logo
Сайд нарын VII бага хурлыг гадаад дотоодын хамтарсан 250 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилна

Сайд нарын VII бага хурлыг гадаад дотоодын хамтарсан 250 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилна

2013/04/24

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л. Болд, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ажлын албаны ерөнхий зохицуулагч, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

 Манай улс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 29-нд эх орондоо зохион байгуулна. Сайд нарын бага хурлын өмнө буюу 4 дүгээр сарын 27-28-нд АОХН-ийн Парламент, Эмэгтэйчүүд, Залуус, Иргэний нийгмийн чуулга уулзалтууд болно. Дээрх арга хэмжээнүүдэд 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор түрүүчээсээ ирж эхэлжээ.  Бага хурлын үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын 50 гаруй, дотоодын 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгүүлсэн гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт зочноор 12 орны төр, засгийн тэргүүн, дэлхий дахинаа нэр хүндтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд  уригджээ. Одоогоор зарим орны төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайдын түвшинд  50 гаруй орон ирэхээ нотлоод байгаа аж.  Ардчилал, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж амжилтад хүрснийхээ төлөө Нобелийн энхтайвны шагнал хүртсэн Мьянмарын Ан Сан Суу Чий, Йемений Таваккол Карман нар бага хуралд оролцох гэнэ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш