logo
“Аавын бэлэглэсэн улаан дэвтэр” ном ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ

“Аавын бэлэглэсэн улаан дэвтэр” ном ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ

2013/04/22
Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар хүүхдүүддээ баяр ёслолын үеэр бусдаас өвөрмөц бэлэг өгдөг байсан гэдэг.Тэр дундаа зөвхөн ном, дэвтэр бэлэглэдэг байсан бөгөөд өөрийн хайртай охин Д.Индрадаа зургаан настай байхад нь улаан хавтастай дэвтэр бэлэглэсэн байна. Тэрхүү дэвтэр дээр нь 1992 оноос эхлэн тэдний гэрээр орж гардаг байсан урлаг, улс төр, утга зохиолын хүмүүс охинд нь зориулж  ерөөлийн үгсийг бичдэг байжээ. О.Дашбалбарын охин Д.Индра хэлэхдээ, “Аав маань охиндоо зориулж Монголын оюуны сор болсон хүмүүсээр ерөөлийн үг бичүүлж охиныхоо замыг гэрэл гэгээтэй болгохоор гаргасан дэвтэр байсан. Тэгээд ерөөлийн үг мянга болохоор ном болгож надад бэлэглэнэ гэдэг байлаа. Харамсалтай нь 1999 онд аавыг бурхан болоход 150 хүн ерөөлийн үг бичсэн байжээ. Хэдийгээр ерөөлийн үгс мянга болоогүй ч ном гаргах хэрэгтэй гэж бодсон юм. Тэгээд ч ном тухайн үед манай гэрээр орж гардаг байсан хүмүүсийн намтар түүх болон үлдэж байгаа юм” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичиж үлдээжээ. Тэрээр “Аавын бэлэглэсэн улаан дэвтэр” номынхоо нээлтийг ирэх сарын 2-нд хийх юм байна. Түүнчлэн  “Эх орон, оюун санаа, яруу найраг” нэртэй яруу найргийн наадмыг ирэх сарын 3-нд гурав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Мөн эрдэм шинжилгээний хурал болон каллиграфийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа аж.
Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш