Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтын үеэр Ерөнхийлөгч А.Мөнхбат МЗХ-ны үүсэл хөгжил, залгамж чанар, өнөө үед хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулаад, хоёр орны залуучуудын харилцааг хэрхэн өргөжүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Монголын залуучуудын төрийн бус байгууллагууд, бусад олон нийтийн байгууллагын төвлөрөл УБ хотод байдаг учраас хөдөөгийн залуучуудын боловсрол, тэднийг нийгэмд зөв идэвхтэй амьдрах, архи тамхины хамаарлаас ангид байлгах зэрэгт чиглэсэн бодлого хамтын үйл ажиллагаануудыг Япон улсын Элчин сайдын яамаар дамжуулан тус улсын холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх “Монгол-Японы залуучуудын харилцан айлчлал”, “Хаврын баяр”, Японы гадаад орнуудтай хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах, мөн “Монгол-Японы залуучуудын соёлын харилцааны өдрүүд”-ийг хамтран зохион байгуулах зэрэг саналуудыг танилцуулжээ. Харин Элчин сайдын зүгээс хоёр орны түншлэл, хамтын үйл ажиллагааны харилцаанд 50-60 ба түүнээс дээш насныхан ихэвчлэн оролцдог, 2 орны харилцааг сайн хөгжүүлэхийн тулд 16-25, 26-35 насны залуучуудад зориулсан хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, залуус хоорондын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм гэдгийг онцолсон байна. Энэхүү уулзалтын үр дүнд Элчин сайд Такэнори Шимизү МУ-ын Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын хүрээнд Монголын 300 төлөөлөгчийг Японд айлчлуулах хөтөлбөрт төлөөлөл болгож 20 шилдэг залуусыг хамруулна гэдгээ илэрхийлсэн байна.