Манай улс өнгөрсөн 2012 онд 4,8 сая кВт.цаг буюу эрчим хүчнийхээ нийт хэрэгцээний 90 гаруй хувийг үйлдвэрлэжээ. Харин 7,6 хувийг импортоор авсан байна. Усан цахилгаан станц, нар салхины станцын үйлдвэрлэл 2 орчим хувийг эзэлдэг байна.
IV ДЦС-ын 100, III ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөл, “Амгалан“ дулааны станц, 450 МВт-ын V цахилгаан станцын ажлыг эхлүүлээд байна. Салхитын цахилгаан станц энэ онд ашиглалтад орно. Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн байгуулах бөгөөд Чингис бондын хөрөнгөөс 50 сая ам.доллар зарцуулахаар болсон. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүн 2014 оноос гарч эхэлнэ. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ доголдолгүй хангаж чадна гэж М.Сономпил сайд ярилаа. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг 2014 оны өвлийн их ачааллаас өмнө хангах зорилгоор Амгалан дулааны станцын эхний ээлжийг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Баруун бүсийн ДЦС, Эг, Шүрэнгийн УЦС, Багануурын ДЦС, Чойбалсан ДЦС-ын өргөтгөл, Шивээ-Овоогийн ДЦС-ыг барьж байгуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Эрчим хүчний яам ажиллаж байгаа ажээ.
Цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэх эсэх талаар яам ямар бодлого барьж байгааг сэтгүүлчид сонирхож байлаа. Тэдний асуултад М.Сономпил сайд хариулахдаа үнэ нэмэх шаардлага байгааг үгүйсгэсэнгүй, гэхдээ яаран нэмэхгүй гэдгээ мэдэгдээд энэ ч үүднээс Эрчим хүчний яам 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлаад ажиллаж байна. Үр дүн гарч байгаа гэлээ.
Манай улс ОХУ-аас 106, БНХАУ-аас 165 төгрөгөөр авсан цахилгаан, эрчим хүчээ айл өрхөд 80, аж ахуйн нэгж байгууллагуудад 100 төгрөгөөр өгч байгаа. Дотооддоо ч мөн үйлдвэрлэсэн өртгөөсөө бага үнээр борлуулдаг байна. Яагаад ийм өндөр өртөг зарчихаад хямд зардаг вэ, үүнд зохицуулалт хийх шаардлага байна. Тиймээс үйлдвэрийнх нь болон импортоор оруулж ирсэн үнээр нь цахилгаан, эрчим хүчээ аваач гэсэн саналыг аж ахуйн нэгжүүдэд тавих болно гэлээ.
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төсөл, эрчим хүчний мастер төлөвлөгөөг батлуулах, сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон үндэсний хөтөлбөр шинэчлэн батлуулах зэрэг хууль эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар М.Сономпил сайд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.