Техник, технологийн улсын олимпиад ирэх сарын 10-12-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд зохиогдоно. 17 дахь удаагаа болж буй энэ олимпиадад 21 аймаг, нийслэлийн нийт 22 багийн дөрвөн зуу гаруй багш, сурагчид оролцохоор болжээ. Оролцогчид технологи, зураг зүй, дүрслэх урлаг, дизайн, нисэх онгоц, усан онгоц, автомашины загварын төрлүүдээр өрсөлдөх юм байна. Олимпиадад амжилттай оролцож төрөл тус бүрт эхний гурван байрт шалгарсан сурагчдад их, дээд сургуульд техник, технологийн чиглэлээр элсэн суралцах эрх гардуулдаг уламжлалтай. Олимпиадыг угтаад энэ сарын 26-28-ны өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль дээр "Дүрслэх урлаг, технологи, дизайны боловсролын тулгамдсан асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна. Уг хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Польш, Япон зэрэг гадаад орнуудын эрдэмтэн багш нар, судлаачид гээд өргөн бүрэлдэхүүнээр оролцох юм байна.
Ц.Од
Ц.Од