logo
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаархи МАН-ын бүлгийн дүгнэлт

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаархи МАН-ын бүлгийн дүгнэлт

2013/04/25
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Монгол Ардын Намын бүлгийн гишүүд бид Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг удаа дараалан зөрчиж, төрийн албан хаагчдыг хоморголон халж нийгэмд шударга ёс тогтоож, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тал дээр Улсын Их Хурлын өмнө хүлээсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, харин ч хууль зөрчих асуудлыг өөрийн биеэр үлгэрлэн улс оронд хуулийг хэрэгжүүлэх үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзэж түүнийг огцруулах асуудал тавьсан. Түүний энэ байдлыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд ч шүүмжлэн Үндсэн хуулийн цэцэд хандсанаар тэрээр үнэнд гүйцэгдэн өөрийн хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож өөрөө нотолсоор байгаад өнөөдрийг хүрлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”,  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтуудыг дагаж хэрэгжүүлэхийн оронд тэрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр хууль хэрэгжүүлэх шаардлага тавьсан гишүүдэд “Би хууль мэдэхгүй” гэж хариулж байгаа нь улстөрждөггүй, соёлтой нийгэмд бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Улсын Их Хурал түүнтэй зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатайн нотолгоо юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль зөрчсөн шийдвэрүүдийн улмаас төрийн албаны мэргэшсэн байдал алдагдаж, төрөл садан, нам, үзэл бодлын шалгуураар хүмүүсийг ажил, албан тушаалд томилж, хууль ёсыг хэрэгжүүлэх ажлыг завхруулж байгаа энэ буруу жишиг шатлан өргөжиж хөдөө, орон нутагт ч давтагдаж хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө хумигдан ард түмний амьдрал өдрөөс өдөрт унасаар байна. Ер нь төрийн алба, тендерийн ажлыг төрлийн хэрэг болгож буйдаа огтхон ч санаа зовохгүй байгаа нь асуулт, хариултын явцаас олон нийтэд тодорхой харагдлаа.
Хууль зөрчсөн үйлдлээс улбаалан гарсан дараа дараагийн олон хууль зөрчсөн шийдвэрүүдээс болж хохирсон иргэдийн хохирлыг яаж арилгах, түүнээс нийгэмд үлдсэн урт богино хугацааны сөрөг үр дагаврыг яаж арилгах нь тодорхой биш үлдлээ.
Хуулийн хэрэгжилт хаа сайгүй хангалтгүй байгаагаас шалтгаалж иргэд, баялаг бүтээгчдийн ирээдүйдээ итгэх итгэл алдрахад хүрч, улмаар энэ нь эдийн засагт шууд нөлөөлөн улс, орны урьд нь олсон ололтууд үгүй боллоо. Наймхан сарын өмнө дэлхийд тэргүүлж байсан манай эдийн засгийн өсөлт бараг хоёр дахин буурчихлаа. Цагийг нь олоогүй алсын хараагүй бодлогоор шинээр их өр бий болгож, түүнийхээ хариуцлагаас Монголбанкинд  байршуулсан нэрээр бултан зайлах болов. Хаана ч байршуулсан, ямар ч менежмент хийсэн энэ өрийг Монголын ард түмэн төлөх нь үнэн билээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг Улсын Их Хурлаас баталсан  тогтоол, шийдвэрийг зөрчин улс орны хөгжил, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хариуцлагагүй мэдэгдлүүд хийж байгаа нь түүний болчимгүй олон үйлдлийн нэг жишээ юм.
Энэ мэтчилэн түүний хууль тогтоомж зөрчиж нийгэм, эдийн засгийг удирдаж буй алдаатай бодлого нь түүнтэй Улсын Их Хурлаас өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд зайлшгүй хариуцлага тооцох үндэслэл болж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр МАН-ын бүлгийн гишүүд бид олон талаас нь нухацтай шүүн хэлэлцүүлсэн боловч олонхи асуудлыг хүч түрэн шийдвэрлэснийг энд онцлон тэмдэглэж байна. Мөн Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын гишүүдийн тавьсан саналыг чуулганы хуралдаанд танилцуулахыг хааж, дэг зөрчин хэлэлцүүлгийг явуулж байна. Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдыг огцруулах бодит үндэслэл, шалтгааныг ард түмэнд хүргэхгүй, зөвхөн өөрсдийгөө магтан дуулсан, үнэнийг олон нийтээс нуун дарагдуулах гэсэн суртал ухуулгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эрээ цээргүй явууллаа. Түүний холбогдох бодит мэдээллийн араас хүмүүсийн оруулсан сэтгэгдлүүдийг сайтуудаас арчин арилгаж байгааг арай бас худлаа гэж хэлэхгүй байлгүй дээ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэн тэр сайтуудаар ороод үзээрэй. Энэ бол эрх баригчид үнэнд гүйцэгдэж, ард түмнээс айж буйн нэн тодорхой илрэл юм. Гэвч ард түмэн өөрсдийн дүгнэлтээ нэгэнт хийсэн нь олон нийтийн санал асуулгын байдлаас харагдаж байна.
Хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Ерөнхий сайдын энэ үйл ажиллагааг засахад хүнд, урт хугацааны хор уршиг тарихаас нь өмнө зогсоохгүй бол ардчилсан Монгол Улсад хууль тогтоомж хэрэгжихгүй байж болдог, нийгмийн амьдрал хуулийн зохицуулалтгүй, эмх замбараагүй байдалд хүрэх аюултай гэж үзэж байна.
Хуулийг оройлон зөрчдөг Ерөнхий сайдыг албан тушаалд нь үлдээх нь хуулийг дагахгүй байж болно гэсэнтэй адил дохио болно, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг эцсийн дүнд Монгол Улсын Их Хурал өөрөө хүлээх болно гэдгийг УИХ-ын гишүүд ойлгож байгаа гэж найдаж байна.
Учир нь бидний шаардлага бол зөвхөн Ерөнхий сайдыг огцруулахдаа ч биш, хуулийн дор амьдрах нь энэ нийгмийн дээд зарчим гэдгийг итгэл, үнэмшлээ болгосон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулаач ээ гэж олонхид хандсан алхам юм. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар огцорно гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулчихаад Засгийн газарт орох гэсэн зорилго тавиагүй гэдгийг албан ёсоор дахин мэдэгдэж байна.
    Иймд Улсын Их Хурлын олонхи асуудалд улс орны эрх ашгийг урьтал болгон өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль  дээдлэх Үндсэн хуулийн зарчмаа удирдлага болгон шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
    Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар харин ч Засгийн газрын ажлыг улам сайжруулах нөхцөлтэй юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлын хэлэлцүүлэг нь нийгэм бүхэлдээ дүгнэлт хийж, түүний шинэчлэл хийх нэрийн дор хуулийг уландаа гишгэн туучиж явааг ойлгосон. Цаашид монголчуудын ёс суртахуун, улс төрийн төлөвшил, ухааралд тус нэмэр болсон, сөрөг хүчний зүгээс тавихгүй байхын аргагүй алхам гэдэгт эргэлзэхгүй байна.
    Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх явцад яригдсан ноцтой баримтууд, тухайлбал, Монголбанк бондын мөнгөөр алтны наймаа хийж алдагдал хүлээн шинэ алт дилерийн хэрэг гаргасан эсэх, Ерөнхий сайдын хамаатан садангийн хүмүүс хууль бус тендер зохион байгуулж “Гоби Поуэр” компанид ашигтай шийдвэр гаргасан эсэх, УБЕГ-ын ажилтнууд гэмт явдлыг нуун дарагдуулах зорилгоор төрийн бүртгэлийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн мэдээлэл зэрэг нь ашиг сонирхлын зөрчлийн талаархи хууль тогтоомж, ёс зүйтэй нийцэж буй эсэхийг шалган олон нийтэд болон УИХ-д мэдэгдэх шаардлагыг Авлигатай тэмцэх газар, Хууль зүйн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчид явуулсан. Үүнд туйлын анхааралтай хандаж, зохих арга хэмжээ авна гэж найдаж байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш