АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Улс төрийн менежментийн сургуулийн профессор, хатагтай Нэнси Бокскор, тус сургуулийн оюутан О.Чулуунбилэг, “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт, семинарын зохицуулагч Б. Цолмонбаяр нарыг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.04.24/ хүлээн авч уулзлаа. Хатагтай Нэнси их сургуулийн багшаас гадна АНУ дахь зарим улс төрийн намуудын санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, намын санхүүжилтийг бүрдүүлдэг мэргэжилтэн юм. Тэрбээр, Улаанбаатар хотноо энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Европын холбооны санхүүжилтээр зохион байгуулагдах “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт семинарт оролцож илтгэл тавихаар иржээ.
Парламентын тэргүүнтэй хийсэн уулзалтын үеэр Монголын улс төрийн намуудын санхүүжилтын талаар сонирхож, санал солилцсон юм. УИХ-ын дарга намуудын санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах тусгай мэргэжилтэн бэлтгэдэг сургууль манай улсад байдаггүйг дурдаж энэ асуудлаар зарим их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж санал, зөвлөгөө өгөхийг хүсч байлаа. АНУ-д намын санхүүжилтийг бүрдүүлэхдээ дэмжигч ард иргэдийн хандив болоод, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зэргээр шийдэх ажлыг хийх мэргэжилтнийг зарим их сургууль нь бэлтгэж төгсгөдөг байна. Тиймээс намын санхүүжилтийг ил, тод нээлттэй, авлигын бус замаар бүрдүүлэх эхний алхам бол боловсролын системдээ өөрчлөлт оруулж тусгай мэргэжилтэн бэлтгэх анги нээх шаардлагатай гэдгийг хатагтай Нэнси ярилаа.
Б.Алтантуул
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.