Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны гуравдугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батлагдсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Өнөрбаяр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд очиж уг зарлигийг цаатан иргэдэд гардуулж өгсөн юм.
Цаа буга маллан тайгад амьдардаг эдгээр иргэдийн хувьд цаа буга цөөтэй учраас зарж борлуулах боломжгүй, хүүхэд бүрт төрөөс олгодог 3000 төгрөгөөр хүнс худалдан авдаг байжээ. Өдрөөс өдөрт амьдарлын чанар доройтож, улам бүр хүндэрч эхэлсэн байгаа аж. Ерөнхийлөгчийн зарлиг гарч, засгийн газарт чиглэл өгсөн нь цаатан иргэдийн хувьд амьдралын чанар дээшлэх итгэлийг бий болгож байгаа юм. 40 жил хүлээсэн зарлигаа тэд ийнхүү хүлээн авлаа.
Зарлигт цаатан иргэний хүүхэд дээд сургуульд үнэ төлбөргүй, харин иргэд мэргэжил дээшлүүлэх сургалтанд үнэгүй хамрагдах, хүүхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар, насанд хүрэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж олгох, хоёр жилд нэг удаа ОХУ-ын Тува улсад зорчих эдийн засгийн дэмжлэг үзүүлж, ах дүүстэйгээ уулзах боломжоор хангах гэх мэт амьдрах боломжийг хангах зүйл заалтууд орсон юм.