logo
Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

2013/04/25
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2013-04-23/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналын тухай хэлэлцлээ.

  Улсын Их Хурлаас санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон 6 жил ажилласан Дүгэржавын Мөнхгэрэлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм байна. Иймээс тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгосон Дондовийн Ганзоригийг томилох асуудлаар санал хураалт явуулж, уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

   Дондовийн Ганзориг нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1985 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Ивановийн Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсчээ. 1991 -1992 онд Шинжлэх ухааны академийн төр, эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992 оны 2-8 дугаар сард Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академид эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Байнгын хорооны туслах, хуулийн зөвлөх, 1994-2012 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2011-2012 онд “Жи-Жи партнерс” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байна.

Б.Чанцалням

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш