logo
НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн Хороонд Ж.Баярцэцэг нэр дэвшлээ

НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн Хороонд Ж.Баярцэцэг нэр дэвшлээ

2013/04/24
НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн Хороонд Монгол Улсыг төлөөлөн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нэр дэвшсэн байна. Тус хороо нь 18 гишүүнтэй бөгөөд оролцогч талуудын 25 дугаар уулзалтын үеэр болох уг сонгуульд тэрбээр НҮБ-ын тус хороонд Монгол Улсаас нэр дэвшиж байгаа анхны хүн юм.
Тус хорооны гишүүнийг сонгох сонгууль энэ оны зургадугаар сарын 3-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болно. Конвенцийн 175 гишүүн орон сонгуульд оролцон нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Хорооний гишүүн ихэвчлэн нэр хүндтэй олон улсын хуульч, эрдэмтэн, судлаач, профессорууд, дипломат ажилтан, иргэний нийгмийн төлөөлөгч байдаг бөгөөд өндөр ёс зүйтэй, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд онцгой хувь нэмэр оруулсан, алагчилдаггүй шударга байх, хүний эрхийн өндөр мэдлэгтэй байх шаардлага тавьдаг юм байна.
Тус хороо нь Швейцарь улсын Женев хотноо үйл ажиллагаагаа явуулдаг. Гишүүн орнуудаас ирүүлсэн үндэсний илтгэл, тайланг хянах, хэлэлцэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх, арьс өнгөөр алагчлах, мөн асуудлаар хувь хүмүүсийн хооронд үүссэн харилцаа, өргөдөл гомдлыг авч үзэх, НҮБ-ын бусад байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй. Жил бүрийн гурав болон наймдугаар сард ээлжит чуулганаа хийж, тусгай илтгэгч, төлөөлөгч, шинжээч, ажлын хэсгээ улс орнуудад илгээн ажлуулдаг.  Монгол Улс 1969 онд уг конвенцийг соёрхон баталсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш