logo
Газрын үнэлгээ хийж, үнийг тогтоох аргачлал боловсруулжээ

Газрын үнэлгээ хийж, үнийг тогтоох аргачлал боловсруулжээ

2013/04/25
Нийслэлд хэрэгжих замын ажил болон инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барих үед төлөвлөлтөд орсон газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх шаардлага гардаг. Тиймээс энэ асуудлыг иргэд болон төрийн байгууллагуудад хохирол багатай шийдвэрлэхийн тулд газрын үнийг тогтоох үнэлгээ хийхдээ дагаж мөрдөх аргачлалыг боловсруулсан байна. Энэхүү аргачлалын тухай нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Нөхөн олговорын үнэлгээнд тооцогдох газрын үнийг  зах зээлийн жишиг үнийн харьцуулалтын аргаар тогтоохоос гадна газрын байршил, газрын жишиг үнийн бүс, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, экологийн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үнэлэх юм байна. Тодруулбал тухайн газрын байршлаас гадна автобусны буудал хүртлэх зай, ус түгээх байр хүртлэх зай, газрын гадаргын налуужилт, инженерийн дэд бүтцэд холбогдсон, эсвэл холбогдох боломжтой эсэх, орчны байршил болон зам дагуу  байх гэх мэт хүчин зүйлсийг харгалзан ялгавартайгаар үнийг тогтоох юм байна.

Харин газрын жишиг үнийн бүс гэж үнэлгээний ижил төстэй үзүүлэлт бүхий тодорхой хил заагаар тусгаарлагдсан нутаг дэвсгэрийг хэлдэг бөгөөд кадастарын мужийн хуваарийг үндэслэл болгон тогтоодог байна. Энэ дагуу Улаанбаатар хот газрын жишиг үнийн 65 бүсэд хуваажээ. Хэрвээ энэхүү аргачлалын дагуу газрын үнэлэгээ тогтооход иргэдийн хэлж байгаа үнэлгээтэй ойр очиж байгаа юм гэдгийг С.Очирбат орлогч онцоллоо.

Удирдлагын зөвлөлийн гишүүд газрын үнэлгээ хийж үнийг тогтоох аргачлалыг хэлэлцээд нийгмийн дэд бүтэц буюу тухайн газар нь дахин төлөвлөлтийн дагуу баригдах эмэнэлэг, сургууль, цэцэрлэгтэй ойр байгаа байдлыг харгалзан үнэлгээнд нэмэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм. Энэхүү аргачлалыг нийслэлийн нутаг дэвсгэрт нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журмын хамт НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш