logo
Элчин сайд С.Энхбат итгэмжлэх жуух бичгээ барив

Элчин сайд С.Энхбат итгэмжлэх жуух бичгээ барив

2013/04/24
Монгол Улсаас Катар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Катар Улсын Дэд Эмир, Үе залгамлах хунтайж Шейх Тамим Бен Хамад Аль-Тани-д энэ сарын 22-нд Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан Элчин сайдыг Дэд Эмир, Үе залгамлах хунтайж Шейх Т.Х.Аль-Тани хүлээн авч уулзав.  

Уулзалтын үеэр Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Катар Улсын Эрхэм Дээд Эмир Шейх Хамад Бен Халифа Аль-Тани-д уламжлахыг хүсч, Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Катар Улсын Эмир урилгын дагуу тааламжтай цагтаа Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлж, айлчлалын хугацааг хоёр тал дипломат шугамаар тохиролцох боломжтойг дурдав. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Катар Улсад хийх албан ёсны айлчлалын талаар санал солилцож, энэхүү айлчлал хоёр орны харилцаанд түлхэц өгч, ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Итгэмжлэх жуух бичиг барихад Катарын Эмирийн Ордон, ГХЯ-ны холбогдох албаны хүмүүс, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан байлцав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш