logo
С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

2013/04/25
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ёс зүйн зөрчлийн тухай Ёс зүйн дэд хорооны санал, дүгнэлтийг сонсов. УИХ-ын гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, Б.Борчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, М.Сономпил, Г.Уянга нар энэ сарын 15-ны өдөр УИХ-ын даргад алба бичиг илгээж УИХ-ын дэд дарга С.Баярцогтын гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага тавьсныг УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн юм.

   Иймээс Ёс зүйн дэд хороо энэ сарын 23-ны өдөр хуралдаж УИХ-ын гишүүн С.Баярцогтын ёс зүйн зөрчлийн тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн С.Баярцогт нь УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг зөрчсөн нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл мөн болох тул түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг Ёс зүйн дэд хорооны дүрмийн 9.1.3 дахь заалтын дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн байна.

  Ёс зүйн дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Ц.Оюунбаатар, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар асуулт асууж тодруулав. Дэд хорооны дарга М.Батчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, Ёс зүйн дэд хороо өнөөдөр мөрдөж буй дэд хорооны дүрмийн хүрээнд асуудлыг шийдэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирсэн. Үүднээс илүү шийдвэр гаргах боломж дэд хороонд байхгүй гэдгээ хэллээ.

   Дараа нь УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга С.Баярцогт энэ сарын 15-ны өдөр УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргасныг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авсан юм. Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгээс авсан завсарлагын талаар танилцуулахдаа, УИХ-ын гишүүн С.Баярцогтын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байх үед Ёс зүйн дэд хороо хуралдаагүй байсан. Иймээс дэд хороог хуралдуулах боломж олгох үүднээс бүлэг завсарлага авсан гээд завсарлага дууссаныг мэдэгдэв.

  Дараа нь гишүүн С.Баярцогт ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, чуулган, байнгын хорооны хуралдаан дээр гишүүдээс гарсан шүүмжлэлийг анхаарч хүлээж авч буйгаа хэллээ. Мөн тэрээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага түүнийг татвараас зугатсан, мөнгө угаасан гэж үзээгүй зөвхөн гадаадын банкин дахь дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн эсэхийг л тодруулахыг хүссэн гэдгээ хэллээ.

  Ингээд УИХ-ын С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 56 нь буюу 87.5 хувь нь дэмжлээ.  

Ш.Содномжамц

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш