logo
Олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийг зөвшилцлөө

Олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийг зөвшилцлөө

2013/04/24

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр /2013.04.23/ хамтран хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төслийг зөвшилцлөө. Японы “Мицүбиши Чиёода” компанийн хамтарсан түншлэл нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан бөгөөд 47 тэрбум иенийн өртгөөр барих тооцоог гаргажээ. Анх энэхүү төслийг 29.9 тэрбум иенээр барих тооцож байсан бөгөөд одоо шинэ нисэх буудлыг барихад 17.1 тэрбум иенийг нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ. Японы Засгийн газраас авах зээлийн жилийн хүү 0.02 хувь бөгөөд 40 жилийн хугацаатай юм байна. Зээлийн нөхцөл, хүүгийн хувьд тун таатай нөхцөл гэж гишүүд хэлж байсан ч нисэх буудлыг барих өртөг ийнхүү нэмэгдсэн нь ямар учиртай болохыг Зам тээврийн сайд А.Гансүхээс тодруулж байлаа.

Сайдын хариулснаар шинэ нисэх буудлыг барих ТЭЗҮ анх 2006 онд гарч байсан бөгөөд түүнээс хойшхи хугацаанд гадаад, дотоодын инфляцийн өөрчлөлт өртөг нэмэгдэхэд нөлөөлсөн аж. Түүнчлэн Зөвлөх компани тухайн үед даатгалуудын хураамжийг тооцож оруулаагүй, туслан гүйцэтгэгчийн төлөх НӨАТ-ыг тооцоонд оруулаагүй байсан нь ч нөлөөлжээ. Нисэх буудлыг барих бараа, үйлчилгээний 30-аас доошгүй хувийг Японоос нийлүүлэхээр гэрээнд тусгасан нь ч өртөг нэмэгдэхэд зохих хувиар нөлөөлсөн юм байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Оюутолгойд саяхан барьж ашиглалтад оруулсан нисэх буудлын зурвас 3600 метр, шинэ барих буудлынх түүнээс 350 метрээр илүү юм байна лээ. Зурвасын өргөн 45 метр буюу шинэ барих буудлынхтай адил байна. Гэтэл энэ буудлыг 84 тэрбум төгрөгөөр л барьсан гээд үнийн зөрүү 10 дахин өөр байгаагийн учрыг магадласан.

Хөшигийн хөндийг барих шинэ буудлын онгоцны зогсоол, явах замын талбай Оюутолгойд баригдсан буудлаас 4 дахин том, 22 онгоц зогсох зогсоолтой гэсэн хариултыг Зам, тээврийн сайд өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, шинэ нисэх буудал барина гэж 10 жил ярилаа. Ингэж удаан саатсаны шалтгаан юу вэ. Одоо ажил нь эхэлж баригдах нь гэж ойлгож болох уу гэж асууж байлаа.

А.Гансүх сайдын мэдээлснээр, нисэх буудлын барилгыг барих тендер хоёр удаа зарлагдаад цуцлагдсанаас болоод хугацаа алдсан. Зураг төслийг хийх явцад онгоцны буудлын хэмжээг томсгох, багасгах эсэх асуудлаас болоод хугацаа алдсан тал бий хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Хөшигийн хөндийд онгоцны буудал барихаар сонгосон нь хэр оновчтой вэ гээд нисэх буудлыг дахин өргөтгөхөд зай талбайн багтаамж хангалттай юу хэмээн асууж байлаа.

Зам тээврийн сайд Хөшигийн хөндий бол нисэх буудал барих хамгийн оновчтой газар гэж хэлсэн. Буудлыг өргөтгөх зай талбай хангалттай гэв. Эхний удаад онгоц хүлээн авах 6 хүзүүвчтэй барихаар төлөвлөсөн бол цаашид 20 хүзүүвчтэй болгон өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Гишүүд ийнхүү хэлэлцээд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төслийг дэмжин санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Г.Бүрэнжаргал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш