logo
Эмийг хоолны өмнө уух уу, дараа нь уух уу?

Эмийг хоолны өмнө уух уу, дараа нь уух уу?

2013/04/22
- Таны ууж байгаа эм  ямар сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг мэдэх үү? -

Парацетамолийг өндөр тунгаар хэрэглэх нь элэгний үйл ажиллагаанд сөрөг үр дагавартай. Тетрациклинийг мөн их хэмжээгээр уувал шүд, ясанд нөлөөлдөг бол Гентамицин, Стрептоцинын их тун сонсгол муутгах аюултай. Түүнчлэн та бид гэдэс хямрахад хамгийн түрүүнд сонгон хэрэглэдэг фталазолыг олон улсад хэрэглэхээ болиод таван жил болжээ.

“Эм бол хор” гэж бид ярьдаг. Эмийг буруу хэрэглэвэл ямар ч сөрөг үр дагавар гарч болохыг дээр дурьдсан жишээнээс харж болно. Ялангуяа бид хүүхэд, багачууддаа өгөх эм, тарианд заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эмнээс үүдэх хор уршиг, сөрөг нөлөөллийг мэддэг байх ёстой.

АНТИБИОТИК ИХЭЭР ХЭРЭГЛЭХ НЬ АШИГТАЙ НЯНГ УСТГАЖ ДАРХЛААГ БУУРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ

Бичил нянгийн гаралтай буюу антибиотик нь нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл бөгөөд нянгаар үүсгэгдсэн өвчний үед эмчийн зааврын дагуу туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Хэн нэгэн хүний зөвлөснөөр болон өөрөө дур мэдэн бүү хэрэглээрэй.

Антибиотикийг заасан хугацааны туршид гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож тухайн антибиотикт дасалтай болдог.

Түүнчлэн антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.

Гентамицин, канамецин, стрептомицин, эритромицин, кларитромицин зэрэг антибиотикуудыг удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэхэд сонсголд муугаар нөлөөлдөг сөрөг талтай.

Манай иргэдийн дунд  антибиотикийг буруу хэрэглэх нь түгээмэл байдаг. Тухайлбал, өвчин тусмагц хурдан эдгээхийн тулд, мөн ханиад томууны үед хэрэглэх нь нэлээд түгээмэл байдаг. Гэтэл антибиотик нь бүх өвчнийг эдгээдэггүй. Учир  нь өвчний үүсгэгчид нь янз бүр байдаг бөгөөд антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг. Харин ханиад томуу нь вирүсээр үүсгэгдсэн байдаг тул антибиотик нь энэ өвчнийг эдгээдэггүй байна.

ЭМИЙГ ХООЛНЫ ӨМНӨ УУХ УУ, ДАРАА НЬ УУХ УУ?

Худалдаж авсан эмээ бид хэрхэн хэрэглэх талаар зохих мэдээлэл тун бага. Үйлдвэрээсээ зориулалтын капсултай эмүүд ихэвчлэн хүний амны хөндий, шүдийг хамгаалах зориулалттай байдаг. Гэвч Монголчууд түүнийг нь капсулаас нь салгаад уучихаар тухайн эм шүдэнд муугаар нөлөөлөхөөс гадна зохих үйлчлэл нь буурах талтай.

Эмийг хоолны дараа болон өмнө хэрэглэх хоёр үндсэн горимтой. Ихэнх шахмал, капсул, үрэл зэрэг хатуу эмийн хэлбэрүүд нь ходоодны хүчлийн нөлөөгөөр уусмал байдалд шилжиж байж сая гэдэсний ханаар шимэгдэн цусанд орох тул дийлэнх эмийг өлөн үедээ буюу хоол идэхээсээ 20-30 минутын өмнө ууж занших хэрэгтэй. Гэхдээ өлөн үедээ ууж болохгүй эмнүүд бас бий. Үүнд аспирин, диклофенак зэрэг эмийг өлөн үедээ уувал ходоод гэдэсний салстыг цочроож дотор муухайрахаас гадна ходоодны салстыг гэмтээн шархлаа хүртэл үүсгэх магадлалтай гэнэ. Хоол шингээх бэлдмэлүүдийг харин хоол идэх үедээ ууж занших хэрэгтэй.

Тиймээс та уух гэж байгаа эм, витамин, бэлдмэлийн заавартай сайн танилцах хэрэгтэй. Хэрвээ энэ талаар заавар байхгүй бол холбогдох мэргэжлийн эмчээс өөрийн эрүүл мэндийн төлөө заавал зөвлөгөө авч заншаарай.

Түүнчлэн эм нь зарим хүнсний бүтээгдэхүүнтэй харилцан нөлөөлснөөс үйлчлэл эерэг, сөрөг үр дагавар үзүүлдэг. Тухайлбал, эмийн үйлчлэл согтууруулах ундаа, тамхи хэрэглэсэн үед буурах тохиолдол байна. Мөн жимсний шүүсний хүчиллэг чанар нь пенициллин мэтийн антибиотикийн үйлдлийг бууруулдаг бол сүүн бүтээгдэхүүн тетрациклины үйлдлийг саармагжуулдаг байна. Иймд эмийг зөвхөн цэвэр ус, буцалгасан усаар даруулж уух нь зүйтэй.

ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ХОРИГ СУЛ ХӨГЖСӨН БАЙДАГ ТУЛ СЭТГЭЦ НӨЛӨӨТ ЭМҮҮД ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ

Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэсэн эм нь эхийн цус, сүүгээр дамжин хүүхдэд төрөл бүрийн сөрөг нөлөө үзүүлж байна.  Мөн жирэмсэн болмогц биед боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр арьс, биеийн гадаад хэлбэр, зан харьцаанаас гадна эрхтэн системийн үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн улмаас эмийн шимэгдэлт, тархалт, ялгаралт өөрчлөгддөг. Иймээс жирэмсэн үед эм хэрэглэхдээ туйлын болгоомжтой хандах ёстой.

Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

Тухайлбал, гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог.

Нярай болон бага насны хүүхдэд эмийн үйлдэл насанд хүрсэн хүнээс ялгагдах онцлогтой байдаг. Хүүхдийн биеийн жин бага, эрхтэн системийн үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул зарим эмийг бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглодог.

Хүүхдийн ходоодны хүчилжилт сул, цөсний хүчлийн ялгаралт бага байдаг тул эмийн уусалт муу явагддаг учир ходоод гэдэсний замаас харьцангуй удаан шимэгддэг. Түүнчлэн арьс нь нимгэн, судасжилт сайтай байдгаас арьсанд хэрэглэсэн эм ерөнхий үйлдэл үзүүлдэг учраас тосон түрхлэгийг түрхэхдээ ихээхэн талбай эзлүүлэн түрхэж болохгүй.

Мөн хүүхдийн тархины хориг сул хөгжсөн байдаг тул сэтгэц нөлөөт эмүүд хүчтэй нөлөөлдөг.  Хүүхдийн биеийн онцлогоос хамааран хэрэглэх эм, тун хэмжээг нарийн тогтоох шаардлагатай тул эмийг дур мэдэн өгч болохгүй, заавал эмчийн заавраар өгөх хэрэгтэй.

Хүүхдэд  аспирин уулгах нь тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг байна. Иймд эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг.  Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юм уу эмчээс найрлаганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй.

Хүүхэд ханиад, томууны үед  дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурын зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй байдаг байна. Бөөлжилтийн эсрэг эм нь олон эрсдлийг дагуулж байдгаас гадна өвчнийг хүндрүүлж ч болзошгүй юм.

Халуун болон өвчин намдаахын тулд парацетамолын найрлагатай эмүүд байдаг гэвч хүүхэддээ дан парацетамолыг өгч болохгүй юм байна.  Эмч л зөвлөсөн үед парацетамол болон Имопурофен /өвчин намдаагч/ агуулсан эмийг хэрэглүүлээрэй.

Иргэд ургамлаас гаргаж авсан цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэхээр чанартай бүтээгдэхүүн гэж ойлгох хандлага байдаг. Гэтэл  ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ихэнхдээ харшлын шалтгаан болж байдгаас гадна элгийг гэмтээх болон цусны даралтыг ихэсгэж байдаг сөрөг талтай ажээ. Тун хэтрэх буюу буруу эмтэй холисон тохиолдолд үхэлд ч хүргэх аюултай. Хүүхэддээ ургамлын гаралтай зүйлсийг хэрэглүүлэхээсээ өмнө эмчтэйгээ сайн зөвлөөрэй.

ТА ЭМНҮҮДЭЭ ХААНА ХАДГАЛДАГ ВЭ?

Хэрэглэхээ больсон эмээ та заавал шалгаж нягталж хугацаа нь дууссан бол бүрэн устгаж хаяж байна уу. Гал тогоо, угаалгын өрөө, цонхон дээр эм хадгалах тохиромжтой бус юм. Учир нь дээрх өрөө болон орчин нь байнгын чийг, дулаан ялгарч эмийн чанарыг алдагдуулж байдаг.

Эмийн хугацаа, нэр, үйлдвэрлэсэн улс, үйлдвэрийн нэр арилсан, алга болсон бол тус эмийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Түүнчлэн эмийн санд найруулсан уусмал эмийг дөрөв хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй юм байна.

МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАГДСАН ЭМНҮҮД

Эмийг олон шалтгаанаар бүртгэлээс хасдаг байна. Үйлдвэрлэгч тухайн зах зээлийг голох, эсвэл тухайн эмнээс гаж нөлөөлөл илэрсэн тохиолдолд нөгөөтэйгүүр бүртгэлийн хугацаа дууссан тохиолдолд эмийг улсын бүртгэлээс хасдаг байна.

Түүнчлэн эмийн гаж нөлөө илрээгүй ч түүний дараагийн үе шат бүхий сайжруулсан эм гарсан тохиолдолд эмийг бүртгэлээс хасах тохиолдол бий. Дээр дурьдсан фталазол болон бусад Монголчууд өргөн хэрэглэдэг эмнүүдийг хөгжил өндөртэй орнууд олныг хамарсан гаж нөлөөнөөс бус ихэнх тохиолдолд түүнээс илүү сайн эм шинээр бий болсонтой холбоотойгоор улсын бүртгэлээсээ хасдаг байна.

Эрүүл мэндийн яамны энэ сайтад Монгол улсад бүртгэлтэй бүх эмийн жагсаалт байгаа бөгөөд та өөрийн хэрэглэж байгаа эмийн талаарх мэдээллийг эндээс харж болох юм байна.

Цөөхөн хүн амтай хэрнээ маш олон буюу 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа нь манай улсад эмийн бодлого сул байхын нэг гол үндэс болж байна. Хуулийн дагуу манайд зарагдаж байгаа бүх эмийг буюу бүртгэлтэй 2500 эмийг Монгол хэлээр заавартай болгохыг  Эрүүл мэндийн яам эм импортлогч нарт үүрэгдсээр байна.

Манай улсад худалдаалагдаж буй нийт эм, витамин, бэлдмэлүүдийн 80 хувь импортоор орж ирж байгаа бөгөөд эдгээрийн хайрцаг, сав баглаа, боодлыг англи, орос, монгол хэл дээр харин эмчилгээний зааврыг заавал Монгол хэл дээр байх шаардлагыг улсаас тавьж байна.  Импортлогч компаниуд ч үүнийг эхнээсээ мөрдөж Монгол заавартай эмнүүд эхнээсээ зах зээлд худалдаалагдаж эхлээд байна.

Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлэгийн хэрэгслийн хэлтэсийн дарга Ч.Мөнхдэлгэр ярихдаа  “бүх эм сөрөг, гаж нөлөөтэй. Зөв хэрэглэж, тунг нь тааруулна гэдэг чухал  асуудал. Бүх улсад аливаа эмийг хориглоно гэсэн ойлголт байдаггүй. Тухайн улс орон болгон өөрийн эмийн бодлогыг барьж явдаг. Фталазол, парацетомол зэргийг бүх оронд хориглосон зүйл байхгүй.  Парацетомол  өөрөө жоргүй олгогддог эм учраас иргэд өндөр тунтай хэрэглэх  магадлалтай байдаг. Тиймээс эмийн тунг хүртэл улс тогтоож өгдөг. Манай улс ч өндөр тунтай  парацетомолийг хориглосон. Гол нь энэ эмийн найрлагатай хоёр, гурван эмийг хүн хэрэглэхээр тун нь ихдэж сөрөг нөлөө үүсэх магадлалтай” гэсэн юм. Тиймээс энэ мэт жоргүй олгогддог эмийн найрлага, үйлчлэл, сөрөг нөлөөөг хэрэглэгчид маань өөрсдөө сайн мэдээлэлтэй байх шаардлагатай болж байна.

Монголчуудад эмийн зохистой хэрэглээний талаарх ойлголт тун бага байдаг учраас  холбогдох байгууллагууд ерөнхий боловсролын хичээлийн хуваарьт эмийн зохистой хэрэглээний талаар хичээл орж байгаа.

Хууль бус, улсын бүртгэлгүй эмүүдэд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьдаг ч хил, гаалиар ямар нэгэн байдлаар эм ороод ирэх тохиолдол цөөнгүй. Иймд иргэд маань өөрийн эрүүл мэндийн төлөө эмийн зохистой хэрэглээний талаар шаардлагатай мэдлэг, мэдээлэл сайтай байх нь чухал болоод байна.Энэ үүднээс дээрх мэдээллийг хүргэлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш