Харж хандах хүнгүй хүүхдүүдийн төлөө олон жилийн хөдөлмөрөө зориулсан Б.Уранчимэгийг өнгөрсөн долоо хоногт “Шинэчлэлийн баатар”-ийн нэгээр тодруулсан билээ. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг шинэчлэлийн баатруудтай уулзахдаа тэдний ажлыг дэмжихээ хэлж, оновчтой шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг хүссэн юм. Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Б.Уранчимэгийн байгуулсан “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх бүлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд амьдарч буй бүтэн, хагас өнчин хүүхдүүдэд хөгжиж төлөвших орчин бүрдүүлэхээр аргал түүж, гар урлалын бүтээгдэхүүн урлаж, нөхрийнхөө машиныг зарж тус төвийг байгуулсан ба одоо байрны халаалт дулаан, сургалтын материал хэрэгсэл болон хоолны зардлыг өөрөө хариуцдаг нь чамгүй өндөр зардал гаргадаг тухай хэлсэн. Өдөр өнжүүлэх төвд ирж суралцдаг хүүхдүүдээ эмчийн үзлэгт хамруулахад ихэнх нь амин дэмийн дутагдалтай гарсан учир өдөрт нэг удаа хоол хийж өгдөг болсон гэнэ. Өнчин, ядуу хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, бие даасан иргэн болоход туслахаас гадна бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэх, амьдрах арга ухаанд сургахыг чухалчилдгаа УИХ-ын гишүүдэд дуулгалаа. Хичээлийн дараа гэрийн даалгавраа хийх, компьютер, интернэт ашиглаж сурах, хэрэгтэй мэдээлэл олж авах, утас, ноосоор бүтээгдэхүүн урлах орчинг ч бүрдүүлсэн байна. Өнгөрсөн жил “Нутгийн шийдэл” сангаас ногооны хүлэмж барьж өгсөн, энэ хавраас нарийн ногоо тарина, хүүхдүүдээ ч энэ чиглэлийн ажлын дөртэй болгоно гэж тэр ярилаа. “Гэрэлт ирээдүй” төвд 18-аас доош насны хүүхдүүдээс гадна олон оюутан харъяалагддаг. “Дөнгөж насанд хүрэнгүүт нь, өөрөөр хэлбэл бие дааж амьдрахад чадваржаагүй, ажил мэргэжил, хамт олонтой болоогүй байхад өнчин хүүхдүүдийг төрийн халамж тэтгэлгээс хасчихдаг нь олон асуудлын үндэс болдог. Хууль эрх зүйн хүрээнд үүнийг тусгайлан зохицуулах шаардлага бий” хэмээн Б.Уранчимэг үзэж байна. Өөрөө ч ийм хүүхдүүдийг халамжилдаг, төгсөлт дөхсөн энэ үед гурван оюутныхаа сургалтын төлбөрийг олохоор хөөцөлдөж байгаагаа хуваалцсан юм.
Б.Уранчимэгт ганц хоёр удаагийн хандив тусламж биш орлогын тогтвортой эх үүсвэр хэрэгтэй байна. Орон нутгийн зүгээс түүний ажилд дэмжлэг үзүүлэх төсөв хөрөнгө байдаггүй, уг нь өнчин, ядуу хүүхдүүдийг асран халамжлах энэ мэт ажлыг бодлогоор дэмжвэл нийгмийн олон асуудал шийдэгдэнэ гэж Өлзийт хорооллын 14 дүгээр хорооны Засаг дарга Г.Батсуурь хэллээ.
“Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх бүлгийн ажилтай танилцах үеэрээ хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх ийм санаачилгуудыг бодлогоор дэмжих зарим санаа шийдлийг эрхэм гишүүд ярьж байв. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль санаачилсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа нар хуулийн төсөлдөө өдөр өнжүүлэх бүлгийг дэмжих зохицуулалт оруулахаа дуулгалаа. Мөн өдөр өнжүүлэх бүлгийн багшийг тогтмол цалинтай, сурагчдад нь үдийн цайны мөнгө хуваарилагддаг болгох зэрэг гарцыг судлахаа хэлсэн юм. Ингэснээр Б.Уранчимэгтэй адилхан олон буянт үйлстний хөдөлмөр зүтгэлийг төр үнэлэх, дэмжих тогтолцоо бүрдэнэ гэж тэд үзэж байна. Түүнчлэн, сургалтад шаардлагатай төхөөрөмж хэрэгслээр хангах, хүүхдүүдийг амьдрах ухаанд дадлагажуулах, үйл ажиллагааны зардалд дэмжлэг үзүүлэх талаар эргэн ярилцаж шийдвэрлэхээ Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.