Дулааны V цахилгаан станцыг барих тухай ярьснаас хойш багагүй хугацаа өнгөрөв. Эхлээд III цахилгаан станцын баруун талд барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болсон ч уг газарт арав гаруй аж ахуйн нэгж ашиглалтын зөвшөөрөлтэй байснаас гадна үнс зайлуулах, хадгалах газар, усан хангамжийн нэмэлт эх үүсвэр байхгүй зэрэг шалтгаанаар дээрх байршлыг өөрчилж, өнгөрсөн оны сүүлчээр дахин судлахаар болсон. Үүний дагуу хоёр ч газрыг сонгон судалсны эцэст Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу “Ургах наран” хорооллын өмнөх авто зам болон төмөр замын хоорондох Хөлийн голын хөндий хэмээх газарт барихаар болов.
Тус хөндий орчмын 43 га газрыг “Улаанбаатар дулааны V цахилгаан станц”- ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгох захирамжийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн баасан гаригт гаргасан байна. Энэ дагуу станцын барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсны дагуу зураг төсөл батлах, барилга угсралтыг хянах ажлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрчилгээ олгох ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцахаар болжээ.
Дулааны V цахилгаан станцыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 1.4 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн тооцоолж байна.