Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн хана, тааз нурсан учраас өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааг нь түр зогсоосон билээ. Тус цэцэрлэгийн барилга 1968 онд анх 100 хүүхдийн хүчин чадалтай ашиглалтад орсон ч одоогоор 170 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа. Гэхдээ ашиглалтад орсноос нь хойш ганцхан удаа буюу 2007 онд 10 сая төгрөгийн засвар хийсэн байна. Гэхдээ ийм барилга манайд ганцаар тоологдохгүй олон байгаа. Улсын хэмжээнд энэ мэт урт настай, барилгын чанар, стандарт алдагдсан, нураах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 51 цэцэрлэг, 27 сургууль үйл ажиллагаа явуулсаар байна. Ийм аюултай орчинд өнөөдрийн байдлаар 81,650 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа судалгаа ч гарчээ. Гэхдээ сургууль цэцэрлэгийн хүчин чадал хүрэлцээгүй ажиллаж байгаа цагт барилгын асуудлаас болоод сурагчдаа цааш гэх аргагүй. Энэ асуудлыг мэргэжлийн байгууллага шалгаж илрүүлдэг ч бас л үйл ажиллагааг нь зогсоож чаддаггүй. Тэдгээр зөрчилтэй сургууль, цэцэрлэгийн үүдийг хааснаар олон зуун хүүхдүүд гэрээр хүмүүжих хэрэг гарна. Бага насны хүүхэд сургууль, цэцэрлэгийн амралтаараа ихэвчлэн осол аваарт өртөж, амь насаа алддаг гэсэн тоо баримттай судалгаа ч бий. Мөн хүүхдүүд сурч боловсрох эрхээ эдлэх үүднээс заавал цэцэрлэгт хүмүүжиж, сургуульд боловсрох ёстой. Гэхдээ энэ хар бараан зүйлийг бага ч гэсэн цайруулсан мэдээ бий. Шинэчлэлийн Засгийн газар, БШУЯ-наас ирэх дөрвөн жилд нийт 443 цэцэрлэг шинээр барьж, ашиглалтын хугацаа хэтэрсэн 210 цэцэрлэгийг шинэчлэх зорилго тавьсан ч энэ хугацаанд яамны төлөвлөгөө ёсоор шинээр барьсан болон шинэчилж зассан нэг ч цэцэрлэг үгүй байна.
БШУЯ энэ бүх судалгаа, хэрэгцээ шаардлагыг намар ажил эхлэхэд л Засгийн газарт танилцуулсан ч өнөөдрийг хүртэл хөрөнгө, санхүү нь шийдэгдээгүй гэнэ. Энэ тухай яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Эдийн засгийн хөгжлийн яам сургууль цэцэрлэг шинээр барих асуудлыг нарийвчилж судална гээд гурван сар хүлээлгэж байна” гэсэн хариу өгсөн юм. Судалгааны дагуу шинээр барих болон шинэчилж сайжруулах 653 цэцэрлэг, 342 сургуульд нийт нэг их наяд 700 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
Ц.Од