logo
Метро үгүйлэгдсэн нийслэл хот

Метро үгүйлэгдсэн нийслэл хот

2013/04/25
-Метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр утаа, хорт хийн хэмжээ 30 хүртэл хувиар багасна-

Нийслэлийн нийтийн тээврийн газраас зарласан “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд төлөвлөгдөж буй хөгжүүлэх шинэлэг ажлуудын нэг нь метро юм. Нийслэл хотод байнга оршин суудаг хүн амын тоо өдгөө 1 сая 300 мянгад хүрсэн. Хүн амын тоо саяас хол давсан учир дэлхийн бусад хотуудын жишгээр метро барих асуудал хурцаар тавигдаж байна. “Улаанбаатар метротой болно” гэх сайхан мэдээ гадаад оронд зорчиж үзсэн хүмүүст бодитойгоор төсөөлөгдөж байгаа бол, хүн амын дийлэнх хэсэгт зүүд зэрэглээ, үл гүйцэлдэх мөрөөдөл мэт дуулдаж байгаа нь лавтай. Нийслэлд метро барих санаачилгыг анх Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргаж, метро байгуулах төсөл боловсруулж байжээ. Японы Жайка байгууллагатай тухайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр анх уулзаж байсан бол өнөөгийн шинэ удирдлагууд энэхүү ажлыг гардан хэрэгжүүлэхээр ханцуй шамлан ороод байна.

Гадаадын метро ямар байдаг вэ?

Анхны метрог 1868 онд Лондон хотод ашиглалтад оруулж байсан түүхтэй. Английн нийслэл тухайн үед манай Улаанбаатар хот шиг давчуу гудамжаар нь морин тэрэг, машин холхилдсон, агаарын бохирдолтой хот байж. Метрог нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр Лондон хотын төвлөрөл багасч, дэлхийн хамгийн том хотуудын нэг болтлоо хөгжсөн гэдэг. Үүний дараа Будапешт, Москва, Берлин гээд европын томоохон хотууд метротой болжээ. Москва хотын хүн ам нэг сая давсан учир метро барих асуудал тавигдаж 1912 онд метро барих төслийг Думаар хэлэлцэн баталж байсан аж. Анх 1934 онд хоёр вагоноос бүрдсэн галт тэргийг шугаманд  гаргаж байсан бол одоо Москвагийн метро нь урлагийн бүтээлээр чимэглэгдсэн өнгө төрх бүхий дэлхийн томоохон гоёмсог байгууламж болон хөгжиж, Москвагийн нийтийн тээврийн ачааллын ихэнхийг нуруундаа үүрч чаддаг томоохон салбар нэгж нь болон хөгжиж байна. Москва шиг том хотод өчүүхэн ч төөрөхгүйгээр амжилттай аялах боломжийг зөвхөн метро л олгодог билээ.
Метроны тухай сонирхолтой баримтуудыг үргэлжлүүлэхэд, дэлхийн хамгийн урт метро Шведийн Стокгольм хотод байдаг байна. Стокгольмын метрог урлагийн галерей ч гэж нэрлэдэг. Уг метроны 90 буудал нь урлагийн бүтээлийн төлөөлөл болох үлгэрийн агуй, төрөл бүрийн үзмэрүүд, сонгодог архитектурын булангууд, шигтгэмэл зургуудаар дүүрсэн байдаг нь ийн нэрлэхэд хүргэжээ. Түүнчлэн монголчуудын олонтаа зорчдог БНСУ-ын метроны тухай мэдээлэл уншигч таны сонирхлыг татах нь лавтай. Тухайлбал, Солонгос улсын метро нь цэнхэрийн шугам, ногооны шугам гэх мэт есөн төрлийн шугамтай. Энэ өнгөөр чиглэлд явж байгаа метронууд  нь өөр хоорондоо ялгардаг. Метронд суухдаа тасалбар авах, эсвэл картаар төлбөрөө хийж болдог. Метро нь хурдан, өртөг багатай учир иргэдийн байнга зорчдог нийтийн тээвэр нь болж чадсан байна.
Солонгосчуудын дийлэнх нь ажилдаа очих, ирэх хугацааг метронд өнгөрүүлдэг учир метронд өдөр тутмын сонин, сэтгүүл рекламыг ихээр байршуулсан байдаг. Метрон дотор чиглэл заах цахим газрын зургийг байрлуулж, зогсох буудлаа автоматаар зарладаг. Солонгосд хулгай хийх асуудал байдаггүй учир хүмүүс нь метрондоо тайван үйлчлүүлдэг байна. Зарим хүн унтаж явах нь ч бий. Хол замд явж байгаа хүмүүс суугаагаараа зүүрмэглэн нүднийхээ хорыг гаргадаг. Метронд цай уун юм идэж, гэртээ байгаа юм шиг байхыг өдөр тутам харж болно. Зарим тохиолдолд хүн ихтэй болдог ч нэгнийгээ түлхэж шахцалдахгүйгээр дор бүрнээ зайтай зогсож, соёлтой үйлчлүүлдэг ард түмэн юм. Солонгосын метроны буудлын тохижилт нь хүмүүсийн ая тухыг дээд зэргээр хангасан байдаг. Худалдаа үйлчилгээ, буфет,  цайны газар зэрэг үйлчилгээнүүд энд төвлөрсөн харагддаг бөгөөд хаашаа явах, хаагуур гарахыг маш ойлгомжтойгоор сум заан тэмдэглэсэн байдаг учир төөрч будилахгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Иргэд нь ч метрогоор үйлчлүүлэхдээ ухамсартай, өөриймсөг ханддаг учраас солонгосын метро ая тухтай  хэвээр байсаар байна.

Монголдоо метрогоор зорчих цаг хэзээ вэ?

Улаанбаатар хотод 2030 он гэхэд хотын хүн ам 1,7 саяд хүрч зам тээврийн эрэлт хэрэгцээ 3,1 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Тиймээс нийтийн тээврийн хамгийн дэвшилтэт тээврийн хэрэгсэл болсон метрог Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр авто машинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртэлх хувиар багасч, зам тээврийн осол буурна. Мөн нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжрах юм.
Жайкагийн төслийн багийнхан Улаанбаатарт метро байгуулах судалгааны ажлын тайлан, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, нийслэлийн удирдлагуудад танилцуулжээ. Уг төслийн хүрээнд Нийслэлд Японы JGC корпораци техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, Марубени корпораци 21,27 км-ийн урттай метроны хоёр шугам байгуулахад нийтдээ 180 тэрбум иен буюу 2.22 тэрбум ам долларын хөрөнгө оруулахаар болжээ. 
Метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км урттай, газар доогуурх гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барих юм. Метро таван чиглэлийн 60 орчим км замтай байна. Зайсангаас Долоон буудал, Улиастайгаас Таван шар, Чингис хаан нисэх онгоцны буудлаас Цагаан хаалга, Шархаднаас Сансарын шатахуун түгээх станц, Их тойрууд тойрог хэлбэрээр байгуулахаар төлөвлөж байна. Тойрог хэлбэрээр байгуулах болсон нь замд зорчигчид чиглэлээ өөрчлөхийн тулд шилжин суухад тохиромжтойг бодолцжээ.
Метроны барилгын нэгдүгээр давхар нь 9.75 метрийн гүнд байрлах ба тус давхарт үйлчилгээний цогцолбор буюу мини зах, хоёрдугаар давхарыг 14.85 метрийн гүнд  энэ давхарт телефон утасны хэсэг, билет борлуулах хяналтын хэсэг байрлуулахаар төлөвлөжээ. Харин гуравдугаар давхар нь 19.95 метрийн гүнд байрлах ба энд метроны зорчих хэсэг байрлах юм. Вагон 19.206 метрын урттай  40-45 хүн суух багтаамжтай байна. “Улаанбаатар метро “-гоор нэг удаа зорчихдоо 500-600 төгрөг төлөн автобусаар Толгойтоос Амгалан хүртэл 18 км зайг 45 минут зорчдог байсан газарт 15 минутанд хүрэх боломжтой болж байгаа юм.
Улаанбаатар метрог байгуулахад туннель, гүүр, өртөө гэх мэт барилга дэд бүтцийн зардал 1.2 тэрбум ам доллар, вагон болон бусад техник тоног төхөөрөмжид 0.3 тэрбум ам доллар нийтдээ 1.5 тэрбум ам.долларын зардал гарах тооцоог гаргасан байна. Жайка төслийн удирдагч, хот төлөвлөлт, эдийн засгийн шинжээч Кацухидэ Нагаяама 2014 оноос барилгын ажлыг эхлүүлбэл 6 жилийн дараа буюу 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болно гэв. Метро өндөр өртөгтэй босох учраас нийтийн тээврийн хүчин чадлаас хамаараад нэг цагт зорчих үйлчлүүлэгчдийн тоо 20 мянгаас дээш байх ёстой ажээ. 2020 он гэхэд метро баригдана гэж тооцоолон 2020-2030 он хүртэл метроны өртөөнүүдийг түшиглэн хотын дэд төвүүдийг байгуулна. Ингэснээр хотын төвийн шугам дагуу ойролцоогоор 10,2 тэрбум ам,долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл шинээр бий болно гэсэн тооцоог хийж байгаа юм байна. 
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэлэг өөрчлөлт хийх цаг нь болжээ. Зорьсноо бүтээж, хотоо хот шиг хот болгох үйлсэд иргэн бүр дэмжиж оролцоосой хэмээн ерөөе.

Ю.БАЙГАЛМАА
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш