logo
С.Эрдэнэ: Даатгуулагч хүссэн эмнэлгээ сонгох боломжийг хуулиар зохицуулж өгнө

С.Эрдэнэ: Даатгуулагч хүссэн эмнэлгээ сонгох боломжийг хуулиар зохицуулж өгнө

2013/04/25
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Одонтуяа нар хуулийн төсөл өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийн талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон уг хуулийн төсөлд санал бодлоо нэмэрлэв. Хэлэлцүүлгийн дараа ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Эрүүл мэндийн даат­галын тогтолцоог шинэ­чил­нэ гэж ярилаа. Ямар шинэчлэлт хийх юм бэ?

-Нийгмийн даатгалын үндэсний чуулганыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан. Уг чуулганаар нийгмийн даат­галын тогтолцоог гурван үе шаттайгаар хийхээр төлөв­лөсөн юм. Нэгдүгээрт, эрүүл мэндийн, хоёрдугаарт, тэтгэврийн даатгалын тогтол­цоог шинэчлэх, гуравдугаарт тэтгэмжийн нэгдсэн сан бүтэц зохион байгуулалттай болъё гэх зорилт тавьсан. Эдгээр шинэчлэлтийг хийсэн цагт нийгмийн даатгалын тогтолцооны эхний алхмыг хийж буй хэрэг юм. Уг ажлын хүрээнд эрүүл мэндийн даат­галын тогтолцоог өөрчлөх, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлж буй юм. Уг хууль батлагдвал эрүүл мэндийн даатгалын тог­толцоонд маш томоохон эрх зүйн шинэчлэлт болох учиртай.

-Тухайлбал?

-Даатгуулагчдын дийлэнх нь эрүүл мэндийн салбараас авч буй эмчилгээ үйлчилгээндээ сэтгэл ханамжгүй байдаг. Энэ нь, даатгуулагчдад эмнэлгийн үйлчилгээ авах байгууллагыг хүчээр оноож өгдөгөөс үүдэл­тэй. Тухайн даатгуулагч дурын эмнэлэгтээ очоод үзүүлэх гэхээр харьяаллын бус гээд үздэггүй. Албадлагын шинж чанартай, дуртай дургүй ч үздэг ийм байдал манайд тогтчихоод байгаа. Тиймээс энэ хуулиар даатгуулагчийн эрхийг нээж өгч буй юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч өөрөө эмчилгээ, үйлчилгээгээ сонгох эрхтэй болно гэсэн үг. Хүн үдийн цайгаа уухдаа аль амт чанартай газрыг сонгон очиж үйлчлүүлдэг. Үүнтэй адил даатгуулагч эмчилгээ үйлчилгээгээ сонгохдоо аль чанартай, хурдан шуурхай үйлчлэх эмнэлгийг сонгож үйлчлүүлнэ. Энэ нь эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болгох суурийг нь тавьж өгч байгаа юм. Үүнийг дагаад эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээ сайжрах учиртай. Мөн даатгуулагчийг татахын тулд чадварлаг боловсон хүчин ажиллуулах шаардлага урган гарч ирнэ. Нэг ёсондоо, эмнэлгийн байгууллагууд зах зээлийн зарчимд шилжиж эхлэх юм. Энэ нь, эрүүл мэндийн салбарт хүлээгдэж буй хамгийн томоохон өөрчлөлтийн суурийг тавьж байгаа хэрэг.

-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ч ялгаагүй энэ зарчим үйлчлэх үү?

-Эмчилгээ үйлчилгээгээ тухайн иргэн сонгодог болонгуут сонголтын хүрээг нь эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагынхан тогтоож өгөх юм. Өөрөөр хэлбэл, та энэ хүрээнд сонголтоо хийж болно гэж зааж өгнө. Үүнд, төрийн болон төрийн бус байгууллагын эмнэлгүүд хамрагдана. Даатгуулагч төрийн болон хувийн хэвшлийн гэлтгүй аль ч эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой болох юм. Харин даатгалын байгууллага эмчилгээ үйлчилгээ авсан эмнэлгийн данс руу гүйцэтгэлээр нь мөнгийг нь шилжүүлнэ. Ингэснээр төр, хувийн хэвшлийн эмнэлгийн ялгаа арилах юм.

-Гэр бүлийн гишүүд даатгалын санд хуримт­лагдсан мөнгөө нэгэндээ шилжүүлж болохыг энэ хуулиар зохицуулж өгнө гэж сонссон?

-Өрхийн даатгалын хэлбэрийг хоёр янзаар оруу­лахаар ярилцаж байна. Нэг­дүгээрт, өрхийн аль нэг гишүүн өөрийнхөө хуримтлалаас гэр бүлийн гишүүндээ шилжүүлж зарцуулж болдог байх эрх зүйн зохицуулалтыг судалж байгаа. Мөн өрхийн тэргүүн гэр бүлийнхээ гишүүдийн даатгалыг төлдөг тогтолцоо байж  ч болох талтай. Ямартай ч, судлаад аль оновчтой хувилбарыг нь хуульдаа тусгана.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш