logo
Гадны улс оронд данстай эсэхээ бүгдээрээ шалгуулахыг Д.Тэрбишдагва уриаллаа

Гадны улс оронд данстай эсэхээ бүгдээрээ шалгуулахыг Д.Тэрбишдагва уриаллаа

2013/04/22
МАХН-аас зохион байгуулсан “Шударга ёсны аян 2013” өнгөрсөн хугацаанд улс орныг хамарч, амжилттай зохион байгуулагдлаа. Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд одоогоос хоёр жилийн өмнө МАХН нэрээ сэргээж байхдаа гагцхүү шударга ёсыг нийгэмд тогтоохын төлөө ажиллах улс төрийн хүчин байх ёстой гэдэг зарчмыг тухагласан байдаг. Тиймдээ ч МҮАН-тай хамтран Шударга ёс эвслийг байгуулж, хоёр сонгуулийн хойно гарахад Засгийн газрыг барилцах хэмжээний тулхтай улс төрийн хүчин болж чадсан юм. Шудара ёс гэдэг хүчтэй, шударга үнэнийг хүссэн иргэд маш олон байгаа нь энэхүү аяны хүрээнд харагдлаа.
Шударга ёсны аяны хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, бусад нарийн бичгийн дарга, гишүүд дэмжигчдийн хамтаар 21 аймаг, зургаан бүсэд ажиллаж, иргэдийнхээ үнэн үгэнд хурцлагдаж чадсан байна. Хамгийн сүүлийн очиж ажилласан газар бол Багануур дүүрэг.
Багануур дүүрэгт өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ нь өнөө хэр нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байна. Хэт улс төржилтийн балгаар ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тусдаа хуралдаж, тус хурлуудаас гарсан шийдвэр нь хууль бус болчихдог гэнэ. Тиймээс Багануурынхан одоог хүртэл энэ оны төсвөө эцэслэн батлаагүй, үүнээс үүдэн төсвийн хүрээний ажил ургашлахад хүндрэлтэй байна. Энэ жилийн тухайд орон нутагт төсвийн эрх мэдлийг ологохтой зэрэгцэн, захиран зарцуулах мөнгөний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн учраас эндээс үүдэн гарах сөрөг үр дагаварууд их байж мэдэхээр болжээ. Тэгэхээр Багануур дүүргийн төсөв мөнгө ямар нэг байдлаар эрсдэлд орлоо гэхэд чухам хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь ч тодорхой бус байж мэдэхээр байна. Нөгөө талаар Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн хуучин барилгыг ашиглахаа больж шинэ барилга барьж байгуулсан гэж байгаа ч тэр нь 15 ортой гэнэ. Хэдэн мянган иргэнтэй дүүрэгт энэ нь хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой. Мөн хуучин нисэх буудалдаа хэнийх нь мэдэгдэхгүй 200 тонн химийн хорт бодис хадгалж байгаа нь аюулын харанга дэлдэж байгаа гэнэ. Ямар сайндаа хоёр дахь Хонгор болж мэдэхийг иргэд нь сануулаад авсан. Энэ мэт цаг үеийн тулгамдсан олон чухал асуудал Шударга ёсныхныг хүлээж байсан гэхэд болно.  Багануурт нийслэлийн алслагдсан дүүрэгт тооцогддог Налайх, Багахангай дүүргийн иргэд ч Шударга ёсны аянд оролцохоор ирсэн байлаа. Нийтдээ энэ удаагийн арга хэмжээнд 300 гаруй төлөөлөгчид дуу хоолойгоо хүргэхээр цуглажээ.
Энэ удаагийн арга хэмжээнд Шадар сайд Д.Тэрбишдагва уул уурхай, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Гурван сайхныг цогцлоох нь” сэдвээр илтгэл тавилаа. Харин Сангийн сайд Ч.Улаан “Гурван муухайгаас салах нь” сэдэвт илтгэлийг алслагдсан дүүргийн иргэдийн сонорт хүргэлээ. Нийслэлийн алслагдсан гурван дүүргийн иргэдийг зовоосон асуудал цөөнгүй байна. Тэдэнд шударга ёс ус агаар мэт дутагдаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогтын асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв. Улсынхаа ерөнхийлөгч байсан хүнийг 600 цагдаагаар хүч түрж, олон арван хуулийн заалт, хүний эрхийг ноцтойгоор зөрчин байж баривчилж болсон хэрнээ гадаадад нууц данстай, эх орноо хятадын дансад оруулчихсан, Оюутолгойн ордыг зүгээр шахуу гадныханд найр тавиад өгчихсөн нь илэрхий хүнийг яагаад бариад, хорьж чадахгүй байгаа юм гэв. Авлигатай тэмцэх газар гэж байгаад ч авлигчдынхаа эсрэг юу ч хийж чадахгүй байгаа нь шударга бус явдлын илэрхийлэл хэмээн иргэд хэлж байв. Үүний хариуд Шадар сайд Д.Тэрбишдагва “Бид шударга байх ёстой. Тэгж байж улс орон хөгжиж, ард иргэд нь элбэг дэлбэг амьдрах учиртай. Тиймээс сүүлийн хорин жилийн түүхэн дэх дөрвөн Ерөнхийлөгч, бүх УИХ-ын гишүүдийг гадны данстай эсэхээ шалгуулахыг уриалж байна. Би ч шалгуулахад бэлэн байна” гэсэн юм.

Ц.Од
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш