аялан тоглолтоо зүүн аймгуудаас эхэлж байгаа юм. Чуулгын үндэсний хөгжмийн их найрлын 30 хөгжимчин, 30 бүжигчин, 7 дуучид болоод бусад уран бүтээлчид оролцож байна. Тухайлбал ардын жүжигчин морин хуурч Батсайхан, ардын жүжигчин Самбуу, гавьяат жүжигчин Даваахүү, Амгалан, Сийлэгмаа бүжигчин Даваахүү гээд ард түмний хайртай олон уран бүтээлч та бүхэнтэй учран золгох гэж байна. ҮДБЭЧ-ын энэхүү тоглолт Багануур дүүрэгт 4-р сарын 20, 21-нд тоглогдох бол Хэнтий аймгийн Өндөрхаанд 4-р сарын 22, 23, 24-нд Дорнодын Чойбалсанд 26, 27, 28-нд, Сүхбаатар аймгийн Баруун-Уртад 29, 30, 5-р сарын 1, 2-нд тоглож Хэнтийн Бор-Өндөрт 5-р сарын 3, 4-нд тус тус уран бүтээлээ үзэгчиддээ тоглохоор урьдчилан төлөвлөөд байгаа ажээ.
Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш