logo

"Од ярьж байна" /О.Цогт-Очир (Төгсгөлийн хэсэг)/

2013/04/25
ҮНЭТЭЙ МЭДЭЭ

Хурандаагийн бичгийн ширээн дээр /Од/-оос авсан мэдээнүүдийн хувь ил харагдана. /Мөнгөн товч/-ны шинэ эзэн эх орондоо хайртай, эцгээ залгамжлах найдвартай . Тэр, албандаа очсон. Чухал нууц зүйл мэдэх боломж байна. Хорь хоногийн дараа уулзана. Би тэндээс буут орох аян тал таарч зам шулуудав. Хилийн ойр хийд дэх Японы онцгой яамны салбарынхан хошууны төвтэйгээ шууд харилцах станцтай болжээ. Баруун сөнөдөөс хойш 120 гаруй км зайтай /Дөрвөд хошууны Шар мөрөн сүмд япон сургагчтай нэг хороо монгол цэрэг бий. Жанчхүүгээс жараад машинтай цэрэг Баруун сөнөд вангийн төвд ирж эмнэлэгийн хашаанд байрлав. Одоогоор хилд ойрхон цэрэг олон биш/ гэмснийг хурандаад /Од/-ын ажил өөдрөг бүтэх төлөвтэй. Хол газар /үүрэг/ үүрэх яггүй байсан даа. Гэсэн ч ахмад түүнийг тоогүй. Японыхон нэвтрүүлэгийг одоогоор замаас барьж чадахгүй гэсэн лавтай мэдээ байгаа хойно ажрахгүй. Харин Жанчхүү хүрэх төмөр замын буудалууд дээр шалгалт нарийн байгаа. Харбины нөхөд маань/Од/-д хэрэгтэй бүхнийг бэлтгэж өгсөн, цаашид ч далдаас хамгаалах, туслах цахилгаан бичих сэлтийг яг эгзэгтэй үед нь явуулна гэсэн.Бадгарын хийдийн/нярав/ ч мундахгүй юм бүтээх ёстой хэмээн бодно.
Ахлах дэслэгч Содов зөвшөөрөл авч орж ирээд амрыг эрсний дараа хурандаа /Шарга уул/-ын сөрөг /отолт/ хийх бэлтгэл ямар байгаа тухай сонирхов.Чухам нааш хөдлөх товлосон өдрийн тухай/од/ -ын мэдээг л хүлээж л байна гэж Содов илтгэв.
- /Од/ нилээд алс яваа. Түрүүчийн мэдээнд энэ тухай дурьдаагүй байна. Замд саад тохиолдохгүй, үйлс бүтэмтэй явбал дайсны төлөвлөгөөг цаг алдахгүй мэдээлэх вий./Отол/-д хөдлөх дохио өгөхөд яг бэлэн бай гэж хурандаа тушаав.
- Мэдлээ. /Отолт/-ын .. . ээр отрядад тусгайд нь илтгээд байгаа. Тэд төвийн шийдвэр хүлээж байна. Гэсэн цахилгаан сая ирсэн гэж Содов танилцуулаад гарлаа. Хурандаа /Од/-ын ирүүлсэн мэдээнүүдийг цааш анхааралтай уншиж булан дээр нь дүгнэлт саналаа бичих ажээ.
Нэг дэх мэдээнд
1941 оны 7 дугар сараас эхлэн танк, морин ба моторчилсон гурван дивиз тус бүр арван мянга гаруй хүнтэй байгуулж Хаалган, Да тун, Буут зэрэг газар ирүүлж, бэлтгэл сургууль хийлгэж байна. Дархан бээл ба Онгон тээг орчмын газрын дагуу Монголын хил хүртэл газар орон, зам харгуй худаг усыг нарийн судлан газрын зураг үйлдэв.
-Хоёр дахь мэдээнд
. .. Буут хотын танзын гуравдугаар дивиз, Да тун хотод Хорин зургадугаар явган дивиз байгуулан бэлтгэл сургууль хийж эхлэв.
Гурав дахь нь
Японыхон Чингэс хааны эрэлхэг түүхийг өгүүлсэн кино зураг авна гэж ардуудаас албан журамаар өдий төдий мөнгө хөрөнгийг татвалдан авч гурван мянган мод орсон цагаан даавуун бүрээстэй нэг том гэрийг доторх тавилгын хамт бас гурван зуун жижиг гэр татварлан бариулж олон хүнийг байлдаж байгаа байдлаар уул гэрүүдийг сүйтгүүлж зураг авлаа.
Дөрөв дэхэд:
/Баруун Сөнөд дэх тагнуулын салбараас Жамбийд бэлтгэсэн тагнуул 25 насны орчим намхан, бор царайтай, баруун хацартаа үл ялиг цагаан сорви бүхий Жамц гэгчийг айраг сүм дайруулан хоёр хүний хамт 7 хоногийн дотор явуулана.гэсэн нь хэлтсийн даргын анхаарлыг гойд татав. Ийм үнэтэй мэдээнүүд /Од/-оос нэг биш уудаа ирж хэлтсийнхнийг түргэн жагсаал авахуулна. Японы тагнуулынхны илгээсэн амьтад хилийн цаана айн бүртэгнэж байгаад алга болох нь бас тааралдаж хий ажилд сүвэг удах нь бишгүй таарна. /Жамцыг хавханд оруулна. Тэр одоохондоо аймхай байвч эрхгүй манай хилийг нэг алхаж азаа турших гэх биз./ хэмээн бодож харилцуураа авч ахмад Дондогтой ярьлаа.
 
ЗАМ ЗУУРТ

Хөх хотын гудамжаар явган хүн цувран, хүн зөөдөг тэрэг түрсэн ядуучууд , машин тэрэг сүлжилдэнэ. Тэдний дунд дүрэмт малгайтай журамлуулах харуул хөгжилтэй чанга чанга дуугаран ярьцгаах нь энэ хотод амьдрагчдын хамгийн аж жаргалтайд өөрчдийгөө тооцсон мэт ажээ. Хятад Япон маягийн хувцас өмссөн хүүхнүүд гудамжны захын явган замаар улавчин шаахайгаа тог тог хийлгэн жогор жогор алхална.
Жамба галт тэрэгний зогсоол дээр очиход хөл хөдөлгөөнтэй байв. Зорчигчдын ихэнх баруун зүг явах гэж галт тэрэг хүлээнэ. Сүүлийн хэдэн долоо хоногт зам үл мэдэгдэх шалгаанаар гэмтсний улмаас хөдөлгөөн нилээд саатсан ажээ.
Өглөө хөдөлсөн ачааны галт тэргээр ногоон даавуун бүтээлэгтэй их буу, хуягт танк, ачааны машин ачсан, бас 500 зуу хиртэй японы цэрэг, суудлын чиргүүлд нь явсныг Жамба мэджээ. Сүүлийн гурван өдрийн ажиглалт хоосон өнгөрсөнгүй. Өмнөхөн нь байгаа гол шугам дагуу ачаатай вагон сунан хөдөлнө. Энд тэндгүй шүгэл дохионы хонхны дуу, төмрийн түгжигнэх чимээ нүргэлнэ. Эндхийн сумчны байр замын хөдөлгөөн, заасан суман заалт, самафорын дугуй хүртэл тоос шороо нүүрсний тортогт дарагдаж харлах нь галт тэрэгний тээврийн хөдөлгөөн ихсэж ажилчид нүсэр ажилд дарагдан энэ мэт зүйлийг ер анзаарахаа больсныг гэрчилнэ.
Вагонд ачсан цэргийн их зэвсгүүдийг цөм шар ногоон эсвэл хүрэн шараар будаж газрын өнгөнөөс үл ялгах болгожээ. Хотоос жаахан холдон ажвал уулын хормойгоос дээш олон хүн газар цооноглож, хүрз жоотууны гялалзах нь мэдэгдэв. Түүний цемент банз дүнз ачсан машин цуврахыг харахад юмны учир Жамбад ойлгогдох ажээ. Галт тэрэг Буут хотоос ирээд гучин минут хиртэй болов. Хөх хотын төвөөс Өвөрмонголын хязгаарын чуулган хошуудаас татагдсан гурван зуугаад цэрэгт нэмэгдэл чиргүүл гарган явуулах гэж байгаа нь ил болов. Энэ цэргүүдийг үдэх гэсэн хөгшин, залуу эр эм олон хүн шавааралдан шуугилдана.
- Энэ шинэ цэргүүд хаана суух нь гэнэв гэж албаны байрын нэг хүнээс асуухад тэр хүн Жамба руу нэг харснаа бас л албаны хүн гэж бодоод
- Жанчхүү хотын / хаалган/ цэргийн жанжин штабын мэдэлд очих юм. Жанчхүү хүрч тэндээс будаа шиг цацах байлгүй. Нарангийн цэргүүд сүүлийн хэдэн сар зогсоо зайгүй хоёр тал руугаа хөлхдөг боллоо.Улаан цэрэг ялагдаж, Их наран улсын цэрэг манай цэрэгтэй хамт Монгол туургатнаа нэгтгэж их гүрэн болгох гэсэн ба гэж үзэмчин аялгуугаар мэдэмхий хэлээд хавтгай шар ногоон цэрэг малгай өмссөн хориод насны хүүд /за за сайн яваарай. Богд тэнгэртэй залбирч явна шүү/ хэмээн захиад баруун хацрыг үнсэв.
Галт тэрэг хөдлөх дохио өгч, Жамба гишгүүр дээр үсрэн гарлаа. Галт тэрэг аажуухан хөдлөхөд цэргүүдийг үдсэн олон хүн нүдэндээ дүүрэн нулимстай уй гашууд автан хоцорлоо. Галт тэрэг үйл мэдэг займрахад биеэ нэгэн адил ганхан, замын хажуугаар урьд үзээгүй уул ус, тосгон суурин бие биеэ халан өнгөрөх нь Жамбад сонин агаад түүний сэтгэлд нэгийг бодогдуулна.
Хаалга нь задгай нэг тасалгаанд Жамбаас гадна 5 хүн шахцалдан сууж явав. Жамбын өөдөөс харж суугаа гуч хүрсэн болов уу гэмээр нүүрэнд нь гүн үрчлээ суусан эцэнхий эр, япон янжуур байн байн татна. Түүний хуучин цэрэг хувцасны энгэрт нэгэн медаль санжигнан харагдав. Номон ханы тулалдаанд /сайн байлдсан/ хүнд японы эзэн хаан шагнал болгон хөхүүлсэн гэдгийг Жамба санав. Тэр эцэнхий хүн цээжээ дүхийлгэн нүднийхээ булангаар медалиа хялам хялам хийн гарахыг ажсан Жамбын инээд эрхгүй хүрч-
- Та Номон ханы тулалдаанд оролцож явсан юм уу гэж асуухад:
- Тийм ээ би улаан монголын түжгэрүүдтэй байлдаж явсан юм. Ширүүн тулалдаан болсондоо гэж хариулаад янжуураа асааж,
- Манай хошуунаас олон хүн Номон ханы байлдаанд явсан. Эргэж ирсэн нь бараг би юм даг гэж сайрхах байдлаар хэлэхэд Жамба өрөвдсөн дүр эсгэж,
- Зайлуул. Хайран залуус. Хичнээн аав ээс, ах дүүс, үр хүүхэд хагацал өнчрөл үзээ бол гэдэг тэр хүн шүүрс алдан
- Хэлэхүйе бэрх, нутагтаа ирээд хүмүүсийн нүүрийг харахын аргагүй байсан сан гэв. Жамба түүний янзыг үзэн,
- Таныг азаар амьд үлдсэн гэж эзэн хаанаас нь медалиар хөхүүлсэн хэрэг дээ гэж ёжтой хэлэхэд тэр хүн дурамжхан янзтай,
- Энэ чинь ялалтын шагнал шүү дээ гэж гоморхох байдалтай хариулахад Жамба дуугарсангүй. /Энэ хүний үгэнд буруу юм алга. Японы цэргүүд манай эх нутаг руу өндөлзөөд бут цохиулсныгаа, ялсан гэж Өвөрмонголчуудад ойлгуулжээ/ гэж бодов.
Замын жижгэвтэр хотод галт тэрэг зогсоход цагдаагийн албаныхан зорчигчдын бичиг сэлтийг шалгаж эхлэв. Цагдаа нар галт тэргэнд суугчдын хоёр талаас шалгаж байгаа нь сэжигтэй хүнд нуугдах бололцоо өгөхгүй гэсэн далд учиртай ажээ. Жамбын хувьд паспорт яг ёсоороо хийгдсэн боловч үнэмлэх нарийн шалгавал сэжиг төрж мэдэх байв. Бас хөх хотын цагдаагийн газар Доржийн үхсэн явдлын мөрөөр нарийн мөшгөж зоогийн газар /наргисан байдлыг мэдэж хамт байсан хүнийг эрэн хайж байгаа бол сэжиглэгдэх аюултай гэж бодоод нэгэн арга сүвэгчлэн
- Таны ялалтын медалийг үзэх үү. Мөн ч сайхан юм байна шүү дээ гээд гараа тосоход нөгөө хүн юм ч хэлсэнгүй, хурдан гэгч энгэрээсээ авч өгөхөд Жамба инээмсэглэн баярласан дүр үзүүлж түүнийг энгэртээ зүүгээд
- За ямар байна вэ? Их наран улсын эзэн хааны хайрыг шингээсэн энэ одонг ингээд зүүвэл сайхан шүү гэж хэлэх зуур хоёр цагдаа үнэмлэх бичгээ үзүүлцгээ гэв.Нөгөө эцэнхий эр бичиг баримтаа үзүүлэв. Цагдаа түүний үнэмлэх паспортыг тулган шалгаж байх зуураа Жамбыг хяламхийн ажиглаж энгэрт нь зүүсэн/ялалтын медаль/-ийг лавшруулан хараад нүдний харц нь зөөлрөх шиг болоход Жамба паспортоо гаргав. Тэр цагдаа паспортыг хайнгадуу харснаа буцаан өгөөд дараагийн тасалгаанд орлоо. Жамба медалиа эзний нь энгэрт хүндэтгэл үзүүлэн зүүв. /Энэ чинь хэрдээ хүндэтгэлтэй эд байх нь, тэгээд мань хүн зүүн яваа хэрэг, Үнэмлэх үзвэл очсон тэмдэг дарагдаагүй тул ороогдож болохоос ямар ч гэсэн мултрав гэж сэтгэл өег боллоо.
 
ШАРГА УУЛ

Сихара Жанчхүүгийн тагнуулын газраас БНМАУ- ын эсрэг явуулах /Шарга уул/ операцийн бэлтгэл төлөвлөгөөтэй танилцан тунгаалт хийжээ. Тэр ханан дахь газрын зургийн дэргэд очоод доёлзуулан байгаа шугамаа Ази тивийн төв хэсэгт хүргэн .
- Азийн зургийг харахын бол Сибирийн төмөр замыг хаацайлсан гадаад Монгол бидний хувьд чтратегийн ямар их ач холбогдолтой нь та нарт тодорхой харагдаж байгаа биз. Гадаад Монголыг Япон, Манжуур хоёртой нэгтгэх нь амин чухал болоод байна гэж Японы цэргийн яамны шунахай генералын нэг Итагазийн хэлснийг давтан өгүүлээд, шугамаа Жанчхүүгээс Улаанбаатар хот хүртэл тавьж
- Энэ чиглэлийн замыг гарын хуруу шиг мэдэх хэрэгтэй гэж хүн хүний царай руу юу гэж бодсныг нь таах гэсэн бололтой харах зуур янжуураа асаав.
/Шарга уул/ -ыг явуулахад голчлон оролцох тагнуулчид энэ ярианд суужээ. Гуяма босов. Тэр гартаа бичигтэй хэдэн хуудас цаас барьж түүнээс нүдээ салгалгүй хэсэг түдснээ
- Кавантуны армийн цэргийн дээд даргаас бидэнд /Шарга уул/-ыг яаралтай явуул гэлээ. Түүний үр дүнгээс чухал зүйл гарна. Бид гадаад Монголын нутгийг сэм нэвтрэн Сайншандаас дөчин км байгаа Улаан-Овоонд хүрч ажиллах болно. Үүний зорилго бол Монголын хил хамгалалт болон түүнээс гүнд буюу цэргийн анийг илрүүлэн хүч зэвсэглэл, бэхлэлтийг мэдэх, зургийг авах, утсан яриаг сонсох, цэргийн дарга юм уу, цэрэг олзолж ирэх болно. Хоёр дахь гол зүйл бол энэ хоорондхи газрыг судлан зураг үйлдэхэд бэлэн болгоно. Тагнах хугацаа долоо хоног. Урьд өгсөн зааврын дагуу хүн бүр шийдмэг ажиллах хэрэгтэй. Би биечлэн удирдана. Үүний нууц задарвал сөнөнө гэсэн хэрэг гэж дуулгаварт хүмүүстээ анхааруулав.
Тагнуулд явах гэж байгаа хүмүүс дор бүрнээ нэгийг бодож чимээгүй сууна. Тэдний ихэнх нь наран эзний амнаас гарсныг /үгүй/ гээд барахгүй, дуртай дургүй ч хийх гэж оролдохоос биш, татгалзвал энэ толгойгоо шороонд будуудна гэсэн үг. Тэртээ тэргүй энэ толгой хутганы ирэн дээр байгаа хойно, амь дүйж нэг оронцоглоод аз үзэх үү? Эсвэл хил нэвтрэв. Тийм ийм юм харав уу гээд бас нэг дөнгөхийх бодох уу? Монголын хилчнийгбарьж ир эсвэл буудаж алаад чихийг огтлох буюу юмыг авчир гэнэ. Энэ ч санадаггүйдаваа, өөрсдөө тархи хага буудуулчихгүй сэм өнгөлзөөд ирвэл дээдийн заяа яаж ламд мэнд гаръя даа гэж зүсэн зүйлийг бодолхийлэн сэтгэл зовиуртай байлаа.Бас бүтэхгүй сүйрэх байх гэж үл итгэн айсандаа уруул жимийн Гуямаг ширтэн хааяа нэг ханиан хавчганана.
Гуяма өөрийн гарын доорхи хүмүүсээ тун өөдгүй бодож басамжлах боловч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн тэднийг /тун зүрх зоригтой, баатар эрчүүл. Ирээдүйн Монгол эх гүрний том албан тушаалтай хүндтэй хүмүүс болно/ гэдэг үгийг байн байн давтдаг зантай. Энэ удаа нилээд хянуур янзтай байх ажээ. Тэр, тагнуулд явах хүмүүсийнхээ сэтгэлийг хөдөлгөн өөрийн ухаан зарсан нэр алдраа мандуулах /Шарга уул/ ажиллагаа сайн яавал үр дүнтэй болох вэ, урьдын адил болгохгүй юмсан гэж цөхөрснөөс ийм байгаа билээ. Энэ ажиллагааг сайн явуул гэсэн шаардлага, цахилгаан өдөр бүр дээрээс ирж зовоож байв. Хэрэв бүтвэл би сум шиг цойлно доо. Тэнгэр минь мэдтүгэй гэж дотроо наминчлана.
Гуяма өөрийн сэдсэн зүйлээ олз омогтой болгохгүй бол Нарангийн том тагнуулч Сихарагийн өмнө тун буруутай болно. Тиймээс гадаад Монголын эсрэг зохиох тагнуулын ажилд явах хүмүүсийнхээ урмыг түймэр асаах мэт дүрэлзүүлэхийг хичээн, ядрал зүдрэл багатай амар хялбар болгочихно гэж үнэмшүүлэхийг хичээсэн зольхай байдал ил.
- Зүүн өмнөд Азид манай Их Наран улсын байдал сайн байна. Ази бол манай эзэнт улсын мэдэлд байх тэнгэрийн заалттай. Та нараас, Их Наран улсын тэнгэр заяат эзэн хааны төлөө амь насаа зориулах энэ үйл хэрэг бол хамтын ариун зүйл юм гэж Гуяма хэлэхэд Сихара толгойгоо дохин зөвшөөрсөн байдал үзүүлснээ
- Японы харъяат хүн ямар ч гэм хийлээ гэсэн дайчин тугынхаа дор жагсаалдаа бүх нүглээ арилгадаг юм. Манай цэрэг эзэн хааны төлөө байлдаж байна. Ингэхлээр энэ дайн бол ариун дайн болно. /Эзэн хаан мандтугай гэж хэлээд үхэж байгаа хүн, сайн ч, муу ч бай, бурхны хутгийг олдог/ гэж /Тэйкоку Симпо/ сонинд бичсэнийг цээжилснээ дуулгаварт хүмүүстээ ятган зоригжуулах гэж цэцэрхэн хэлэв.
 
***

Хөх тоосгоор барьсан урт дан байшингийн хонгилд хэдэн хүнийг зэрэгцүүлэн зогсоожээ. Тэд голдуу хорин таваас гучин таван насны эрчүүд агаад ногоон цэрэг цамц, савхин гутал өмсөж, суран бүс бүсэлснийг харахад Монгол улсын цэргийн байдалтай ижил, тэдний гурав нь орос винтов барьж, хоёр нь орос хийцийн дуран зүүсэн байв. Малгай нь ч монгол цэргийнхтэй адил болсон нь япон тагнуулын албаныхан зориуд ийм байдлаар бэлтгэснийх ажээ. Хэрмэн дотор гүнд уяатай морьдын гуяа ташаанд дарсан тэмдэг, тохсон эмээл цөм Монголын цэргийнхтэй адил байв. Эд, хэрэв Монгол улсын хил нэвтрээд орчихвол хэнд ч танигдахааргүйгээр даалгаврыг сайн биелүүлж олз омогтой явна гэж горидно. Харин Дорнод аймаг юм уу, Өндөрхааны цэргийн ангид нэвтрэн тагнуул хийж нэр усаа мандуулах гэсэн заавартай, өндөр шар цахар хүний зүрх бэлбэлзэх боловч амь дүйж явахгүй бол нарангуудын гарт утсан гол талаар өнгөрнө. Аз болж амьд гэлдрээд ирвэл тэнгэрийн умдаг атгах нь тэр. Ар монголын хилийн түжгэрүүдийг мэнд давна гэдэг бэрх гэж бодох зуур Монгол улсын хилийг нэвтэрч нэг удаа тагнуул хийх гэж очоод хилчдэд морио буудуулан баригдахын даваан дээр чуу чамай хилийн шугам гарч буттай хонхорт амь зулбан нуугдаж, шөнө дөл болсон хойно үхэн хатан ирснийг санаж, дааварласан хөлсөө ханцуйгаар арчин наран ноёнд мэдэгдэхгүйг хичээнэ. Винтовныхоо замгийг оролдон байгаа ов тов цоохор эр Монгол улсын хилийг хоёр ч удаа нэвтэрсэн гэж сайн үнэлэлт авч нэг морь, мөнгөн товруутай хазаарын шагнал авсан. Ганцаараа явсан бол наран ноёныг хуурчихаж дөнгөх л байсан. Одоо хэдүүл болохоор яая даа. Утасны хонхны хагархай авчирахад нэг үнэмшсэн, нэг оргодлын яриаг сэм сонссоноо хэлж хоёр дахиа аргалсан. Одооч өнгөрөв бололтой. Монголын хил дээр алагдах баригдахын аль нэг болох биз. Ер нь ингэж байснаас Монголынхонд баригдаад үнэнээ хэлэхэд арай алчихгүй байх гэж уймарна.Хоёр нүдний дуран зүүсэн намхан бор хүний цамц нь элбэгдсэн тул бумбаны салбан мэт агаад тэр , би наран эзэнд үнэтэй хүн. Монголоос оргож ирээд хэрэгтэй хичнээ хэрэгтэй зүйл хэлсэн билээ дээ. Эцэг минь 1932 онд шарын цэрэгт яваад алагдсан, лам ах, авга ах ламын хамт баригдаад сураггүй болсон. Тэдний /өсийг би чадлын хирээр авлаа/ цааш өс хонзон барагдаагүй дээ.Наран ноёд муугүй бэлдлээ. Энэ муу сайн хужгар юмнуудаас болж баригдахад хүрвэл эднийг цааш нь хаоуулчихаад өөрөө амьд үлдэж Монголын Дотоод яаманд нэр хүнд олж аргалан эзний даалгаврыг биелүүлж ирэх хоёр дахь даалгавартайг энэ амьтад ямар мэдэх биш. Миний тухай байгаа нь надад лав хэрэг болно. Монголын хилчдэд баригдсан нөгөө На миний талаар бүгдийг ярьсан биз/ Би түүнд/эх орон шиг сахйна юм алга. Амьдралдаа нэг алдсан, одоо эх орондоо хэрэгтэй юм хийгээд үхнэ. Болдог бол Өвөрмонголд хувьсгал гаргаад үзэхсэн. Чадвал энэ онцгой яамны нууц бичгийг аваад нэг шөнө очвол яах бол арай бага тус юм уу, эдний явуулсан баахан тагнуулчдыг нутагтаа орохоор бүгдийг учрыг нь олчихоод байхвад намайг оргосон буруугаас уучлах/ болов уу гэснийг лав Дотоод Яамныханд хэлсэн. Ингэхлээр арга ядарвал Нарангийн хоёр дахь аргыг хэрэглээд үзэхэд лав л амьд үлдэнэ./ гэж бодон сэтгэлээ амраахыг хичээнэ. Гуяма /Эднийг дэргэд нь нүдээрээ харж байхгүй бол ийм юм үзэв, харав гэж худал хэлээд дөнгөчихдөг амьтад даа. Би Монголын хилийг өөрөө нэвтэрвэл яах бол. Монголын хилийнхэн далдаас сэм харж байгаад хавхдаж мэднэ. Танака энд онцгой яамны дарга байхдаа худал үнэн юмаар доргиосоор байгаад тушаал ахисан, тэгээд Монгол улсын эсрэг тагнуул явуулдаг хүндтэй том хүнд тооцогдоод байгаа юм чинь\. Тийм аз заяа надад ирэхийн хэн байг гэх вэ? Юу ч гэсн аз туршууд үзнэ дээ. гэж өөрийгөө зориг оруулан урмаар хөгжөөх гэж оролдов. Гуяма явах хүн бүрийг нягтлан харснаа
- За бэлтгэл сайн байна. Та нар нэг биш удаа сургууль хийсэн болохоор Наран их гүрний далгаврыг биелүүлэх бүрэн их боломж бий, наашаа ирцгээ гээд тусгай өрөө рүү дагуулан орлоо. Янз бүрийн архи дарс, чихэр боов, тамхи чүдэнзнээс авахуулаад мундахгүй зүйлийг дөрвөлжин зассан ширээн дээр өржээ. Гуяма нөхөд өөд харан
- Та бүхнийг суухыг уръя. Бид эзэн хааны төлөө, бүх Монгол туургатныг нэгтгэх гавъяат ажил үйлсэд бага боловч тус болохын тулд мордох гэж байгаа болохоор алсын зам сайн сайхан болтугай.гэж ерөөн бэлэгдэх гэж өчүүхэн цайдлага хийж буй юм гээд хундагатай архиа өргөж,
- Бидний бодсон юм бүхэн эзэн тэнгэрийн заалт ёсоор бүттүгэй гэхэд бусад нь Жа! Тэр ерөөл бат орших болтугай гээд мэхэсхийн хундагатай архиа хөнтөрнө.
Гуямагийн энэ цайллага хийж буйн далд учир бол тэдний амыг халаан сэтгэл зүйн судалгаа явуулах гэсэн хэрэг байжээ. Тэр эргэцүүлэн бодно. Ажиглан бодно. Нүүрэн дээр нь бичээстэй биш яаж мэдэх билээ.
 
ЖАНЧХҮҮД

Жанчхүү бол давааны өвөр хонхор газар байгуулагдсан эртний хот, Япон, 1935 онд зэвсгийн хүчээр эзэмшсэн ядуу зүдүү амьдралтай газрын нэг. Японы цэргийн ерөнхий штабын тушаал заавраар юм бүхэн үлгэн салган хөдөлж, Өвөрмонголын өөртөө засах засгийн ордны ноёд түшмэд гар нь хүлээстэй мэт. Нарангийн гар зангасан зүг ханарч, амнаас гарсан үг бүрд сөхрөн бэмбэлзэж эрх мэдэлгүй байгаа нь гадна дотнын хэний ч нүдэнд өртөнө. Хотын зүүн өмнө Цинхэ голын хажууханд Цу-Тун гэдэг гудамжны хэдэн давхар байшингуудад японы онцгой яам байрлана. Түүний арханд хотын захиргааны цагдан сэргийлэх байх ажээ. Онцгой яамныхан ба шапиндуй /харгис цагдаа нар/ наана л явна, хүн бүхний зүрхийг жадаар хатгах мэт цочооно. Тэнд, Жанчхүү хотоос зүүн тийш уулын араар харагдах олон улаан тоосгон байшин нь японы цэргийн хуаран ажээ.
Жамба, энэ орчимд ямар хөл хөдөлгөөнтэй байгааг нэгд нэгэнгүй мэднэ. Жанчхүүгийн төмөр замын их буудалд Жамба бараг өдөр болгон очиж /ажилладаг/ болохоор хөх хот, Бээжин рүү ямар ачаа ирж, очиж буйг андахгүй. Жамба, энд ирсээр зургаан сар хиртэй болсон тул овоо дасчээ.Жанчхүү хотын зээлийн гуламжны намхан байшин нь гаднаас харахад жирийн ядуу хүний сууц юм. Байшингийн буланийн хөх тоосго өлийсөн нь гэрч. Олон удсан Жамба эзгэнсээр удаагүй ч гэсэн тавилгыг зах зээлээс худалдан авч янзалжээ.
Байшингийн доторх зүйлд гойд юм алга.Эхнэргүй эр хүний амьдрал ямар байдгийг харуулна. /Энэ байшинг нэг худалдаачин хятад хүнээс авч суугаад удаагүй байгаа. Хааяа улс амьтанд таарсан жаал зугаа өр авлага/ авахаар хот хөдөө явах завсар хоёр удаа цойжийг онгойлгож хүн орсон нь мэдэгдэв. Ер нь хэнтэй юу ярих, ямар байдлаар аж төрж, ааль араншин гаргахаа нарийн бодож түүнд өөрийн бие сэтгэлийг зориулан нэг ёсондоо /жүжигчний/ ройлд тоглож байгаа маань багадаад байна гэж үү.Улам л сайн /жүжиглэх хэрэгтэй болж байх шив. Харь нутгийн өөр янзын хэл аялгуу чихэнд хоногшихгүй хүнийрхэх, өөрөө харийн хэлээр ярьж хэвшихгүй болгоомжлох хоёр нэг ёсондоо сүрхий даваа байв./Ам алдвал барьж болохгүй/ аялгуу ондоо үг зөрвөл нэг мөсөн алдав гэсэн хэрэг. Тун болгоомжтой байх нь зөв. Японы нууц тагнуулын ул шагайгчид саявтраас намайг мөшгөдөг боллоо. Өө сэв эрж, өдөөн хатгах гэж оролдлоо. / Халхын тагнуул танай энд ирсэн байна. Баруунаас морьтой хүн ирээд явж, та түүнийг мэд вүү? / гэж онцгой яамны үнэнч зарч шагайн асуусан.
Энэ харь газар надад учирч буй юм бүхнийг сайн ажиж бодож ухаараад зөв шийдэх нь чухал юм байна аа гэж бодон тамхиныхаа үнсийг няслаад, /дахин мандах Монголын чимээ/ сонины нэг дугаарыг авч /зүүн өмнөд Азийн дайн ялалт байгуулав. Их Наран улс тэнгэрийн ивээл, заалтаар Ази тивийн үй олон ард олныг амгалан болгон нэгтгэх болно/ гэснийг уншаад инээд нь хүрэв. /Шарга уул/ гэгч сүртэй нэр өгсөн тагнах ажиллагааг бэлтгэж байгаа болон түүнд оролцох хэдэн хүнийг /Мөнгөн товч/ овоо мэдсэн байсан нь тун сайн болов. Ямар ч гэсэн хэзээ манай хилийн зүг хөдлөхийг мэдээд /Ээж/-д хэл хүргэчихвэл тэд хаашаа зайлах вэ. Хурандаагийн сонорт нэг хүрэхээр бүх хэрэг бүтэх тэр,
Далай Цоржийн элсэн талд цэргийн том хээрийн сургууль хийх гэж байгааг /ээж/-д мэдээлсний дараа ээжийн холбоо барилтаар цэргийн нууц олзлох цоо шинэ даалгавар авав.Үүнийг яаж биелүүлэх вэ гэж бодож суутал хэрэмний хаалга торхийн хэдэн хүн орж ирэв. Цонхоор ажвал, Шапиндуй гэгч хотын цагдаа, хоёр үл таних хүний хамт байв. Дүрэмт хувцастай цагдааг даган яваа нь тагнуулын токуму /японы тагнуулын онцгой ажилтан/ шиншилж явааг гэрчилнэ. Хаалга тогшив.
- Ор ор! гэхэд цагдаа түрүүлэн орж ирээд
- Эрхэм таны амрыг эрье гэж ёсорхуу мэндлээд
- Хотын хэрэг эрхлэн цагдан сэргийлэхээс явна. Та хэдүүлээ суудаг вэ? гэж асуув.
- Би ганцаараа
- Паспортоо үзүүлнэ үү?
- Болно, болно гээд дэрэн доороосоо хатуу цагаан цаастай паспортоо авч өгөв.
Цагдаа паспортын зургийг ажна.
- Та саяхан сунгуулсан юм уу?
- Тийм ээ
- Түрүүчийн шалгалтаар та гэртээ байгаагүй алч яваа юу?
- Би Бадгарын хийд орж арав гаруй хоноод ирлээ. Миний ах Пүрэв тэндэхийн жасын нярав юм гэхийг сонссон цагдаа давхар шалгах юмтай болов гэж олзуурхав.
- Та ямар үндэстэн бэ?
- Цахар
- Аа цахар гэнээ. Таныг халх л гэж бодов гээд цаанаа л нэг ёозгүй хэлэхийг мэдсэн Жамба
- Аргагүй шүү дээ эцэг маань цахар, эх минь дариганга юм чинь, таны хэлдэг зөв. Намайг , танилууд саармаг хэлтэй хэмээн шоолж тохуурхах санаатай байдаг гэж хэнэггүй өгүүлэв. Цагдаа үнэмшсэн боловч цаад хоёр нь юу л бол гэсэн байртай байшинийн доторхи зүйлийг гярхай ажихыг Жамба мэдээд
- Би ч залуугаасаа энд тэнд тэнэж амь зуух гэсээр яваад авгай хүүхэн ч аваагүй байгаа хүн дээ. Уг нь сэтгэлээс гардаггүй нэг аятайхан хонгор бий. За тэр ч яахав. Эрхмүүд ажил ихтэй ч гэсэн манайд жаахан саатан хайрла гээд нахман мэлхий ширээ рүү гар занган, хананы хажуу дахь шургуулганаас хар архи гарган тэдний хариу хэлэхийг хүлээлгүй шаазан хундаганд хундагалан тус бүрд нь хүндэтгэл үзүүлэн барихад тэд төдий л дургүй бус тул
- Эрхэм хүмүүсийн ажил үйлс чинь бүтэмжтэй, алдар нэр төгс байхын төлөө гэхэд тэд толгой дохин хөнтөрч орхив. Дахин нэг хундаглахад тэд татгалзсангүй.
- Би танай ахмадыг таньдаг дотно байв шүү гэхэд цагдаа
- Аа тийм үү? Мураг уу?
Тэгэлгүй яахав. Тэр чинь манайд хааяа ирж бид хоёр наргидаг байсан юм. Найзархаг хүн юм шүү дээ. Осака хотод очоод надад эзэн хааны төрсөн өдрөөр баяр хүргэсэн байна лээ гээд цахилгааныг хальт харуулан дэрэн дээрээ ил тавихад Осаза хот Мурагаас Жанчхүү Жамбад, гэсэн үг тод харагдана. Цагдаа нар анх орж ирснээсээ зөөлөрч ийш тийш нүд хужирлаад байхаа ч болив. Алтан соёотой шар хүнийг судлаасаа босох гэхэд ахин архи хундагалж
- Гурван хундага тогтоох ёс байдаг хойно, өчүүхэн миний мэт айлд саатсанд би сэтгэл таатай байна. Та нарын аз жаргалын төлөө гэхэд хундагатай архиа тогтоон, босоцгоов. Цагдаа, үүд рүү алхсанаа эргэн харж
- Ингэж найр тавьсанд чинь гялайлаа. Та тавтай амраарай. Таны ая тухыг алдуулсанд уучлаарай гэхэд
- Зүгээр яалаа гэж тух алдах вэ? Харин ахмадыг явснаас хойш та мэт хүмүүс манайд ингэж морилоогүй удсан болохоор эрхэм та бүхэн ирсэн нь тун таатай байна гэв.
- Тэд мэхийн Жамба руу инээсхийн талархал үзүүлэн гарцгаав.
Жамба, хэрэмнээс үдэж гаргасангүй. Гтэл тэд хэрмэн дотуур ийш тийш явах нь учиртай санагдав. Нэг нь жижиг цүнхтэй юм гартаа барьж явсан тул хэрэмний буланд нуусан станцыг эрээд олчих вий гэж эмээн сэм ажив. Тэр, гараасаа нарийвтар зүйл сунган газар хатгаж явахыг цонхны бүдэг гэрэлд харсан Жамөа, хэрэв хэрэмний баруун булан руу зүглэвэл гарч очъё, яах нь вэ гэж бодон азнаснаа тэднийг явахгүй эргэлдээд байхаар байшингаас гэнэт гарав. Харин нөгөө гурав юу ч болоогүй юм шиг хэрэмнээс гараад явчихав.
Ийм шалгалт дахин хийвэл станц илэрнэ. Маргааш хотоос гадагш аваачиж байрлуулъя гэж Жамба шийдэв. Жамба хаалгаа түгжин /эднийг ингэж л аргалахгүй бол нэгжиж ч мэдэх улч. Лав л хэд хоног хойноос харахгүй байх. Миний хэлснийг сонссон болохоор Бадгарын хийд рүү, бас Осака хот тийш ч шалгах гэнэ. Тэгвэл надад бүр сайн, гарцаагүй үнэмшигдэх юм чинь яахав. Би цаг хожно. Хардлага эхлэсэн явдал зүүн хэрэмний данжаадаас болсон юм. Тэр, намайг нэг л сонирхоод байсан, цагдаагийн нууц зарцын хувьд хов хүргэсэн хэрэг. /Мөнгөн товч/ юмаа бүтээчихвэл би эндэс яаралтай зайлах хэрэгтэй боллоо. Юм бүхнээ сайн амжуулахын тулд тун сайн бэлтгэе. Өчүүхэн гэнэ алдаа онцгой яамны босгонд бүдэрч эх орныхоо өмнө гэмтэн болно. Байшинг худалдан авахаар тохирсон хятад хүн, гурав хоногийн дараа ирнэ. Би түүнтэй бараг зөрөөд хөдөлчих нь зөв. Радио станцаараа сүүлчийн нэвтрүүлэгээ хээрээс хийгээд цааш завсар хот хүрч тэндээсээ зам сонгоно. Уналга бүтэх болсон тул саатахгүй биз.
Хэрэв намайг харуулдаж эхэлбэл түвэг гарна. Гэлээ ч /ээж/-ийн даалгаврыг бүрэн биелүүлж л буцна. Сүвэгчилсэн юм хэд бий, бүтэх ёстой хэмээн эх орноо гэх ганцхан бодол Жамбын сэтгэлд хадаатай ажээ.
.
ОТОЛТ

Монголын хилийг нэвтрэн тагнуул хийх хүмүүст эцсийн даалгавраа өгч, Гуяма тун ихэмсэг байгаа нь өмнөх хүмүүсийн сэтгэлд өгсөн даалгавар яав ч биелэн амьд мэнд буцаж ирэх юм гэсэн, итгэл төрүүлэх ов байв. Гуяма хил орчмын газрыг өнгөөр ялган зурсан зургийг зааж энэ өндөрлөг бол Монголын хилийн заставаас хорин км-т орших тул аюул бага аа. Та нарын дөрөө амгайг янзалсан тул дуу чимээ гарахгүй. Морины хөлийн чимээ хорин таван метр газар, салхи дундын хурдтай байхад сонсогддохгүй. Шивнэсэн яриа арван метр зайд үл ялих мэдэгддэг. Салхи 5-6 м хурдтай үед та нарын дуу 140 метрээс мэдэгдэнэ. Энэ явах хугацаанд салхины хэмжээ онц өөрчлөгдөхгүй гэдгийг бид тооцолсон юм. Сэтгэл зоволтгүй, гэвч болгоомжил. Бүх зүйл өөрсдөөс чинь шалтгаална. Би араас чинь хянаж байна. Холбоог сайн барьж байна. Та нарын хийсэн ажлын амжилт бүр их наран улсад үнэнчийн гэрч мөн учир сайн сайхан учрал та нарыг угтана гэдгийг дахин хэлье гээд жоотгонон инээмсэглэж тун боловсон дүртэй ёсорхог харагдана.
Японыхон Өвөрмонголын нутгийн хойт захаар цаг уурын мэдээлэх салбаруудыг энд тэндгүй байгуулсан нь далд учиртай. Далай дахь хэсэгхэн арлын их наран улсын /соён гийгүүлэгч/ гэж өөрсдийгөө нэрлэдэг иргэд эндэхийн хуурайлаг цаг агаарт ядаж хувцасаа тааруулан хөлдчихгүй дасахад хэрэг болно гэж бодохын хамт зүүн өмнөд Азийн дайнд ялалт хийгээд дараа нь гадаад монгол руу довтлон цааш оросыг байлдан эзлэхэд ашиглах гэсэн ажээ. Үүнийг нуух гэж /өвөрмонголд туслаж цаг агаарын станц байгуулж байна/ гэж сүртэй ярьцгаах авч хэдхэн том хотын радиогоор зарлах төдийгээс үл хэтрэнэ. Өвөрмонгол дахь цаг агаарын мэдээнүүд нь БНМАУ-ын цаг уурыг судлахад хэрэгтэй болохоор эд ингэж хүч хөрөнгө гаргадыг мэдэх хүн тун цөөн. Үүнийг онцгой яамныхан тун олзуурхан, бие биеээсээ гайхуулах нэг арга болно.
 
***

Сүмийн гол дуганаас зүүхэн тээх тахир гудамжны эхэнд шавар хэрмэн дэх хөх тоосгон навтгар байшинд Гуяма хүрэн будагтай модон ширээний ард аль нэгийг сэтгэн гөлөрч сууснаа гартаа цаас барин орж ирсэн бахим биетэй бүрзгэр үстэй япон холбоочин залуугийн бичгийг авч шуналтай гүйлгэн уншаад нүүрэнд нь инээмсэглэл тодрон арзгардуу жижиг шүдээ ярзайлаган холбоочин өөд харж,
- Сайн байна ажлын эхлэл овоо. Манай хэд яггүй бэлтгэл хийсний ачаар монголын хил давчихлаа. Одоо учир бий гээд үзгээ чөөчигнүүлэн байж ширээн дээрх цаасанд хэдэн үг бичээд хурандаа явуул гэж холбоочинд өгөв.
Хаалга тогшиж зөвшөөрөл аваад Баатар орж ирэв.Гуямагийн царай урьдынхаа хөгжилтэй харагдана. Гуяма баярласан янзтай.
- Манайхан монголын хилийг хэвтрээд гялалзлаа шүү гэж бардамхан хэлэхийг сонссон Баатарт тун эвгүй санагдав ч царайгаа төв болон юу ч мэдэхгүйг хичээн баярлангуй дүрээр:
- Ээ яасан сайн юм бэ? Монголын хилийг нэг нэвтэрсэн болохоор дажгүй биз гэхэд
- Одоо яана л гээч, хийх юмаа хийчихээд нэг л шөнө эргээд ухасхийвэл болох нь тэр хэмээн Гуяма соохгор өгүүлэв. Баатар /би цаг алдаагүй мэдэгдсэн. Яагаад хил дээр бариад аваагүй юм бол эсвэл дотогш оруулаад учрыг нь олох гэсэн юм болов уу, Гуяма их л сагаж байна. Хэрэг болбол чамайг ч уургалан авчихад амархан бий. Хил рүү шиншлээд нэг ойртоход цаад руу түлхчих юмсан. Үүнийг аваачвал нилээд ют яриулж болох байх/ гэж бодно.
Гуяма /Шарга уул/ маань амжилттай болбол би Сихарагийн басамжлалд нэг сайн хариу өгч мадлана. Чухам яаж мадлах бэ гэж янз янзаар бодох зуураа, энэ Баатар өнгөн дээрээ наран улс гэх болов ч цаанаа ямар бодолтой бол доо. Наран бидэнд дотроо дуртай хүн энд ховор. Өвөрлөгч хүний сэтгэл санааг хууран эзэмдэнэ гэдэг хэцүү юм. Бидний ухуулж хэлэх ятгалага маань мундахгүй байна. Гэхэд энэ муусайн өвөрмонголчууд үнэмшиж байгаа шинж алга. Манай даалгаварт амьтад тал тал руу шогших л юм. Базаалтай зүйл сонсоод ирж чадахгүй байна гэж бодох сацуу хил давсан /Шарга уул/ ийн хэд сэтгэлээс нь гарахгүй зовооно.
Хоёр дахь мэдээг холбоочин авчрав. /Сааталгүй ирэв. Ажил эхлэв/ гэснийг хальт мульт харуут тэр, дуу алдах шахан өндөсхийн босож бүх зүйл миний бодсоноор болжээ. Одоо дараачийнхдаа орно гэхэд Баатар бүр гайхав. /Тэд очих газраа очоогүй баригдсан байх ёстой. Өнөө шөнө сайн морьтой ухасхийхэд нэг л учир бий дээ. Эх нутгийнхаа шороон дээр хөлөө тавиад цэнгэг агаарыг нь цээж дүүргээд ирэх юм сан. Эндээс тун ойрхон байна/ гэж бодсноо, /цаг нь одоо болоогүй ээ/ гэж Чойжилийн хэлсэн нь санагдаж /ямар ч заавар авалгүй дураар ажиллавал алдаа гарч муу юм болно. Тэд баригдчихвал энэ муу Гуяма ийм маасгар байхгүй/ хэмээн санаж түүний нүүр өөд харахад Гуяма инээд алдан
- Баатар аа! чи энэ зургийг үз гээд ширээн дээр дэлгэсэн газрын зураг руу зааж
- Эд маань, энд хүрчихээд байгаа хэрэг шүү. Овоо гайхалууд юм энэ бол |Өндөрхааны төв энд монголын цэргийн ангиуд бий. үүний хүч зэвсэглэлийг сайн мэдэх хэрэг байгаа юм. Бидний, төлөвлөгөө энэ их зам дагуу юм хэмээн Жанчхүүгээс Улаанбаатар хот хүртэлх жингийн хуучин замыг тэмдэглэсний дагуу харандаагаа бөмбөрүүлж
- Энэ зам бол арай чиг, дөт. Бид газар орны байдлыг овоо судалж мэдсэн тул найдвар байгаа. . гээд Баатар луу харснаа
- Чамд найдвар их бий. Эзэн хаан болж ч болно. Наран улсын ач ивээлээр эрдэмд боловсрон сурч юмны учир мэдэж нүд нээсэн хүн. Манай наран улс та нарт л найдвар тавьдаг. Ийм үг чамд хэлэх завшаан надад олдсонд би таатай байна. Ингэж л манай дээд дарга нар надад хэлсэн гэх нь цаанаа доогтой, тэгээд яах бол гэж янз үзсэн байдал ил байгааг мэдсэн Баатарын дотор арзасхийн эгдүүцэл төрөв. Гэвч Баатар биеэ барьж
- Баярлалаа. Ноён Гуямаа, миний ингэж наран эзэнтэй сэтгэл хүсэл нийлэн бие зэрэгцэн нууц албаны чухал хэрэг хүүрнэн байгаа маань та бүхний л ач шүү дээ. Би таны тухай юу гэхийг биелүүлэхэд бие сэтгэлээ өгөх дээдсийн тушаал заалттай юм болохоор та бүхнийг дээдлэн хүндэтгэж ажиллах учиртай билээ гэхийг Гуяма сонсоод сэтгэлд нь таарав бололтой толгогоо үл мэдэг мэхийн дохисхийлгэж
- Таныг ч бас хүндэтгэх ёстой. Наран улс бол танай мэт ийм улс гүрний төлөө л чин сэтгэлийн сайн санаа тавьж байгаа болохоос биш амиа бодсон өчүүхэн ч муу зүйл хийхгүй гэж мөчөөгөө өгөхгүй санаатай хариулав.
 
***
Дайсны /Шарга уул/-ын сөрөг авах /Отолт/-ыг явуулах бэлтгэлийг хангасан тул үйл ажиллагаа төлөвлөсөн дагуу эхэлжээ. Уулын бэл дэх хонхорт нууцгай барьсан хоёр жижиг ногоон майхны баруун талынхад хэлтсийн дарга хурандаа Дугаржав, холбоочин дэслэгч намхан бол залуугийн хамт байх ажээ.
Холбоочин ээлжийн харилцааг /Од/-той барихаар чагнуураа чихэндээ хийж долгиолон ирэх мэдээг саадгүй хүлээж авахад бэлтгэнэ. Хурандаа /Од/-оос ямар мэдээ ирэхийг тэсж ядан хүлээж, түүний тухай сэтгэлдээ төсөөлөн элдвийг эрэгцүүлнэ. /Од/-ын саяын мэдээнд, Жанчхүүгийн японы онцгой яамныхан удаан хугацаанд сургасан долоон тагнуулчныг урьдаас судалж сонгосон газраар цувруулан монгол улсын хилийг нэвтрүүлэх гэж хилийн ойр орших жижиг сүм дээр тун нууц очуулсныг дурдсан тул ...-р хэлтсийнхэн тэднийг барих ажиллагаа отолтыг явуулах ажлыг хурандаа хилийн ойр байрлаж, газар дээр удирдахаар ирээд байгаа нь энэ билээ.
Хилийн ...- отрядаас биечлэн туслах хоёр групп томилон түүний дотор хэд хэдэн чекист ажилтнууд оролцжээ. Манай авагдсан мэдээнээс, дайсан гурав хоногийн дотор хил даван ирж болзошгүй гэсэн дохио байсан учир хилийн группынхэн гурав хэсэг газрыг хүчлэн хянах ажилдаа орсон байв. Дээд командлалын өгсөн заавраар бол хилийн чанадаас илгээсэн дайсны тагнуулчдыг юуны өмнө илрүүлэн, хүн хүчийг тогтоон мэдэж, тэдний чиглэж ирсэн газраар нь манай хилийн дотор саадгүй оруулж огт сэжиг авахуулахгүйгээр ямар үйлдэл явуулахыг тагна мөшгиж, буцах замыг боон, үйл ажиллагааны тухай хурандаад цаг тухай бүр мэдээлж удирдлага авах ёстой ажээ.
Отолтын эцсийн зорилго бол дайсны тагнуулууд, өөрийн хийх гэсэн зүйлээ эхлэн явуулж байгаа үед нь баривчлах явдал байв. Тэдгээр хил зөрчигчид, гурваас тав хоногийн хугацаагаар манай нутгийн гүнд байрлаж, тагнуул хийх, манайхаас цэргийн хүнийг барьж аваачих эс чадвал дайралдсан хүнийг барьж байцаан цэргийн ангийн байрлалын тухай мэдээ авч дор нь алаад Гуямад итгүүлэх тэмдэг болгон тэр хүний чих юм уу хамрыг огтлон аваачиж гэрч нотолгоо болгох учиртай байжээ.
/Од/-ын мэдээ, 1944 оны есдүгээр сарын 15-нд долоон хүн Цагаан хадны сүм рүү явав. Цөм винтовоор зэвсэглэсэн дивизийн байрлалд нэвтрэн хүн авчрах гол үүрэгтэй. Гуяматай /мөнгө товч/ хамт явсан, хилийн орчим очих болно гэснийг хурндаа үзээд маргааш /гийчин/ ирнэ. Үүргээ соргог биелүүл гэж группүүдэд мэдэгд! гэж холбоочинд тушаав. Хурандаа бүх зүйл төлөвлөсөн дагуу явагдана. Харин дивизээс наана ажиллах нууц группэд нэмэгдэл үүрэг өгье. Хил нэвтрэгчдээс зарим нь үлдэж сэм манайхныг мэдвэл байдлыг өөр болгож түвэг удна.
Гуяма хил нэвтрүүлсэн долоогийнхоо хойноос сүүл дагуулахыг хэн байг гэх вэ? гэж бодохын завсар сэтгэл нь зовж буй нэг зүйлийг олон дахин эргэцүүлнэ. Юу гэвэл, дайсны тагнуулыг гэнэдүүлэн хоромхон зуур барихгүй бол биеэ хорлох эсвэл манайханд хохирол учруулах аюултай. Чулуун маань төв сургууль төгсөж ирээд удаагүй ч, зоригтой шаламгай залуу даа. Харин зориг нь дэндээд тэдэнтэй уулзахдаа зэвүү нь хүрвэл гранатаа шууд л дэлбэлчихэж сүйд болохгүй байгаа. Залуу ажилтанд ганц дутагдах зүйл нь сэтгэл санааны хатуужил тэсвэр дутаж хурдлаад огцом шийдчих гээд байдаг нь ажлын эцсийн үр дүнд гоомой юм харагдахад хүргэдэг талтай.
Дайсан цэргийн залуу офицерийг гэнэт уулзуут шүлсээ залгин урхидах гэх байх. Тэр үед айлган гар хөдөлгөлгүй суулгаж авах нь чухал. Энэ үед групп тал талаас амжиж очих биз. Гэвч үүнд цаг хугацаа шаардана. Чулуун маань хэр байхаас гарз үзэхгүй дийлнэ. Залуу ч гэсэн тэвдэхгүй байх. Тэгэхлээр уужуухан аргалж болох вий хэмээн залуу ажилтандаа итгэл дүүрэн байв.
 
***

Есдүгээр сарын 17-ны орой 11 цагт хоёр дахь группээс /гурван морьтой хүн хилийн . . . тоот өндөрлөгийн баруун сугаар дотогш нэвтрэв гэсэн мэдээ авсны дараа /Шөнийн 00 цагт хилийн .. . тоот өндөрлөгийн зүүн урд дэрс бүхий хонхорт хэдэн морьтой хүн нэг цаг хэртэй бүгж байгаад хил дотогш хөдлөв/ гэсэн нэгдэх группийн мэдээг үзсэн хурандаа Дугаржав, ахмад Дондогийг орж ирүүт
- /Од/-ын мэдээ төгөлдөр боллоо. Угтах группийнхэн дайчин ажиллагаа хэрэгтэй. Дайсны талаас хил нэвтрэгчид долоо наймуул гэдэг ортой.Эд тусгайдаа явж тагнуул хийх үү. Нэг газарт нийлэх нь үү гэдгийг сайн тагнан мэдэх нь чухал. Ард нь холбоо баригчид далд дагаж байгаа эсэхийг хурдан шалгуул. Бага дэслэгч Чулууныг ирүүл. Явах хүмүүсээ бэлэн байлга! гэж тушаав.
Бага дэслэгч Чулууныг ирэхэд, Дугаржав дэргэдээ суулгаад
- Нөхөр бага дэслэгч явахад бэлэн үү? Сэтгэл санааны хатуужил гэдэг бол манай энэ нууц чухал ажлын амжилтыг шийдэх зүйл шүү гэхэд,
- Бэлээн! Нөхөр хурандаа. Би таны анхааруулсныг ойлгов. Биелүүлнэ гэж Чулуун зоримог хариулав.
- Зүйтэй. Дайсныг буулгаж авах гэтэл чам руу нэг нь буудах гэвэл чи яах вэ? гэж хурандаа асуувал
- Өрсөнө гэж эрс хэлэхийг сонсоод хурандаа сэтгэл ханамжтай
- Тэгж л таарна. Тиймээс бэлэн самбаатай байвал дайсан өөрийн эрхгүй чиний тэр зориг сүр хүчинд дарагдах болно. Сүх жанжин гамингуудыг яаж ганцаараа буулгасан билээ гэж сургамжлан өгүүлэв.
- Хилийн хоёр дахь группээс мэдээ ирэв гээд холбоочны өгсөн мэдээг хурандаа үзээд
- Дайсны хил нэвтэрсэн хоёр хэсэг, хоорондоо долоон км зайтай байснаа ойртжээ. Тэднээс хоёр хүн шөнө явж дивизэд таван км ойр очиж агтны байранд нуугдах гэхэд нь эсэргүүцэл үзүүлэх зав өгөлгүй баривчилсан нь сайн. Үлдсэн нь нэг хоногоос илүү байх учиргүй болов гээд дэргэдээ сууж байсан Дондогт
- Одоо явцгаая. Морьдоо авчир! Зохих тэмдэгт байруудыг сэм эзэлж Чулууныг явуулах болно гэв.
 
***

Намрын хонгор салхи сэржигнэн үлээж, говь тал газрын өвчний толгойг ганхуулах аясаар өвс шар! шур! хийснэ. Том жижиг сэрэвгэр хүрэн хамхуул сархины аяс даган нэвсэг нэвсэг хийн өнгөрөхөд хонхорт тушсан морьд чихээ сортолзуулан дороо эргэлдэнэ. Хурандаа морьдоос гурван зуун метрийн зайтай орших хадтай толгойд байрлаж дуран авайгаар тал тал руугаа хяналт хийнэ. Энэ хяналтын байр, хил зөрчигдөөс хоёрхон км зайтай тул тэдний байдлыг бүрэн харах боломжтой байв.
 
***

- Хүүе! хүүе! хөтөлгөө морьтой хүн гараад ирэв. Үүнийг амдацгаая гэж хил зөрчигчийг яаруу хэлэхэд бусад нь
- Тийм байна. Цэргийн хүн, тэгэх тусмаа дарга гээч хэмээн ам амандаа олзуурхан
- Одоо тал талаас нь амдан баръя гэж нэгнийгээ хэлүүт нөгөө нь
- Яг биднийг чиглээд ирлээ.Юу ч гэсэн хоорондуураа гаргах байдлаар отож зэрэг дайръя. Хэрэв биднийг буудвал морийг буудаад явган болгочих юм шүү гэв.
Шууд дайрч болохгүй, буудалцаад түүнээс ганц ч үг дуулахгүй алдчихвал ашиггүй. Би явган өмнөөс нь тосож очьё. Мориноосоо ойчоод хөдөө үхэн хатан явна гээд цангаж ойчих гэсэн байдал үзүүлье. Тэгэхэд тэр бууж намайг босгон аваачих гэх байх гэж нэг нь хэлбэл,
Ахлагч шар царайт:
- Цаг алдсан дэмий юм яриад яах вэ? Сэжиг авчихгүй юу. Ямар тэнэг эд вэ? Олон үг хэрэггүй гээд ийш, тийш гар зангахад бусад гурав нь заасан чигт армаг тармаг чулуу дамжин гүйж байраа эзлэн нугдайв.
 
***

Чулуун тэдний байгаа газрыг мэдэх учир тал тал руугаа бөгтийн гүйхийг ажин /намайг барих гэж сүйд бол байгаа нь ил байна. Морийг минь буудаж явгалах гэж байгаа нь ил байна. Хэрэв тэгэхгүй цөмөөрөө над руу шаваад ирвэл аргы нь олж болно доо/ гэж бодон ямар ч сэжиг аваагүй мэт ергүүлэн явснаа хил зөрчигчдөд ойртохын хамт мориныхоо амыг татан/ сэрсэр жавар салхи салхилаад байна хөө. Цэн цэнгийн хур бороо тусаад байна хөө/ хэмээн эрдүүн цээл хоолойгоор аялан товцог дээр гарах янзтай аяар алхуулав. Чулуун юунаас ч айхгүй зоримог зантай. /Яахав ингэчих, тэгчих / гээд тулгамдсан асуудалд тун эв дүйг олчихдог ухаалаг, самбаатай залуу. Хил зөрчсөн тагнуулуудыг баримчлахад хоёр янзын арга хэрэглэх ёстой байв. Нэг нь гранат дэслэхээр айлган үг дуугүй буулгах, эсвэл тэдэнд баригдсан дүр үзүүлэн /та нарыг манайхан бүслээд байна. Одоо бууж өг! Эргэн тойрноо харцгаа хэмээн манай группүүдийн довтлон очих цагийг хүлээх байсан ажээ. Аль арга хэрэглэх нь хил зөрчигчид, Чулууныг яаж барих вэ гэхээс болох байв.
- Зогс! Зогсохгүй бол буудлаа шүү. Аминдаа хайргүй бол хөдлөөрэй гэлцэн омогтой дуугаран винтов барьцгаасан /дөрвөд цэрэг/ босож нэг нь Чулууны морийг цулбуурдан,
- Гараа өргө! Мориноосооо буу гэж омогдов.
- Та нар чинь галзуурч байна уу. Юу болов. Би дивизийн жагсаал ангийн дарга Довдон байна. Танихгүй байна уу? гэж Чулууныг учирлангуй байдлаар өгүүлэхэд
- Юуны чинь жагсаал анги, үг дуугүй буу. Чиний муусайн цэрэг чинь бид биш. Их наран улсын идэрчүүд гэхийг дуулуут
- Та нар бүслэгдээд байгаа, харцгаа! Энэ гранат эсэргүүцвэл дор чинь дуусгана гээд халаасан дахь гранатаа гарган дэлбэлэх дүр үзүүлтэл, \
- Болъё Болъё Амь. . .амь . . авар гэхэд хөндий зогсож байсан навтгар хар хүн гар буу гаргах нь нүдний буланд тусуут Чулуун, бэлэн байлгасан буугаа гаргав. Арай хожимджээ. Буу тас хийн хээрийн нам нүмийг цочоов. Чулууны эгэм шархдав. Чулуун гохоо дарав. Тэр дайсан өнхрөв. Хурандаа баруун талаас нь, хоёр дахь группийнхэн зүүнээс нь морины хурдаар давхин ирэхэд бага дэслэгчийн гарт гранат, нөгөө гарт нь буу бариастай ухаан алдахын даваан дээр ганхана.
- Гараа өргө гэсэн команд сонссон гурван дайсан буугаа хэдийнээ хаяж гараа өргөн нэгэнт монголын дайчдын бат атганд орсноо мэдэж сүр сүлд нь арилж гэлтэй.
Хурандаа мориноосоо үсрэн буунгуут Чулууныг тэврэн авав. Дайсны буу зэвсэг, радио, дуран, утасны яриа чагнагч цув зэрэг нь газар хөглөрөн новширч харагдана.
 
***

- Баларчээ! гээд Гуяма толгойгоо хоёр гараараа тулан дув дуугүй тонгойн суухад Баатар учрыг гадарласан боловч!
- Юу болов. Дэд хурандаа хэмээн дэргэд нь очиж сэтгэл зовсон байдалтай зогсов. Гуяма хэсэг чимээгүй байснаа:
- Тэд цөм баригдсан гэхэд
- Хаанаас даа. Үгүй байлгүй. Хэнээс та тэгэж мэдэв гэхэд
-Үнэн үнэн гээд байшингийн буланд жижиг тавиурын дор нүдээ анив анив хийлгэн ядарсан бололтой хэвтэж буй тагтаа өөд толгой дохин, гар зангав. /Тагтаа нууцгай авч яваад баригдах үедээ сэм нисгэсэн байх нь. Тэд манайхны гараас мултарч чадахгүй байсан юм. Болж гэм/ гэж Баатар дотроо баярлан,
- Хачин юм даа. Монголын хилийг нэгэнт давж аюулгүй орсон юм чинь, аргалаад ирж болоогүй юм байх даа. Эрх биш нэг нь эргээд ирэх бий/ хэмээн Гуямагийн сэтгэлийг зассан горьдлого тасраагүй мэт аялгахад Гуяма нүдээ бүлтэлзүүлэн,
- Бүр өнгөрсөн. Монголын дотоод яамныхан мэдснээс балрав. Хэн үүнийг тэдэнд мэдээлж байна вэ? Бидний дотор чонын гөлөг байна.Хэн бэ? Хэн бэ? хэмээн уурлан өмнөх ширээн дээр гараа пад пад алгадаад Баатар руу ёозгүй харав.
- Харин ээ. Хэн байж таарах вэ? Тийм сэжиглэх хүн таны сэтгэлд байсан бол анхаарах нь зөв. Нөгөө хэдийн чинь дотор урвасан муу этгээд байгаад бусдыгаа бариад өгчихөөгүй байгаа гэсэн сэжиг төрөөд байна шүү. Ээ нэг эрх хав шиг долгиносон шар амьтан уу, аа мэдэхгүй. Та сайн л шалгасан юм биз гэхэд,
- Тийм ч байж болно. үгүй ч байж мэднэ. Миний даалгаварыг хэд хэдэн удаа үнэнчээр биелүүлсэн удаатай тул би түүнд итгэдэг байсан гэж Баатарын үгэнд үл итгэх байдал гаргахад,
- /Хүний эрээн дотроо/ гэдэг үг бий. Өнгөн дээрээ сайн хүний чинь дотор юу ч нуугдаж байж мэдэх бий дээ гэж эргэлзэнгүй хэлэхэд,
- Хариугаа авах л болно гэж Гуяма шүд зуун хорсолтой өгүүлээд өрөөн дотуур тэнтэр тунтар алхахдаа / Сихарагийн өмнө сэхэлтгүй сөхрөв. Хайран сайхан нэр минь. Одоо жанжин штабын чухал албанд дэвшин очих байтугай, Жанчхүүд тогтох нь өнгөрөв бололтой. Ийм аз харьж бурханд буруу үзэгдэнэ гэж даанч бодсонгүй. Сэжигтэй муусайн шааруудыг маргаашаас эхлээд нэг өдөр нарт ертөнцөд амьдруулахгүй дээ. Баатарын хэлдэг ч ортой байж болно. Новш чинь намайг хуураад байсан хэрэг байх. Өнгөрсөн зун тэр золиг монголын нутагт очоод нэг хүнтэй таарч авчрах гэтэл тэр нь эсэргүүцсэн тул алаад чихийг авчрав гэж хумайсан хар юм авчирсан. Нэг сарын дараа захын харуулын зангиас мэдээлэхдээ, нас бараад хөдөөлүүлсэн нэг хүний чихийг огтолсон явдал гарав гэж байсан зэргийг одоо бодоход Баатарын хэлдэгт итгэхгүй байхын арга алга. Нэрээ цэвэр авч гарах ямар арга байна вэ? Шалгараагүй муу хүнийг /Шарга уул/-д ажиллуулав гэж энэ Баатар хэлчих вий. Залуу хүн яаж мэдэх вэ, Сихарад ам алдвал надад улам дараа болно. Баатарын тухай томилолтын нууц түлхүүртэй бичигт Япон улсын төлөө үнэнч зүтгэх /сэтгэл зөв/-тэй залуу гэсэн байсан.
Үүнд ч итгэж бололгүй яахав. Баатар залуу хүн атал тийм цаасан дэвүүр шиг хүн биш нилээд хянуур тул уг байдлыг аятайхан хэлбэл миний талд бага ч гэсэн хандив болох юуны магад гэж бодон харц нь байшингийн буланд нугдайн хэвтэх тагтаан дээр тусав. /Эцсийн эцэст хэл ам мэдэхгүй ч гэсэн энэ муу л хэрэг болов Ямар энэ намайг хуурна гэж байх биз. Овоо сайн сургасан тагтаануудыг минь хэдэн гуйлгачин хулгайлаад идчихсэн дээ. Ингээд бодохлоор миний ажил үйлс цаанаасаа уруудах гээд байна уу. Эсвэл миний өөрийн муугаас болоод байна уу?/ гэж сэтгэл тавгүйтэй уймарна.
 
***

- /Од/ газар орныг сайн мэддэг бас овоо танилуудтай болсон тул үнэ цэнэтэй мэдээ ирсээр байна. Харин Жанчхүү хот дахь японы тагнуулын техникийн албаныхан сэжиг авч радио станц эрдэг болов гэж сүүлчийн мэдээнд цухас дурдсан байгаа нь ноцтой юм шүү. Энэ талаар /Од/-д заавар өг! Одоо байрлалыг хэд хэдэн удаа соль гэх нь зүйтэй. Тэдний хяналтын солбилцолд өртөхгүй байхыг бодох нь зүйтэй гэж хурандааг хэлэхэд ахмад Дондог,
- Ээлжийн харилцааг гурав хоногийн дараа барина, тэр үед энэ талаар зөөвөр өгье гэв.
- Чулууны шарх хөнгөвтөр болоод сайн эдгэрч эмнэлээс гарав. Залуу хүний бие урхаггүй л бол дороо л хуучин хэвэндээ орно. Гэлээ ч анхаарал тавьж байх нь чухал. Ажил гээд биеэ хэт ядраах вий гэж хурндаа, ахмадад зөвлөв.
- Мэдлээ, тэгэлгүй яахав гээд Дондог тасалгаанаас гарав.
Хурандаа /Од/-оос ирсэн мэдээнүүдийг дэс дараалан танилцав. /Японы цэхгийн тусгай тасгийн холимог бригад Жанчхүүд саяхан байгуулагдав. Жамбий хотын эргэн тойрон газар ухаж хамгаалалт хийж байна. Үүнийг цэргийн том маневр хийхэд ашиглах юм/
Дараачийн нэг мэдээ:/ Дилов хутагт Жамсранжавын харъяаны хошуунаас тагнуулын сургуульд сургах нэр бүхий хүмүүсийг татан авчрав. Тэднийг монгол улс руу явуулах зорилготой гэнэ. Ар халхын Жавзандамба хутагт Баруун зуу /Түвдийн Лхасс/ -д хувилан тодорсон гэж тусгай сүм байгуулах гэж наадам хийсэн боловч одоо чимээгүй болов. Японы зохиосон арга юм/ гэснийг хурандаа уншин, /Хүний тархи толгойг ингэж эргүүлэн, бас манай эсрэг үүнийгээ цуурхуулж, Монголын ард олныг төөрөгдүүлэн өөртөө татна/ гэж бодоцгоож байгаа юм байх, ёстой инээдмийн юм. Япон, өвөрмонголын нутаг дээр тогтохын тул яаж ч авирлахаас буцахгүй. Дайны бэлтгэлээ яггүй хийж байна. Цэргийн яаманд энэ байдлыг нь мэдээлэх шаардлагатай.. /Шарга уул/-аа баларсны хариу болгон манай руу бас л хэдийг хөөх гэж ухаан малгайгүй гүйцгээж байгаа биз.
Хоёр дахь даалгавраа /Од/ сайн биелүүлбэл японы цэргийн төлөвлөгөө, хэрэглэх тактикийн тухай овоо л зүйл мэдэж авах учиртай хэмээн бодож суух зуур хаалга тогшьв. Орох зөвшөөрөл өгүүт, мөрдөн байцаах хэлтсийн орлогч орж ирэв.
/Шарга уул/-ынхан хэргээ тун шулуун мэдүүлж байна. Шинээр мэдэгдсэн зүйл гэвэл тэд өөрсдийн байрласан газраас таван зуугаад метр зайтай нэг хадны ёроолд тусгай сургасан холбоо барих тагтаа байлгасан гэнэ. Тэр тагтааг хил зөрчигчид баригдах аюул зайлшгүй учирсан үед буудах дохио өгөхөд, тагтаа сэм таван зуун алхам газар нисэлгүй яваад агаарт хөөрөн японы тагнуулын хилийн ойр байгаа Цагаан хадны сүм дээр очих ёстой байж. Тэр ёсоор хийгдсэн гэнэ. Бага дэслэгч Чулуун руу буудсан явдал нь нэг ёсны дохио ажээ/ гэхэд,
- Аа тийм байж уу. Үүнд бид сонор сэрэмжээ алдаж дээ. Муу анхаарсан тул тэр тагтааг нисэхийг олж илрүүлээгүй хил давуулан алдсан байх нь гэж хурандаа харамсан өгүүлэв.
- Хурандаа аа! Манай алдаа байж болох авч тэр тагтаа чинь сайн сургуульиай учир хийг олж хэнд ч мэдэгдэхгүй явчих амьтан байж шүү. Ийм тагтааг Баруун сөнөдийн тавд нэлээдийг сургаж байгаа гэнэ. Цаашид бид алдахгүй байвал болов биш үү гэж хурандааг тайтгаруулах гэсэн шиг мөрдөн байцаах хэлтсийн орлогч дарга хэлэв. \
- Тийм ээ. Энэ алдааг давтахгүй байх арга хэмжээ яаралтай зохиох нь чухал болов хэмээн хурандаа зөвшөөрөв.
- Жанчхүү дэх онцгой яамын Гуяма нэг оргодолд овоо арга заль зааж өгсөн байх чинь. Үун хил нэвтэрч ирсэн нэг хүний мэдүүлэгээр илэрсэн юм. Та санаж байгаа байх гэж орлогч даргыг сануулахад
- Аа тийм, гэмээ тун сүрхий ухаарсан /хувьсгалч/ эрийн яриа юу гэж сануулахад,
- Тэр этгээд /би эднийг та нарт барьж өгөх гэж ил газар хуурч авчирсан, нууц бичгий нь нэг зай гарвал хулгайлж авчрах байсан юм ч/ гэх шиг хэнэггүй залж байхгүй юу гээд инээмсэглэхэд,
- Гэнэн хүмүүсийг хуурч болно гэж бодоо биз. Ийм арга тус болохгүй гэдгийг японы онцгой яамны Сихара, Гуяма нар одоо зах зухаас нь ухаарсан бий гэж хурандаа өгүүлэв.
 
ОД ХАРВАВ

Жамба, байшингийн хажуу даган, хотын зах руу гүйх шахам явтал цэргийн цуваа үргэлжлэх нь харагдав. Жагсаалын түрүүнд нь япон дараа нь өвөрмонголын цэргүүд явна. Жагссан цэргүүдийн хойноос хээрийн гал тогоо, эд агуурс ачсан тэргүүд хяхнан цуварч, тэвш бүхий тэргэнд дөрвөлжин хайрцагтай сум, дараачийнх нь их буу чирсэн байв.
Эндэхийн хүмүүст сүр хүчээ гайхуулах гэсэн японы цэргийн эрхтнүүдийн нэг далд санаа байв. Үүнийгээ далимдуулан японы цэргийн тагнуулын хэлтсийн улааны эсрэг худал гүтгэлэг зохиогчид /улааны аюул, хойноос довтлон занал хэмээн улиг болсон зүйлээ олонд үнэмшүүлэх гэж ядацгаана гэдгийг Жамба мэднэ. Цэргийн цувааны ойр зогссон онцгой яамны дагуулууд байгаа эсэхийг шалгав. Мөшгөлтөөс мултарч /Мөнгө товч/-той уулзах нь чухал гэж бодон ойр орчмын хүмүүсийг ажиглавал, Хай-Гуй Ши хэмээх пүүснээс дээлийн чисчүү авч байхад ойрхон таарсан хүүхэн нүдэнд тусаж Жамбатай халз тулгарав. Тугалынх шиг бүлтгэр нүд, зурсан мэт дургар хар хөмсөг нь түүний нимгэн цагаан царайд зохирч зургийн хуар лугаа зүйрлэм агаад хомбон нударга сөхөж, элбэгдүү хүрэн торгон тэрлэг дээр нарийвтар ногоон дурдан бүс ороожээ. Мөөмний товч тэрлэгний энгэрийг түмбийлгэн нүд булааж, бие гижигдэх ажээ. Аргагүй согоо шиг амьтан. Гэвч би түүний сэтгэлийн үгийг дуулж болох уу. Тэр надад сэтгэлээ гарган хэлж чадах авч энэ нь цаанаа хорт могойтой хэлхээтэй шүү дээ. Ийм олон хүнтэй хотод энэ хүүхэн надтай таарах нь учиртай.
Онцгой яамныхан миний төлөө тун их халамж тавьж байгаагийн нэг нь энэ дээ болдогсон бол /та намайг хаа ч явсан салахгүй ямар зовлонтой юм вэ? Ингэж над шиг эрд дурлана гэдэг чинь танд ямар ч зовлон учруулж мэднэ шүү. Тайван байлгаач гэмээр санагдана. Жамба, түүнийг огт хараагүй юм шиг гудамжны нөгөө талд гарч ойрхон байгаа Хиподэ /нар мандах/ гэдэг эмсийн хүрээлэн рүү алхав. Тэр хүүхэн тээнэгэлзэн байснаа нударгаа хаялан гүйж аядснаа, Жамбыг эмсийн хүрээлэнгийн хаалган дээр очиход гэнэт хэрэмний буланд бултасхийн далд оров. Би тагнуулын газрынханд нэг бодол төрүүлэх хэрэгтэй болж дээ. Тэд намайг эхнэргүйд гайхдаг байж таарна. Тэгээд ч энэ хүүхнийг дагуул болгож байгаа хэрэг гэж санан Хиподэ-гийн байшингийн хаалгыг нээж ороход нэг л нялуун ой гутам авч аргагүй онцгой яамныханд хэн болохоо харуулахын тулд үзээгүй үйлийг үнэмшүүлэхээр өнгөт зургийн өмнө нүд хужирлах мэт түднэ.
 
***

Харанхуй болсон ч гудамжны бүдэг гэрэлд хаана юу байгаа нь тод. Жамба Хиподэ гээс гараад баруун тийшээ сүүдэр даган хэрэмний ёроолоор явав. Нөгөө гудамжны дунд хүрээд хажуугийн догол өөд эргэхэд дагуул алга болов. Хоёр дахь догол тойрон хэдэн мөч болоод бага гүүрээр гарч Люй-Гуан хэмээх буурчийн газар зүглэв. Энэ буурчийн газрыг хятад хүмүүс, Гэвэн /япон гэсэн үг/ -ийн Люй Гуан /зочид буудал/ гэж ярьцгаана. Японы цэргийнхэн энд бууж, тэндээсээ төдөлгүй Футаба /хоёр навч/ хэмээх эмсийн хүрээлэн рүү цувцгаадаг тул хөл хөдөлгөөн ихтэй гудамж ажээ. Жамбын суусан тэргэний ард бараан зүсмийн морь хөтөлсөн тэрэг явснаа хажуугаар хажуугаар нь хурдлан өнгөрөв. /Энэ тэрэг газрын хаанаас гараад ирдэг билээ. . . . гэсэн бодол төрж, дороо тэргэнээс бууж мөнгөө төлөх зуур ажихад, нөгөө тэрэг гурван зуугаад алхмын тэртээ зогсон хоёр хүн түүнээс буух нь мэдэгдэв.
/Мөнгөн товч/-той уулзах хоёр дахь болзоот газар хэдэн алхмын тэртээ байвч тэнд очиж болохгүй. Юу ч гэсэн байдлыг хянахаар гудамж өгсөн чигээрээ Люй-Гуан буудал өөд явав. Түрүүчийн тэрэгнээс буусан хоёр хүн хэрэмний булан дээр ирж зогсож байснаа нэг нь гуйвганан Жамбыг амдан ирж,
- Гал байна уу? гэж янжуур гартаа барьж асуух зуураа нүд нь тогтож яван Жамба руу гөлөгнөн ширтэх нь ямар нэг далд учир байна уу гэмээр сэжиг төрөв.Тэр монголоор /ганц чүдэнз гарз нь ч гайгүй харамлахгүй зураадахаач/ гэж үг өдсөн янзтай дуугарав. Жамба өврөөсөө чүдэнз гарган
- Монгол туургатны нэг ах дүү нар байна, арай ч тийм шинжгүй зан гаргахгүй гээд чүдэнзээ хавиран янжуурыг асаав.
-Тэгэлгүй яахав. Эрхэм минь гялайлаа хэмээн элгэмсэг байдал гарган Жамбын тохойноос барьж сугадан, бүр тэврэх гэхэд Жамба, тэврүүлсэнгүй гэдрэг зайлав. Тэр таварцаглаж унасан байдал гаргаж,
- Үүнийг хараач, та минь! Намайг унагаав хэмээн чанга хашгирахад хажуугийн хэрэмнээс түрүүчийн хүн, нэг Шапиндуйн хамт гарч Жамба, тэр хоёр руу ирэв.
- Юу болж хэрүүл маргаан гаргаад байна? Гэж Шапиндуй омогтой асуухад,
- Маргаан болсон зүйл огтгүй. Энэ эрхэм архи их ууснаас хөл дээрээ зогсож үл чадан сөхрөөд өвдсөнөө чимээ гаргав бололтой гээд Жамба явах гэтэл /согтуу/ хүн
- энэ хүн намайг түлхэж унагаав гээд Жамба өөд ухасхийх байдал үзүүлэхэд тэр хоёр араас нь чангааж,
- Та, бид хоёртой хамт яв. Үнэн зөвийг олно гэж цагдах ёсоор захирангуй хэлээд зүүн зүгт гараа дохив. Жамба, ер татгалзсан байдал гаргасангүй. Зориуд ингэж намайг цагдаагийн газар аваачих гэсэн арга зохиосон хэрэг гэж таан цаашид юу болохыг мэдэхээр тэднийг дагав. /Мөнгөн товч/ энэ байдлыг алсаас ажсан ч байж болзошгүй. Тэр мэдээгүй л бол сайн сан. Санаа нь зовохын нэмэр. Эдэнд ямар ч баримт байхх ёсгүй. Нэгжлээ ч гэсэн гутал арай тайлж үзэхгүй байх. Ийм байдал таарахгүй болгоомжилж түлхүүрийг зулгандаа нуусан нв сайн болов. Харин нарийн нэгжвэл тун аюултай, энэ энэ түлхүүрийг надаас олчихвол үйлс харлав гэсэн хэрэг гэж, урд нь хэвийг авч хийлгэсэн Гуямагийн нууцын авдрын түлхүүр илрэх вий гэхээс сэтгэл зовниж ямар аргаар мултрахыг болгоомжлон нэг хэрэмний хаалгаар ороход хүрэн вааран дээвэртэй тоосгон байшин гэрэлтэй харагдав.
Шапиндуй Жамбыг дагуулан нэг тасалгаанд оров. Байшингийн буланд зассан ширээний хажууд япон цэргийн халзандуу, шар царайтай хүн сууна. Ногоон цамц өмссөн, шар эмжээр бүхий голоороо зураастай улаан батлиз дээр талын алтан таван хошуу гурвыг хадсан байв. Жамбыг оруут гилжийн харснаа
- Энэ юун хүн вэ? Яагаад авчирсан юм бэ? гэхэд цагдаа
- Гудамжинд хүнийг түлхсэн гэж товч хариулах нь Жамбад улам ойлгомтой болов.
- Нэр хэн вэ?
- Жамба
- Хаана ажил хийдэг вэ?
- Чунь Дэ-чин пүүсэнд
-Тэнд ажиллаад удаж байна уу.
- Дөрвөн сар гаруй.
- Урьд нь хаана ажиллаж байсан вэ?
- Урьд нь ажиллаж байсан газар хэд хэд бий дээ.
- Та түүнийгээ хэлээч.
. Болно гэхэд тэр япон, цаасан шунамхай тэмдэглэж байх нь харагдана. Би Авга засгийн хошууны Хоргон хаяагийн сүмийн умзад лам Довчингийн дүү дээ. Эцэг минь багад минь нас барж ганцаараа үлдээд Бандид гэгээний хийдийн нэг лам даган авга ах Пүрэвийн байдаг Бадгарын хийд хүрсэн. Бадгарын хийдийн сан жасад бадрын малыг хошуудаас авчрах ажлыг хэдэн жил хийв. Миний намтар энэ юм.
- Таны сайн танилууд ямар хүмүүс хаана байна вэ?
- Бандид гэгээний онцгой яамны зарлага Даш, Харбины Чюдин Кампаны сан эрхлэх ноён Томсон, Авга засгийн хошууны бичээч байсан Чимэд, Түвдийн Гүмбэн хийдийн улаан дабрангийн нярав Дугар, Жанчхүү хотын цагдан сэргийлэхийн ахмад Мура, одоо Осака хотод байгаа. Тоймтойгоос нь эднийг нэрлэх үү дээ.Миний хийж явсан ажлууд маань ч худалдааны пүүс, компаниудын ноёдын, сүм жасын нярав нарын зарц болж тэдний мал сүргийг ав гэсэн газраас авч, хүргэ гэсэн газарт хүргэж байсан л төдий юм шүү дээ. Таньдаг хүн алийг тэр гэх вэ?
- Ахмад Мура машины ослоос сарын өмнө нас барсан та дуулсан биз гэж хэлээд яах бол гэсэн янзтай Жамбын царайг ажихад
- юу? та худал хэлэв. Мура тийм болгоомж алдах хүн биш. Саяхан надад захидал ирсэн юм чинь? Та бүү муу ёрло гэж Жамба дуу алдан босож ирэхэд?
- Эрхэм минь үнэн. Би яалаа гэж ийм аймшигтай үгээр толгох билээ. Та суу! Тайвшир гэв.
- Яасан тоогүй юм болов. Бид хоёр гэмгүй сайхан найзуудсан. Хөөрхий !хөөрхий хайран залуу нас gмьдрал! гээд гэмшин өгүүлэхийг япон дарга ажаад /сайн найз байсан гэдэг нь үнэн байх. Мура архинд дуртай байсан болохоор энд найз ч олон байсан гэнэ лээ. Одоо сайн шалгадаг хэрэг, олигтойхон нэгжье. Орооцолдуулах сэжигтэй зүйл биеэс нь гарч магад гэж горьдон нүдээ жийхийн инээмсэглэсэн янз гарган,
- Эрхэм та ёс горимыг гадарлах биз. Та бага ч гэлээ зохисшүй явдалд өртөн манай цагдах газар ирсэн болохоор зүй дагуу нэгжинэ. Таныг муу хүн гэсэн нь бус? Журам ийм ажгуу. Биедээ авч яваа зүйлээ аваад аль гэв.
- Болно. Эрхэм Наран? Танай журам тийм бол би дагах нь зүй билээ гээд түрүүвч, боодолтой бичиг сэлтээ ширээн дээр тавив. Буут хот дахь японы мэдлийн пүүснээс Жамбыг урамшуулан сайшаасан бичиг, мал хүргэх тухай үнэмлэх зэрэг биедээ зориуд авч явдаг зүйл түүнд байгаа нь учиртай байв.Жамба хүрэм цамц, тэгээд өмдөө тайлах гэтэл, офицер энд тэндээс барьж тэмдчин үеэхэд нь өрөөсөн шаахайгаа тайлав. Дараа нь офицер сандалдаа эргэн сууж, бичгүүдийг уншина.
- Наран ноёдтой бишгүй л учир уулзаж байсан, ийм муухай явдал надад таарч байгаагүй. Танай харъяаны пүүсүүдийн ажилд бие хйрйгүй зүтгэсээр байна. Та ч энэ бичгүүдийг үзэн болгоосон байх. Намайг даанч басамжилж байна гэж Жамба ууртай мэт өгүүлээд хувцасаа өмсөв. Офицер улам нялуун налгинасан этгээд царайгаар,
- Ёс тийм гэдгийг би түрүүн хэлсэн шүү.. .гэхэд Жамбын эгдүү хүрч,
- Сайн танил биш ч ноён Танакийг би мэднэ. Тэр та нартай адилгүй хүн гэж зориуд цухуулгасаныг сонссон офицер, гайхасхийн харснаа /Энэ бас Танакийг энд байхад нүүр учраад авсан хэрэг үү. Ийм хүмүүс заргач байдаг. Хорих уу, байх уу/ хэмээн эргэлзсэнээ хажуу дахь Шапиндуйд,
- Энэ эрхмийг шоронд хий. Маргааш асуудлыг шийднэ гэв. Шапиндуй, Жамбыг шууд авч гаран хэрэмний булан дахь жижиг байшингийн хаалгаар доош бууж нэгэн өрөөг онгойлгон түлхэж оруулав. Хаалга чихран хав хийж, түлхүүр харчигнан цоожлоход Жамбын дотор сэрүү оргих шиг болно. Өрөө харанхуй, юу ч үл харагдана. Гараа алдлан тэмтрэхэд хов хоосон, зөвхөн ганц хүн суух зайтай ба сандлын модыг ханатай нь бэхлэжээ.
Давчуу зэврүүн хонгил тул хүн удаан тэсэх аргагүй мэт санагдана. /Яагаад ингэв, Эд зориуд далим гарган хорив бололтой, юм бүхэн сэжиг авахгүйгээр явагдаж байгаа, тэр нь тийм байсан гэх сэтгэлд сэвтэй зүйл анадад бодогдохгүй юм. Паспорт жинхэнэ ёсоор авсан эндхийнх. Баатар минь зүгээр байгаа даа. Түлхүүрийн хэвийг тун сэжиглэхээргүй үед авсан байна билээ. Онцгой яамныхан нэг л сэжиг авсан бол түүнийгээ хүлээлгэх гээд эрүүдэж алдаг новшууд даа. Намайг суллахгүй бол байдал хүнд болно. Ямар нэг аргаар эндээс гарчихъя. Эд, надад ямар нэг тулгах баримт байхгүй болохоор аргаа барь жнамайг туршиж байж ч болзошгүй. Юу ч гэсэн эдэнтэй тун бодлоготой үзэлцэнэ дээ, хэмээн бодон байтал нэг хүн хаалга нээн, Гараад ир! гэв. Жамба аажуухан гарав. Цагдаа Жамбыг дагуулан түрүүчийн тасалгаанд аваачихад офицер ганцаараа сууж байснаа, Жамбыг цоргисон харцаар улнаас толгой хүртэл тун зэвүүн ажих нь энэ хүн ямар байдалтай байна гэж сонжсоных агаад Жамбын царайд огт цочирхож тэвдсэн байдал илрээгүйд тэд гайхав.
- Болсон явдал тодорхой учир таныг хорихоо азная. Та гудамжинд хүниэй маргах чинь зөв биш ээ. Энэ удаа таныг явуулъя. Тав хоногийн дараа дуудна. Саадгүй ир. . . Тэр үед энэ асуудлыг шийднэ гэхэд
- Миний буруу юм ч үгүй дээ. Тэр ойчсон хүнийг түшээд аваагүй нь сайшаалтай юм биш. Ёс горимыг сайн мэдэх хүндэт наран ноён та бүх асуудлыг зүйд нийцүүлэн зөвөөр таална гэж өчүүхэн би итгэж байна гэхийг сонссон япон дарга,
- За ийм байна хэрхэхийг дараа мэд. Та явж болно гэх нь өөрийн зорьсонд хүрэв гэж цаанаа додгор байгаагийн учир бол, энэ хүн хаана юу хийж байсан, хэн хэнийг таньдагаа бүгдийг хэлэв.
Бадгарын хийдийн нярав Дүрэвийн дүү Жамба гэгч Жанчхүүгийн нэг пүүсэнд ажилладаг гэсэн бичиг өнөөдөр тэндхийн салбараас ирсэн гэнэлээ. Бусдыг нь шалгахад юу байх вэ. Ноён Гуяма, намайг сэжигтэй зүйл түүнээс олоогүйд харамсаж байгаа даг. Тулгах юмгүй хүнийг хориод дэмий гэж тэр хаширлав. Энэ байдлыг мартагнуулаад. Хэд хоногийн дараа шилийг нь сэтэртэл харна. Тэгэхэд бидний гарт ороод ирнэ. Үхсэн Мурагийн нэрийг барих нь нэг л сэжигтэй байна. Гайгүй, учрыг олох юмаа чамаас асууж мэдэв гэж сэтгэл ханснаас тэгж ээ.
Цаг орой болсон тул гудамжинд гарахад хүн цөөн байв. /Мөнгөн товч/ гуравдах болзоот газарт байх ёстой. /Эд одоо дагаад байхгүй биз. Юу ч гэсэн тун анхааралтай явах цаг болжээ. Миний танилуудыг шалган мэдэхэд тав байтугай хэдэн тав хоног болно. Миний танилууд, төрхийг минь гаргаад өгнө тэгээд дуусна шүү дээ. Үүний тухайд хүрэхгүй би амжих нь амжина. Яарч урхинд орчих ул мөр үлдээхгүй л байвал ялц л таарна хэмээн бодсоор орчноо ажин аажуу алхав. Саргүй харанхуй тул хэрмнүүдийн хаалган дээрх гэрэл гудамжийг гэрэлтүүлэх боловч гудамжны хэсэг газар сүүтэртэн харлана. Жамба, явган явж туршъя. Мөнгөн товчтой уулзах газар очиход хориод минутын хугацаа болно. Энэ завсар сэжиг авах юм таарвал шууд байшиндаа очно гэж шийдэв. Мөнгөн товчтой уулзах хоёр дахь болзоот газар хэдэн алхмын тэртээ байв түүнийг тойрон цаад талд байгаа гоёл чимэглэл хийдэг газрын хаалганд тулаад эргэхэд гойд сэжиглэмээр зүйлгүйд баярлаж зүүн хэрэмний буланд Мөнгөн товчтой халз учирав.
- Дүү минь сайн уу?
- Сайн
- Ажил үйлс бүтэмжтэй биз
- Бүтэмжтэй
- Түлхүүр бэлэн болсон гээд хоёр янзын түлхүүр гарт нь атгуулав.
- Найвдартай биз.
- Найдвар бий.
- Дайны үе хийх ажлын нууц заавар гэвч бчигдөр ирсэн маш сайн нууцалж байгаа
- Энэ л хамгийн чухал. Хоёр дахь болзоот газар нөгөөдөр цагтаа очно шүү. Маш болгоомжтой ажилла! Хэрэв болзоонд ирээгүй байвал гурав дахьдаа очоорой.Сүүл сайн ажаарай. Чамайг арай тэгэхгүй биз.
- За ойлголоо. Манёвирын товлосон өдөр хэвээрээ юу?
- Хэвээрээ
- Төлөвлөгөөнд ямар өөрчлөлт орохыг анхаараарай
- Тэгнэ
- Дараачийн уулзалт тавтай болно байх. Өнөөдөр яарах учир надад таарав. Би одоо гэртээ очно баяртай! болгоомжил! гээд Жамба ирсэн гудамжаар шулуун явснаа Да Мэн –Гүнс /Их Монгол Хоршоо/ чиглэн дэргэдүүрээ цуван зөрөх хүмүүсийг сэм ажсаар явав.
 
***
Жанчхүү хотын Дун Ан-Ши гэдэг гудамжны нэг цэнгээний газар Жамба орж баруун захаасаа гурав дахь ширээн дээр суув. Ширээн дээрх хоолны зэсийг унших завсар хаалга руу хялам харахад дотны нэг танил нь орж ирэв. Тэр Жамбын суусан ширээг шууд чиглэн ирж
- Таны энд хүнтэй үү?
- Үгүй.
- Сууж болох уу?
- Болно. Болохгүй яахав гэв.
Танил хоолны зэсийг авч харах зуур
- Та сайн уу?
- Сайн. Та сайн уу?
- Болгоомжтой ирэв. Сэтгэл зовох юмгүй. Тийм бол сайн гэв.Хоол зөөгч залуухан эрэгтэй хятад, зассан ширээнүүдийн хоорондуур сүлжин хайвганасаар ирж,
- Ямар хоол таалагдах вэ? гэж хятадаар асуухад,
- Цөм сайхан хоол байна. Нэг таваг шөл, өндөгтэй хуурга гэв.
- Таваг шөл байцаатай хуурга авна гэж танил хэлэхэд үйлчлэгч хоолны нэрсийг гуаглах мэт өгүүлж эргэв.
- Да тун хотын арван хоёр дугаар тусгай бригадын тавдугар сумангийн нэг цэрэгтэй ярилцвал: тэнд төмөр замаар японоос цэрэг зэвсэг нэмэн ирсээр байгаа гэнэ. Саяхан буутын танзын дивиз, нэгдүгээр морин бригад, Манжуураас ирсэн явган цэргийн хорооны хамтран Дунд гүний нутагт Орос, Монголын цэрэгтэй байлдахад бэлтгэх хээрийн сургууль хийжээ гэж танил шивгэнэн хэлэв.
- Аа тийм үү? Сонин л зүйл юм.
- Буутад шалгалт тун нарийн болж, Дун-И чин буудалд бууж гурав хонов. Түүхий эд худалдаалах нэрийдлээр японы тагнуулын ажил хийдэг Го Сун-Ши гэдэг нэг сүрхий пүүс гараад ирсэн байна.
- Бас л сонин гэж Жамба урамтай хэлэв.
- Маргааш Завсар хот явна. Таны захьсныг бэлэн болгоно гэж хоолоо идэх зуур өгүүлээд
- Та тавтай хооллоорой. Би явъя.
- Тэг ! тэг! Бүх зүйл урьд тохиролцсоноороо, өөрчлөгдөхгүй гэж Жамбыг хэлэхэд,
- За! гээд танил явав.
 
***

Гуяма өөрийн санаачилгаар /Шарга уул/ гэдэг сүржин нэрийн дор явуулсан ажил нь бүтэл зэхий болсноос хойш шууд хэлэхгүй боловч санаагаар унасан нь Баатарт мэдэгдэнэ.
- Гуяма, албан тасалгаандаа ч тухтай суухаа больж орон гаран явна. Тэр Сазэ-гээс бүр хэтрээд ахиухан халамцуулах юманд хорхойшиж аян шалтаг таарвал цаашаагаа арилдаг болсонд Баатар гайхсангүй. Нэг өдөр Гуяма,
- Баатар аа! Би чамд итгэдэг. Чамайг хүний мөсөөр сайн гэж мэднэ. Би удахгүй эндээс явна. Дүүрчээ Чи яахав. Миний оронд ирэх ноёнтой цуг ажиллах болно.Надад ажил хийх дур алга. Одоо би явлаа. Ноёд асуувал хот дотор ажилтай гээрэй гэж царайчлангуй өгүүлэв.
- За тэгье! . Яалаа гэж би танд муу юм хийх вэ? Би хар амиа ер нь боддоггүй шүү гэхэд
- Тийм ээ би тэгж боддог гээд Гуяма хаалга хүрч гараа өргөн мэхэлзэнгээ шалавхан гарч одов. Өнөөдөр бурхны мэндэлсэн өдөр гэж шалтаг олсон ажээ. Баатар удалгүй тасалгаанаасаа гарч хэрмэн дотуур харуулуудтай элдвийг хөөрөн явав. Гуяма сураггүй.
- Гуяма ноён үзэгдэв үү. Одоо ирнэ гэсэн юмсан гэж гаднаас орж ирсэн зарлагаас асуухад
- Люй-Гуаны цэнгээний газраас хөл дээрээ тогтож чадамгүй гараад .. .явчихна лээ. Тэр ирэхгүй гэхэд Баатар тэр /буянаа эдлэхээр Футаба руу явж гэдгийг гадарлав. Зарлага нэг боодолтой түнтгэр юм авч явна. Эдний байдал одоо нэг дотроо халаацгаах нь гэж бодуут
- Гуяма ноён тэгж /жаргаж/ яваа юм бол бид ч . . . Бурхны төрсөн өдөр...гэсэн үг цухуйлгаад хэзээний балгах дуртай дэрдгэр хөх харуул инээмсэглэн шүлсээ залгиж
- Ёстой. Нэг юм бий гайгүй. Та жаахан азнаад ирээрэй ! гэв.
- За тэгье. Надад ажил байна. Та нар эхэлж л бай гэж ташуур өгөв.
Баатар тасалгаандаа орж нэг хэсэг чимээгүй чагнан азнавал харуулын хэд тасалгаанаасаа гарах шинжгүй байв. Нарангийнхан уван цуван гарсаар хамгийн сүүлд аж ахуй эрхэлсэн хижээл наран гарах нь харагдав. Баатар нуусан түлхүүрээ Гуямагийн нууц авдарт тааруулав. Яг таарчээ. Утас дуугарав. Баатар харилцуурыг авбал үүдний харуул
- Та ирээч нарангууд цөм явчихсан шүү гэв.
- Би одоо очно эсвэл нэг хундага юм надад авчирч гялайлгана уу гэхэд
- Яах юм вэ? өөрөө ирээч гэв. Нууцын авдрыг нээв. Ямар зүйлийн зураг авах болохоо мэдэх болохоор ширээн дээр тавьж зургийг дарж эхлэв
./Ээж/-ийн өгсөн даалгавар биелжээ. Квантун цэргийн жанжин штабын тагнуулын албаны чухал бичгээс дараад авмаар санагдана. Гуяма бас л тэмдэг тавьжээ. Алдаа гарч болно гэж бодоод бичгийг байснаар хийгээд авдрыг хаатал хөлийн чимээ ойрхон гарав. Цоожилж амжсангүй. Баатар хаалга руу очиж гарах гэтэл холбооны ажил хариуцсан япон залуу байлаа.
- Баатар аа ! Баруун Сөнөд рүү Таза-тай ярьж өгөөч! Өчигдөр ирүүлнэ гэсэн хоёр хүний хариуг. .. гэхэд
- Болно. Одоохон харуул дээр очоод би эргэж яръя гээд Баатар гарч хаалгаа хаавал тэр зөвшөөрч өөрийн өрөө рүүгээ явж оров. Баатар дорхноо эргэж тасалгаандаа орж авдрыг цоожлов.
 
***

Жанчхүү хотын бөглүү гудамжны нэг хэрмэн дэх тоосгоор барьсан намхан байшинд Жамба, Баатар хоёр өөд өөдөөсөө хаан сууж ярилцах ажээ.
- Сэжиг аваагүй биз гэж Жамбыг асуухад
- Үгүй. Тантай ярьж тогтсоны дагуу хийсэн. Саад болох зүйл таарсангүй овоо тайвуу амжсан. Хавтсыг нээхэд нэг хялгас байсныг бодооч! Айхавтар хардамтгай шүү. Өөр тэмдэг байгаагүй, энэ хальсыг гэрэл үзүүлэхээс тун болгоомжлоорой, гээд Баатар хар цаасанд боодолтой зургийн хальсыг өгөхөд,
- Эх орондоо илгээх чиний үнэтэй бэлэг шүү. Японы цэрэг тагнуулын чухал мэдээ бидний гарт орсноор, эх орноо хамгаалах үйлсэд тустайгаар үл барам эзэрхэгчүүдийн сөнөлийг хурдатгахад нэмэр хандив болох юм. /Ээж/ үүнийг авах талаар онц шимэрхээд байгаагийн учир үүнд байгаа юм шүү гэж Жамба /Мөнгө товч/-ийн хэний төлөө юу хийсний үнэ цэнийг товчхон хэлэхэд
- Би ойлгож байна. Квантуны тагнуулын хэлтсийн хэд хэдэн заавар үүнд бий. Энэ ч яахав тус бол бол сайн хэрэг. Япончуудын заль мэх, хэрцгий, хүний үнэргүйг харахаас эгдүү хүрч учраа ололцмоор санагдана. Өчигдөр ийм нэг явдал боллоо.
Өглөө 11 цаг болж байв. Гуяма надад байцаалтыг орчуулаарай. Улаан Монголын нэг тагнуулыг барьсан гэхэд дотор пал хийх шиг болсон. Удалгүй үзэмчин маягийн хувцастай гуч гаруй насны гонзгой бор царайтай бахим эрийг оруулж ирэв. Тэрийг их л байцаан зовоосныг би мэдсэн. Нэрээ Дамдин гэсэн.
Зүүн үзэмчид хошуу. Жанчхүүд мал худалдаж бараа авах гэж яваа нь үнэн гээд мэдүүлсэн. Гэтэл Гуяма нөгөө тасалганд орж тагнуулын газрын зарлага нэртэй нэг алуурчинд үг зааж өгөөд хэлэхгүй болохоор толгой түрүүгүй зодуурын модоор балбаж цус нөжтэй нь хутгав. Хоёр хөлний хооронд төмөр шааригаар цохиж зовоож ухаан алдуулаад орхив. Тэр хүн юу ч хэлэхгүй байгааг харахад манайхаас ирсэн шиг байна. Цаанаа л зоримог байдал ил. Тэр нэг ч үг дуугарахгүй үхнэ гэж шийдсэн хүн билээ гэхэд Жамба бодолхийлэн,
- Тийм ч байж болох юм. Аминд хүрсэн хичнээн хүнд мөч тулгаравч гэсэн эх орондоо уршиг гай тарих ганц үг алдахгүй байх л ёстой. Тэгэхээр тэр хүний түмэн зөв. Эх орны төлөө нэг л үхэх гэж эр бие төрдгөөс хойш .. .гэж Жамбын эрс хэлэхийг Баатар толгой дохин зөвшөөрч
- Шоронд тийм хүмүүс бас хэд бий дэг ээ. Харуул тун чанга болсон. Арга олдох эсэхийг харъя гэхэд
- /Ээж/-ийн зааваргүй гоомой юм хийж болохгүй. Энэ бодол зөв. Гэвч бүтэмжгүй зүйл оролдож алдвал түүнээс илүү гарз учирч манайх хохирох аюултай. Эвийг олж сайн бодож буурьтай ханд. Хүүхэд галаар тоглодоггүйн адил, бид хэрэггүй тоглоомоор тоглохгүй шүү гэж Жамба сургамжлав.
- Ойлголоо. Хэд хоногоос Цагаан-Овоо хүрнэ гэж Гуяма хэлсэн бодвол хойд хилд ойр очно байх тэр үед нэг гүвээ даваад ухасхийгээд эх орондоо очив гэсэн үг гэж Баатар хүүхэд зан гаргав.
- Яаж болох вэ? Осолтой шүү! Дүү минь. Чи эх орондоо халуун хайртай. Түүний төлөө чин сэтгэлээр зүтгэж байгааг хэн бүхэн мэднэ. Энэ үед чам шиг ийм боломж олсон хүн эх орны төлөө хэрэгтэй зүйл ихийг хийхгүй бол хэн хийх вэ? /Ээж/ ингэж ч байгаа. Намайг буцсаны дараа тун удалгүй /ээж/-ийн илгээсэн хүн ирж чамтай уулзана. Тэр үед чинь урьдахаас улам л бадрангуй болно, цаг үе ч тийм байна.Ямар ч үед болгоомж чухал. Японы тагнуулынхан хартайг өөрөө надаар хэлүүлэхгүй мэднэ. Гишгээд мөрөө хар! Дайсны үүрэн дотор байгаа болохоор яая даа гэх мөч олон таарна. Үүнд тун хатуу зориг тэсвэр хэрэгтэй. Эх орон чинь чамайг байнга харж хандаж байх болно. Чи ганцаараа биш шүү, гэхэд
- Тийм ээ. Гэхдээ та намайг зөв ойлгоно байх. /Чи харь газар, хар буруу элэгтний дотор ажиллах гэж үү, Эх орон чинь тэртээ хол байна. Элгэн садан чинь бас тэнд гэж ямар нэг далдын хүч шивнээд байх шиг л бодогдох юм. Таныг явах гэхлээр бүр ч./ гэж хоолой зангируулан хэлэхэд
- Энэ ч яах аргагүй. Гэлээ ч ахын ёсоор чамд нэг биш хэлсэн шүү дээ. Санаж байгаа биз. /Ирсэн гийчин буцдаг/ёс бий. Чиний түших сайн нөхөр удахгүй ирнэ. Сэтгэл бүү зов. Чи ч бас л буцна. Эх орондоо баяртай уулзах ерөөл тавья гэж Жамба хэлбэл Баатар гуниглангуй
- Та надад чулуугаа орхихгүй юм уу гэж сулхан дуугарав. Үгүй. Эх орны энэ чулуутай чи адил юм. Би дүүгээ эх орны энэ чулуутай зүйрлэн сэтгэлээ тэжээн их эрч хүч аван, чиний эх орондоо халуун тус хүргэж байгаад чинь бахархаж байв. Энэ чулуу надтай хамт яваг. Чи эх орныхоо чулууг өөрөө авахын төлөө эсэн мэнд золбоо хийморьтой зүтгэ!
- Цаг болов. Дүү минь гээд Жамба Баатарыг чанга тэврэн баруун хацар дээр нь үнсэхэд төрсөн ахаасаа хагацах гэж байгаатай адил Баатарын нүдэн дээгүүр нулимс гүйлэгнэн
- Замдаа сайн яваарай. Хилийн харуул манаа чанга болсон шүү. За явъя гээд шуудхан хэрэмний сүүдэр даган алхав. /Төрсөн эх орон ямар их увидастай вэ? Эх нутгийн ширхэг чулуу хүртэл эр биеийн сэтгэлийг тэжээж байна. Баатар эцгийн халааг авсан эх оронч болсон гэдэгт эргэлзээ алга. Гэнэдэж эндэхгүй л бол цолмон шиг гялалзаж явах хүү дээ/ гэж Жамба түүнд бишрэнэ.
 
***

Жамба /ээж/-тэй ээлжит холбоо барьж нэвтрүүлэгээ хийв. Сүүлийн үед өөрөө болон хоёр танилынхаа олсон үнэт мэдээгээ нэвтрүүлжээ. Жамба сүүлийн нэвтрүүлгээ дуусаад станцаа /үүргээ/ халааны хүн ирж автал газарт нуун байрлуулав. Энэ нь Жанчхүү хотоос хойш утасны цувраа модны жаран долоодохоос зүүнтээ хоёр зуун алхамд тонтойх гурван овгор чулууны хооронд баларшгүй тэмдэг бүхий нууцгай газар ажээ. Одоо төрсөн сайхан эх орондоо очиж, эхнэр, хүүхэд, элгэн садан, хань нөхөдтэйгээ учран золгоно гэж бодоход догдолсон сэтгэлээ барихуйяа бэрх. /Миний өмнө давах даваа учрах саад багагүй бий. Харийн нутаг дундуур хүний нүднээс далдуур сэжиг анир авахуулахгүй эсэн мэнд явж эх орны алтан шороон дээр хөлөө тавих гэдэг тийм амар биш. Ганцхан болгоомж тэвчээр л мэдэх хэрэг.
Японын хилийн харуул өдөр шөнөгүй нууц манаа тавьдаг болсон тул завсар зайг олох хэрэгтэй. Хилийн харуулынхан юм уу тагнуулын даалгавартнуудтай таарч сэжиг авахуулбал өнгөрнө гэсэн үг. Ийм үед хүч үзэн дайрахаас өөр мэх олоход хэцүү.
Галт тэргээр Завсар хүрч тэндээсээ унаажин цааш гарна.Чигээрээ явж болохгүй. Дунд гүний хошууны Хулстайн сүмийн баруун талаар цааш хар толгой дайрч Цонжийн голыг дагаж явахад болно. Хэрэв энэ зам саадтай гэвэл Адуучин хошууны нутгаар Яндуугийн хийд дайрч, Бор цагаан нуур, Хонгорын сүмийн баруугаар Авгын богд уулыг дамжин гараад явчих бартаа бүхий газар бий. Авгын богд уулаас наашхи газар л хүн амьтан олонтой. Одоо сэрүү орсон үе. Хэрэн явах онцгой яамныхны хөл цөөрсөн цаг болохоор учир бий хэмээн явах зам туулах бэрхшээлийн тухай сэтгэл оюундаа тунгаана.
Жамба завсар хотод галт тэрэгнээс бууж хотын захад байгаа танилындаа очиж амсхийгээд, унаажин морджээ. Танил, урьд нь тохирсноор хоёр сайн морь бэлэн болгосон байв. Японы мэдлийн пүүсэнд мал авахаар яваа гэсэн бичиг баримт өвөртөлж гадна төлөв нь энэ байдалдаа зохицжээ. Хаа ч гэсэн явуулын хүмүүсийг онцгой яамны салбарт хүргэн нягтлуулж байх зар бичиг хошуу чуулганд тарааж, баахан туршуулыг тал тал руу явуулсныг Жамба мэдсэн тул өдөрт нь бартаатай газар биеэ далдлан өнжиж, шөнө явах болов.
Дөрөв хоног дээрээ багахан модтой ууланд гарч орчиндоо хяналт хийв. Унасан морьд нь хол газар явсандаа зүдэнгэшжээ. Ой мод салхинаа шуугин ид шид орж үг хэлэх гэсэн мэт санагдана. /Угтуул/-ын гэр ойрхон байгааг баримжаалан мэдэвч /ээж/-ийн зааварт түүнтэй уулз гээгүй тул яаж дур мэдэх билээ. Морио амраан шазрын өндрөөс ажиглалт хийв. Хяруу хэд хэд дахин унасан болохоор өвс цайран хузайж, үе үе сэрүүн салхи хуугин сэнгэнэнэ. Тэртээ алсад бараантах айлуудаас дөрвөн морьтон гарч чигээрээ явснаа хоёр нь уулын баруун бэлээр хойно хойноосоо давхиж үлдсэн хоёр нь модны захад ирж мориноосоо буун, ийш тийш хэсэг дурандсанаа, мордон уул хярласан зам даган аажуу явав.
Жамба анир авахуулахгүйн тулд замаас холдов. Уулнаас зургаан км эргэм жижиг толгой дээгүүр гурван морьтой хүн гарч ирэн зүүн хойшоогоо даялав. /Энд хилийн гүнээс самналт хийхээр яваа нь илт агаад ямар нэг сэжиг авсан байж болзошгүй. Нүдэнд өртсөн газар ийм байгаа юм чинь хил дагуу чанга гэдэг нь үнэн. Манай хил эндээс өртөө шахам байх. Өчигдөр хошууны цагдаа, нэг дагуултайгаа тун сүрхий шалгасан шүү. Үнэмлэхийг минь тун сайн үнэмшигдэхэр хийсэн болохоор сэжиг авсангүй6 Дүрвэдийн хошууны нутгийг би сайн мэдэж, хүн таньдаг маань их тус болсон. Хошууны захирагч Эрэнцэн, наран зөвлөх Сахия хоёрын нэрийг барьж ярихад нарангийн далдын даалгавартан гэж дотроо эмээсэн ч байж магадгүй. /Эрээн давч хүрч хоёр хоноод эргэнэ. Та нар намайг итгэхгүй байгаа бол нэг нь хамт яв/ гэхэд яая гэсэн янзтай байна лээ. Аль нь ч надтай явсан замдаа би аргалчих л байсан. Өөрийн хошууны төв рүү аваачих санаатай үг цухуйлгасан.
Яалаа гэж дээ. Орой болсон цаг, хээр хөдөө таарсан тийм хоёрыг чинь цааш харуулчихаад зүш буруулж болохгүй яахав. Харин тэд аминдаа гарз хийж, надад түвэг удалгүй баахан хэл ам татаж тээнэгэлзэж, тээнэгэлзэж явуулсан нь тэдэнд өлзий, надад завшаан болов. Би ямар алуурчин биш, гэлээ чамд биеэ авч яваа бүхнээ тэдэнд алдахгүйн төлөө чадах бүгдийг хийх ёстой л доо. Харин хилд ийм ойр шөнө дайсны харуултай тулгарвал ярвигтай. Юу ч гэсэн гэгээ тасарсан хойно явъя. Өнөө шөнө намайг ирнэ гэж хурандаа ахмад хоёрын маань аль нэг харуулдан явнаа. Харанхуй болтол бас зай байна. Хүлээх мөч ямар удаан бэ? гэж бодсоноо хөвөнтэй тэрлэгэнд нуусан нандин олзоо тэмтрэн үзэв.
Баатар шиг эх орондоо элэгтэй хүнийг юу ч үл дийлнэ. Дайсны үүрэн дотор айн тэвдэхгүй уужуу байж, /ээж/-ийн даалгавраа биелүүлнэ гэдэг бол их л ухаан, зориг тэсвэр шаардана. Энэ бүхнийг Баатарт ганцхан эх орон гэдэг хэзээ ч ширгэшгүй ариун сэтгэл нь өгч тэтгэн тэжээж байгаа юм. Даанч залуу байна. Эрч зориглосноос болгоомжгүйдэж алдах вий дээ хэмээн Баатарыгаа бодон өрөвдөх сэтгэл төрөх ажээ.
Түнэр харанхуй болсон ч тоо томшгүй олон одон цэнхэр торгонд хадсан алтан одон мэт гялбан, нүдний хараанд гэгээ өгч газрыг баримжаалахад тусална. Жамба, мордон чимээ чагнан гэлдрүүлсээр уулын хормой руу бууж модны захад гарав. Чанх хойшоогоо явбал бага шиг гүвээ таарах тул баруун хажуу барихаар шогшив. Харлан харагдах газар хааяа бут орвон бараална. Морины хурдаар ширүүн явбал чимээ гарах осолтой. Шөнө, тэгээд сэрүүн орсон цаг учир дайсны хилийн харуулынхан яав ч өндөр газар хяналт хийгээгүй байх. Харин хонхор нам газар хорогдон чагнаж сууцгаах л лав гэж таамаглав.Морины чих сортолцох чигийг анхаарч түүнээс дайжин цогиж ергүүлэн газар дөхсөөр авай. Жамба мориныхоо амьсгааг дарахаар бууж, ойр орчноо нүд дасган ажиж чих тавина. Зүүн хойно чигтэй гэнэт гэрэл гялсхийн энд айл амьтан байхгүй японы хилийн хоёр хилийн харуулын зэргэмжээ завсар хоорондын газар учир, хилийн эргүүлийнхэн гэрэл гаргасан байж таарна.Манай хил арваадхан км газар байна. Удахгүй төрөлх нутгийнхаа агаарыг амьсгалан эхээс унасан газраа хөлөө тавьж, угаасан цэнгэг усаа ханатал залгилна гэж бодоход алжаасан бие жигүүр урган хөнгөрөх мэт болно.
Би одоо Жамба биш Чойжил болно. Жамба гэдэг чинь хэзээ ч мартахгүй ээлтэй нэр гэж бас бодно.Чойжил мориндоо мордон баруун хойш жолоо залан ергөв. Байсхийгээд мориныхоо амыг татан чимээ чагнан явлаа. Морь чихээ солбин сортолзох тэр зүг бараан юм бүртэлзэж морьтой хүмүүс гэдэг нь мэдэгдэв. Мориныхоо амыг татаж тэдэнд анир авуулахгүй тойрч гарахаар баруун тийшээ аяархан алхуулав. Зогс хүүе буудлаа шүү гэсэн дуу зэрэг дуулдав. Дайсны хилийн харуулынхан мөн ажээ. Эх орны торгон хил ойрхон байгаа, тэгээд ч харанхуй шөнө Чойжил юу гэж зогсож саатах билээ.
Мориндоо ташуур өгөн ухасхийлгэв. Хүүе! Буудлаа шүү гэж хашгирах сацуу буу хэдэнтээ тасхийн шөнийн нам гүмийг эвдэв. Чойжил, морины эрчээр давхивч тал газар учир нуугдаж болох орон сэрвэн ч байсангүй. Дайсан Чойжилын араас асар холгүй буудсаар давхицгаана.
Гэнэт нуруу нь халуу оргиж янгинах шиг болж цус амтагдав. Тэр шархадснаа мэдлээ, тэгсэнч давхисаар байв. Дайсан хөөсөөр хориод алхмын хэртээ сүүтэгнэн ирэхэд онилсон жижиг гар бууныхаа гохийг дарлаа. Нэг нь /та минь, амь авар/ хэмээн чарлах сацуу морь үргэн дөрөөгөө хангир жингэр хийлгэн арилав. Нөгөө нь харанхуйд амь алдахаасаа айн эргэв бололтой морины төвөргөөн пижигнэн холдлоо. Чойжилийн мөрний шарх тэсхийн аргагүй янгинан дуу алдан авч амь өрссөн аюулт мөчийг хэрхэн тэсвэрлэхгүй байх билээ. Түүний ухаан орон гаран байлаа. Унахгүйг хичээн давхисаар байлаа. Чойжил одоо ухлийг сөрөн амьдрахын төлөө тэмцэж ариун сайхан эх орныхоо төлөө тэмүүлнэ. Чойжилийн шархнаас цус их гарч түүний хүч тэнхээг барж өөрийн эрхгүй нүд нь бүрэлзэн ухаан алджээ. Тэр мориныхоо мундааг налан газардлаа. Унасан морь нь үрэгсэнгүй. жолоогоо чирэн зогсох гэснээ дороо зогсов.
 
***
Гуяма уруу царайлан орж ирээд суутал, урьд зүс үзээгүй япон хүн гэнэт орж ирлээ. Гаднах төрхийг харахад нилээд хямсгар, өрөөний шалнаас тааз хүртэл хөмсөг зангидан харна.
- Албан хэргээ цэгцэлсэн биз гэхэд Гуяма
- Тэр талаар сэтгэл зовохгүй байж болно. Харин таны цаашдын ажилд тус болох болов уу гэсэн зүйлийг хэлж яримаар байна гэхэд
- Болно. Хэрэгтэй юм бол сонсоно гэж ихэмсэг хариулав./Үхэхдээ үхэр буугаа тавина/ гэгчээр Гуямагийн занал хорсол цээжиндээ багтаж ядан нөгөөл хардаж сэрддэг хүмүүсийг бариулж цааш нь харуулах гэж хэл нь загатнажээ. Далбагар цаасан дээр эгнүүлэн бичсэн хүмүүсийн нэр хаягийн дор японы дургүйцэн үздэг, улаан монгол талтай гэж бичснийг шинэ хүндээ үзүүлэхэд, тэр тун шимтэнгүй янзаар удаан уншсанаа
- Энэ надад хэрэг болно. Ийм муу амьтдыг яагаад одоо болтол нар салхинд чөлөөтэй байлгана вэ? учрыг нь дор нь олчихгүй: гэж зэмлэнгүй хэлэхэд Гуяма өршөөл гуйсан янзтай
- Барагийг нь учрыг нь олсон л доо. Заримыг нь амжсангүй байтал та ирлээ гэв. Гуямагийн оронд шинээр ирсэн хүнийг Катама гэдэг, нас 29, дээд шүд аржгар, хамрын нүх цооног шиг харласан, бирзгэр хүрэн нүүртэй, харахад хүйтэн дотортой хүн гэж мэдэгдэнэ. Зөөлөн сандлын аравчийг хавчигдуу цээжээрээ налж хөлөө алцайлган сууж ихэмсэг байдал үзүүлнэ. Бие намхан агаад гозгор толгойгоо гоохолзуулан хөдөлгөхөд халимаг нь хагалаасаараа холбисхийнэ. Осака хотын дээд сургуулийн монгол хэлний ангийг төгсөөд дараа нь тагнуул үйлдэх арга ухаанд сурвалжан, Харбинд зургаан сар дагалдан сурагч болж ажиллаад одоо энд дэвшин ирж байгаа ажээ. Утас дуугарав. Катама харилцуурыг авч чагнаж байснаа
- Тэгээд.. . тэгээд.. . Завсарт үзэгдсэн бол тэндхийн новшууд яагаад барьсангүй бэ?
- Үнэмлэх бичгийг нь шалгаад явуулчихсан. Хилийн наана эрэлчин гэж явсан гэнэ
- Тэгээд барьсан уу?
- Хууртаад явуулчихаж. . .
- Морийг нь буудаад явгалсан бол барихад юу байх вэ? Мөчийг нь хуга буудаад аваад ир гэж хэл
- Олдохгүй байна?
- Заавал ол! Хилийн бүх харуулын занги нарт мэдэгдэж одоохон хөөцөлд! Катама цаад хүнтэйгээ ийнхүү ширүүн дориун хэдэн үг солиод харилцуураа бараг чулуудаж орхив. . . Шинэ албан тушаал хүлээж аваад ажил яасан золгүй эхлэв.
Энэ янзаар ч бол ч дээ /Бурхан минь/ гэж аман дотроо бувтнахыг хэн ч сонссонгүй.
- Ямар урагшгүй юм бэ? Нэг оргодолч юм уу, улаан монголын тагнуулыг барина гээд хөөцөлдөж байна гэнэ. Ирэх биш бүтэх вий Хөлийг нь хуга буудаад авчрана биз гэж тэссэнгүй ам алдав. Гаднаас хотын хэрэг эрхлэх цагдаагийн газрын нэг хүн зөвшөөрөл аван орж ирэв.
... . гудамжны ... тоот хэрмэнд сууж байсан Жамба гэнэт өөр газар нүүж түүний оронд Буутаас нэгэн хятад иргэн суужээ. Жамба түүнд байшингаа хорь хоногийн өмнө худалдсан гэнэ. Жамбыг урд нь зөвхөн худалдааны улмаас танидаг болсноос биш хаанахын хүн, хаашаа явсныг огт мэдэхгүй гээд байна. Та бүхэн түүнийг сайн мэдэж байгаа байх. Бид эрэн сурвалжилсан боловч сураг алга. .. гэхэд Гуяма дуугүй амаа баръя гэвч чадсангүй.
- Тийм хүн байсан манайхан мэднэ. Хараанаасаа бүү гарга гэж хэдэн новшид даалгасан. Энд байна. Зүгээр явна гээд байсан чинь алдаж орхисон байх нь. Яагаад ийм мулгуу байна. Улаан монголын тагнуул байсан бол бүр ч балрах нь тэр дээ гэж гонгинохыг сонссон Катама, тоомжиргүйхэн
- Энэ явдал надад үл хамаарна. Гуяма та жанжин штабт өөрийн биеэр хэлж нүглээ наминчлах биз гэж ёжтой хэлэхэд Гуяма /Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ/ гэдэгболж дээ хэмээн гөлөлзөсхийг харахад урд ийм ядмаг эр байгаагүйсэн дээ гэж тохуурхмаар байв.
 
***

Ахмад Дондог /Од/-ыг хүлээн болзоот газраа тоссон болохоор хэдий зам гажсан ч гэсэн өглөө эрт застав дээр авчирчээ
Чойжилыг зөөлөн дэвсгэр дээр хэвтүүлэн халбагаар халуун бүлээн цай халбагдан уулгахыг оролдоно. Хааяа хөдлөх боловч ухаан бүрэн орохгүй хэдэн цаг болов. Отрядаас түргэн тусламж дуудан яаралтай арга хэмжээ авчээ.
Чойжил хаана байгаагаа ухаарч ядсан аятай байснаа баруун гараа дээлийн дотоод хормой ямар нэг юм олох гэсэн шиг тэмтрэхийг ахмад Дондог ажаад тэр дагуу нь гараараа илэхэд үл мэдэгдэм юм дээлийн гадрын цаана шидээстэй байлаа.
Хагас дутуу ухаан оровч Чойжилийн сэтгэлээс гардаггүй зүйл бол тэрлэгэнд нь оёотой юм ажээ. Чойжил амь бие, бүх сэтгэл оюунаа түүнтэй холбосноос л сая тэмтрэн санаа амрав бололтой.
 
***

Чойжилийг онгоцоор эх орны зүрх нь болсон нийслэл хотод төдөлгүй авчрав.
- Чойжил арван хоёр цагт ухаан орсон. Бие нь тун ядруу байна. Түүнтэй ямар нэг зүйл ярихыг эмч хориглосон, цус их алдсан, энэ хиртэй байсан нь овоо гэнэ. Эхнэр хүүхдийг нь нөгөөдөрөөс уулзуулж болох байх гэж эмч хэлсэн гэж ахмад Дондог, хурандаад илтгэв. Хурандаа Дугажав бичгийхээ хавтаснаас хоёр хуудас гаргаж харснаа,
- /Од/-ын сүүлчийн мэдээ /ээж/-ийн захиасыг бүтээв. Байнга мөшгөлтийн дор байна. 25-26-27-ны шөнийн аль нэгэнд очно. Явах зам тун чанга. Чадал хүрэхгүй амь хохиров гэхэд би гомдохгүй ээ..Эх орон элгэн садан минь амар жимэр байг. Эх үрс л жаргаг. /Од/ гэсэн шүү. Чойжил маань золбоотой тулдаа эсэн мэнд иржээ гээд инээмсэглэв.
- Тийм ээ. Чойжилийн өврөөс алчуурыг сэжүүрт боодолтой хатуу зүйл гарахад би их л чухал юм гэж бодоод үзсэн чинь жижиг чулуу байсан гэж Дондогийг хэлэхэд
- Тэр чинь Чойжилд шижир алтнаас ч илүү үнэтэй чулуу даа гэж хурандаа тааламжтай өгүүлэв.
- Аа тийм үү. Тэгвэл нутгийн нь чулуу байж таарлаа. Аргагүй /Унасан газрын шороо алт/ гэдэг чинь тун утгатай үг. Зургийн хальсуудыг тодруулахаар зурагчинд өглөө. Маргааш бэлэн болно гэж Дондог нэмж хэлэв.
- Зүйтэй. Түүний чинь төлөө Чойжил, Баатар хоёр амиа өгөхөөс буцахгүй байсан даа. Дараачийн /Од/ нь/Мөнгөн товч/ руугаа удахгүй харвана. /Мөнгөн товч/ маань эх орон өөдөө төдөлгүй харвана хэмээн хурандаа итгэлтэй өгүүлэв.

ТӨГСӨВ

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш