Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болно. Хуралтай холбоотойгоор зарим мэдээллийн хэрэгслээр 4 дүгээр сарын 29-ний Даваа гаригийн ажлын өдрийг шилжүүлсэн тухай Засгийн газрын тогтоол гарсан гэх ташаа мэдээлэл цацагдсан байна. Ажлын өдрийг шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гараагүй. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргасан юм. Захирамжаар 4 сарын 26, 28-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш, 27,29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тээврийн хэрэгсэл өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд энэ үеэр иргэдийнхээ ажлыг цалгардуулахгүйн тулд нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог нэмэгдүүлэн, троллейбусыг үнэ төлбөргүйгээр явуулах, томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж түр хугацаанд амраах зэрэг зохицуулалт хийжээ.