1929 онд монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэх “Уран үгсийн чуулган” цомирлогийг анхлан эрхлэн гаргаж, зохиолч уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг багтааж байжээ. Тэр цаг мөчөөс 1979-1980-аад оны сүүлч хүртэл МЗT-ээс уншигч зохиолчдын уулзалт, номын баярыг зохиож байжээ. Тэгвэл энэ жилээс ССАЖЯ, МЗЭ хамтран энэ уламжлалыг сэргээж, шинэ номын баяр, номын үзэсгэлэн, уншигч, зохиолчдын уулзалт хийхээр “Уран үгсийн чуулган” нэртэй утга зохиолын өдрүүдийг хоёр сарын хугацаатай зохион байгуулахаар болжээ. Энэхүү утга зохиолын өдрүүдийг энэ сарын 25-нд болох богино өгүүллэгийг оны шилдэгийг шалгаруулах “Утгын чимэг” наадмаар нээж, энэ сарын 28-нд Дорноговь аймагт үргэлжлүүлэн зохиох ажээ. Уг үйл ажиллагааг нийслэлийн зургаан дүүрэг, төвийн болон зүүн аймгуудад зохиох бөгөөд нийтдээ 100 гаруй уран бүтээлч, зохиолчид оролцох гэнэ. “Уран үгсийн чуулган” утга зохиолын өдрүүдийг дахин сэргээж байгаа нь зохиолч, уншигч хоёрыг ойртуулах, хүүхэд залуусыг уран зохиол, номтой нөхөрлүүлэх өндөр ач холбогдолтой гэдгийг ССАЖЯ-ны удирдлагууд онцолж байсан юм.
Ц.Од