logo
Л.Болд: Аюулгүй байдлыг дээд төвшинд хангана

Л.Болд: Аюулгүй байдлыг дээд төвшинд хангана

2013/04/25
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал энэ сарын 27-29-ний хооронд Улаанбаатар хотноо болохтой холбогдуулж Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бага хуралд 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор бүртгүүлсний дотор Ерөнхийлөгч, сайд, дэд сайдын алба хашиж буй эрхмүүд багтаж буй юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэс¬ний Ардчилсан Лигийн тэргүүн Ан Сан Сү Чи биечлэн оролцох болж байгааг сайд Л.Болд онцоллоо.

Мөн энэхүү бага хурлыг сурвалжлахаар гадаадын 50 гаруй орны сэтгүүлч бүртгүүлсэн байгаа бол дотоодоос 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжлахаар бүртгүүлжээ. Бага чуулганы үеэр үндсэн таван салбар чуулган зохион байгуулагдах аж. Үүнд парламентын чуулган, залуучуудын чуулган, бизнес ардчиллын чуулга уулзалт, эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, иргэний нийгмийн чуулган гэсэн үндсэн сэдвийн хүрээнд болох аж.

Тухайлбал, “Ардчиллын соёлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор болох энэ удаагийн Залуучуудын форум нь ардчиллын соёлыг бэхжүүлэн дэлгэрүүлэх, ардчиллын боловсрол, залуучуудын идэвхийг дээшлүүлэх, авлигатай тэмцэх зэрэг асуудалд үе үеийн төлөөлөл хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгын хүрээнд болох юм байна. Ингэхдээ залуучууд ардчиллын үзэл санааг тууштай дэмжих, үндэснийхээ соёл, онцлогт хэрхэн нийцүүлэн хөгжүүлэх талаар өөрсдийн санаа бодол, туршлагаасаа хуваалцах индэр нь энэхүү Залуучуудын форум байх аж. Энэ удаагийн  хуралдаанаар 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейгээр баталсан Ардчиллын боловсролын тухай тогтоолын холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх арга замыг голлон хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын хувьд өмнө нь гадаадын 1000 гаруй төлөөлөгч нэг дор цугласан олон улсын хурал зохион байгуулагдаж байсан удаагүй юм байна.

Х.МАНДАХ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш