Нийслэл хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 4 сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд 04 -р сарын 20-нд “Бүх нийтийн их цэвэрлэгээ” хийлээ. Батлагдсан удирдамжийн дагуу нийслэлийн ЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын албан хаагчид, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, оршин суугч, иргэд хаврын их цэвэрлэгээнд хамрагдлаа. Их цэвэрлэгээний үеэр нийслэлийн төр захиргааны албан хаагчид хуваарийн дагуу цэвэрлэгээ хийсэн бол аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн ойр орчмын зам талбайг, оршин суугч иргэд орц, цэцэрлэг, тоглоомын талбай, хашаа, гудмаа цэвэрлэжээ. Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс хяналт тавин ажилласан бөгөөд идэвхигүй оролцсон аж ахуйн нэгжид хариуцлага тооцно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.