logo
Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

2013/04/26
“Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, бүтээгдэхүүнээ энэ оны 6 дугаар сард экспортод гаргахаар төлөвлөж байна. Оюу толгой компанийн баяжмалыг төлөвлөсөн цаг хугацаанд нь экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан.
Төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, ашиглах эрх, Оюу толгой-Гашуун сухайт чиглэлийн автозам, гадаад ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, баяжмалын гаалийн бүрдүүлэлт, байгаль орчин, ус, цахилгаан станц, хөндлөнгийн хяналтын лаборатори, дэд бүтцийн корридор зэрэг тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон байгаа.
Оюу толгой ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас гадна шинээр баригдах шаардлагатай 6 барилга байгууламжуудад газар эзэмших зөвшөөрөл олгох шаардлагатай байгаа. Үүний дагуу баяжмал ялгах, гаалийн хяналтын талбай (33.9 га) болон далд уурхайн 4-р босоо амны (12.72 га) газрын зөвшөөрлийг Ханбогд сумын дэд бүтцийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах нөхцөлтэйгээр олгохоор урьдчилсан байдлаар тохиролцсон байна.
Түүнчлэн ЗТЯ, "Оюу толгой" ХХК, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн төлөөлөл хэлэлцэн доорхи шийдэлд урьдчилсан байдлаар хүрээд байна. Тухайлбал 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл одоогийн сайжруулсан хайрган зам дээр дан чиргүүлтэйгээр баяжмалын экспортын тээвэрлэлт хийхийг ЗТЯ урьдчилсан байдлаар зөвшөөрсөн. Гэхдээ Цагаан хаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хэсэгт Энержи Ресурсын хатуу хучилттай замыг ашиглах юм.
Таван толгойн цахилгаан станцаас Оюу толгойн эрчим хүчний эх үүсвэр хангах, Оюу толгой" ХХК-ийг Таван толгойд баригдах цахилгаан станцын бүтээн байгуулалтад оролцуулах асуудлаар зөвлөлдөж байна.

“Эрдэнэс Таван толгой” ХК нүүрсний экспортоо эхлүүллээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК нь санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан нүүрсний экспортоо 2013 оны эхээр зогсоосон. Харин энэ 4 дүгээр сарын 22-нд нүүрсний экспортоо эхлүүлээд байна.
Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Таван толгой” ХК нь уурхайн үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн зэрэгцээ БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан нүүрс экспортлох гэрээний нөхцлийг өөрчлөх, тухайлбал, үнэ өсгөх, нүүрсний тээврийн зардлыг бууруулах талаар яриа хэлэлцээ явуулж ирсэн. Энд зарим нэгэн нааштай шийдэл байгаа боловч хэлэцээрийг дүгнэхэд арай эрт байгаа юм. Мөн “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удирдлага үйл ажиллагааныхаа зардал бууруулах талаар тодорхой арга хэмжээ авсан нь зохих үр дүнд хүрч байна.
“Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу манай нүүрсний үнэ өнгөрсөн 1 дүгээр улиралд тонн тутам 53 ам.доллар байсан бол 2 дугаар улиралд үнэ өсч 56 орчим ам.долларт хүрсэн нь нүүрсний экспортыг эхлүүлэх бас нэг боломж олгосон юм.
“Эрдэнэс-Таван толгой” ХК нүүрсээ Таван толгойн уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсээр дамжуулан хятадын талд экспортлож байсныг болиулж, уурхай дээрээ гүнийн гааль байгуулах замаар Ганц модны боомт хүртэл шууд тээвэрлэж нийлүүлэхээр тохиролцсон нь зардал хэмнэх, зохион байгуулалтыг сайжруулахад чиглэсэн чухал алхам болж байна.
Тус компани нүүрсний экспортоо сэргээсэн нь хятадын зах зээл дээр олж авсан байр сууриа хадгалах, нөгөө талаар үндэсний 10 гаруй аж ахуйн нэгжийн 2000 гаруй хүн ажилтай, орлоготой болж улмаар улс орны эдийн засгийг өсгөх, төсвийн орлого нэмэгдүүлнэ.
Стратегийн ордод нэмж зарим ордыг хамруулна
Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах зорилготой Засгийн газрын 100 дугаар тогтоол батлагдан гарсан. Дээрх тогтоолын дагуу стратегийн 15 ордыг “Эрдэнэс МГЛ” ХХК-д төвлөрүүлэх ажил эхэлсэн. Шинээр стратегийн ордод хамааруулахаар 30 гаруй ордыг судалж байна.
2007 онд УИХ-аас батлагдсан 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан ордыг Стартегийн ордод хамруулах боломжийг судалж холбогдох талуудтай ярих хэлцэл хийж байна. Түүнчлэн зарим орд эзэмшигчид өөрсдийн санаачилгаар стратегийн ордод хамааруулж өгөх хүсэлт гаргаад байна. Стратегийн ордын жагсаалтад шинээр хамруулах орд газрын удирдлагуудтай нэг бүрчлэн уулзаж байна. Дээрх асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудал
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд зааснаар “Мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 139 дүгээр тогтоолоор батлуулсан.
Мэргэжлийн зөвлөл нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн бодлого, зохицуулалтын талаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэгтэй бөгөөд энэхүү дүрмээр зөвлөлийн бүтэц, ажлын зохион байгуулалт, эрх үүрэг, хариуцлагыг тусган оруулсан.
Мөн Засгийн газрын хуралдаанаар 2011 оны 193, 2007 оны 88 дугаар тогтоолоор тогтоосон төмрийн хүдэр, баяжмалын ангилал, экспортын бүтээгдэхүүний борлуулалтын жишиг үнэ зарлах биржийн нэрд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолыг батлууллаа.
Засгийн газраас баталсан “Биржийн нэр зарлах тухай” 2007 оны 88 дугаар тогтоолоор төмрийн жишиг үнийг Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгч, Японы ган үйлдвэрлэгчийн хоорондын худалдааны гэрээнд заасан үнээр, жоншны жишиг үнийг гол экспортлогч Хятад, гол импортлогч АНУ-ын худалдааны гэрээнд заасан үнээр, нүүрсний жишиг үнийг Хойд Хятадын зах зээлд борлуулж буй нүүрсний үнийн мэдээллийн эх үүсвэр болох www.caolworld.net цахим хуудсанд мэдээлсэн үнэд тулгуурлан тогтоохоор заасан. Дээрхи үнийн эх сурвалжийг үндэслэн жишиг үнэ, борлуулалтын үнэлгээ тогтоох нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудаас улсын төсөвт оруулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын хэмжээг бодит бусаар тооцогдох үндэслэл болж байсан. Иймээс Уул уурхайн сайдын 2012 оны 73 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэн төмрийн хүдэр, баяжмал, жоншны баяжмал, нүүрсний жишиг үнэ зарлах мэдээллийн эх үүсвэрт өөрчлөлт оруулж эдгээр бүтээгдэхүүний жишиг үнийг бодитойгоор зарлах, мэдээллийг эх үүсвэрийг тогтоох зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулсан болно.

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн талаарх мэдээлэл

“Тэсрэх бодис, тэсэлэгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулиадад үндэслэн Уул уурхайн яамнаас үйлвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил хийх, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис үйлдвэрлэх, имдортлох, худалдах тусгай зөвшөөрлүүдийг 3 жилийн хугацаатайгаар олгож байна.
Дээрх хуулиудын дагуу материал бүрдүүлж хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл олгож ирсэн.
Энэ оны нэгдүгээр сарын 31-нд Улсын их хурлаар шинэчлэн батлагдсан “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулиар тэсэлгээний мэргэжлийн Зөвлөлийг салбарын яамны дэргэд байгуулж тусгай зөвшөөрөл олгох болон шаардлагатай зарим асуудлуудыг түүгээр хэлэлцүүлэн дүгнэлт гаргаж байхаар болсон. Мэргэжлийн Зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл олгож байхаар хуульчлагдсан.
Хуулийн шинэчилсэн найруулгаар үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн гадаадийн хөрөнгө оруулалтын хэмжээ 49%-аас хэтрэхгүй байхаар хязгаарласан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн талаар: Өнөөдрийн байдлаар нийт 138 аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 198 тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Хууль эрх зүйн орчин боловсронгуй болсонтой холбогдуулж аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг аттестачлах ажил төлөвлөөд байна.
Шинээр тусгай зөвшөөрөл авахаар 8, сунгуулахаар 4 аж ахуйн нэгж материал ирүүлээд байна. Цаашид Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх юм.
Уул уурхайн сайд Дархан-Уул, Сэлэнгэд ажиллалаа
Уул уурхайн сайд, ЭЗХ-ын сайд нар энэ сарын 6-7-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгийн төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Баянголын төмрийн хүдрийн ордын “Болд Төмөр Ерөө гол” ХХК, “Төмөртэй” төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаатай танилцсан юм.
Манай улс ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол 2012 оны байдлаар 90 орчим хувь болж 10 жилийн дотор 40 хувиар өссөн, үүний дотор төмрийн хүдэр, баяжмал экспортолдоггүй байсан бол 6.4 сая.тн болсон нь Монгол Улсын гуравдагч томоохон экспортын бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогдож байна.
Уул уурхайн сайдыг Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн орд газрын үйл ажиллагаатай танилцах үед төмрийн хүдэр олборлогч, экспортлогч үндэсний арав гаруй компани нэгдэж “Монгол ган нэгдэл” ХХК-ийг байгуулсан ба үйл ажиллагааны байдал, цаашдын зорилтын талаар танилцуулсан.
Төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, агуулгыг өсгөх зорилгоор нойтон аргаар баяжуулах шинээр 6 үйлдвэр, 3 үйлдвэр өргөтгөн шинэчлэх төсөл боловсруулсан нь нийтдээ 226.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдаж байна. Тус компани 64,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээр хийж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн эхний жилд 609.6 мянган тн бүтээгдэхүүн экспортолж бүрэн хүчин чадлаар ажиллахад 6.9 сая тн баяжмал үйлдвэрлэх боломжтой болох юм.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж импортын эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хамааралтай байдаг. Иймд импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
“Чайна Ойл” компанийн Хөх хотын боловсруулах үйлдвэрийн өргөтгөл өнгөрсөн оны 10 дугаар сард дууссан, газрын тосны бүтээгдэхүүн сар бүр импортоор авах талаар хэлэлцээ хийв. Үүний үр дүнд “Чайна Ойл” компанитай бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх гэрээг “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” ХХК-уудтай байгууллаа. Гэрээний нэг онцлог нь “Чайна-Ойл” компаниас нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортолж байгаа түүхий тосны үнийг суурь болгосон томьёолол дээр үндэслэн харилцан тохиролцсон. “Чайна-Ойл” компаниас сард авах бүтээгдэхүүний хамгийн доод хэмжээг 4000 тонн ба улмаар 10 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхээр гэрээнд тусгасан.
ОХУ-ын Роснефть компанитай хангамж, үнийг тогтворжуулах талаар идэвхтэй хамтран ажилласаны үр дүнд нь “Роснефть” компаниас бүтээгдэхүүний үнийг олон улсын зах зээлийн үнэд суурилсан аргачлалаар тооцох саналаа ирүүлсэн. Роснефть компанийн үнэ сүүлийн хэдэн саруудад бусад нийлүүлэгчтэй харьцуулахад өндөр байсан бөгөөд үүний улмаас нийлүүлэлтийн хэмжээ нь огцом буурахад хүрсэн. 2013 оны эхний улиралд “Роснефть” компаниас гэрээний дагуу хамгийн багадаа 135 мянган тонн бүтээгдэхүүн авах ёстой боловч үнэ өндөр байсан тул дотоодын аж ахуйн нэгжүүд тус компаниас худалдан авах бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулж, нийтдээ 65 мянган тонн бүтээгдэхүүн импортоор авсан.
2013 он гарсаар ийнхүү үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан, Роснефть компанитай 2013 оны 1, 3 дугаар сард уулзаж, үнэ болон хангамжийн талаар яриа хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний гол зорилго нь Роснефть компаниас ирүүлсэн үнийн томъёоллын талаар хэлэлцэх явдал байсан бөгөөд манай талаас Роснефть компанийн зүгээс тавьсан үнийн томъёололд өөрчлөлт хийн үнийг тодорхой төвшинд буулгах саналаа албан бичгээр тавьсан. Уулзалтын үр дүнд Роснефтийн талаас манай саналыг судлан үзэж, хариу өгөхөөр тохиролцоод байна.
2013 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 31 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 37, Аи-92 автобензин 32, дизелийн түлш 20 хоногийн нөөцтэй байна.
“11-11” төвөөр дамжуулж иргэд 534 санал хүсэлт ирүүлсэн байна
Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төвд энэ сарын 24-ны өдрийн байдлаар Уул уурхайн яамтай холбоотой 534 санал, хүсэлт ирсэн. Үүнээс 532 асуултанд хариулж үлдсэн 2 асуултанд хариулахаар мэдээллийг судалж байна.
Ингэхдээ 497 санал хүсэлт, шүүмжлэл 15, гомдол 21, талархал 1 ирсэн байна. Шийдвэрлэлтийн явц 99,6 хувьтай байна.
Ирүүлсэн санал хүсэлтийн дийлэнх хувийг Оюу толгой, Таван толгойг тойрсон асуудлуудыг хөндсөн байна. Түүнчлэн Стартегийн ордууд, зэс эрдэнийн хувь, Налайхын нүүрсний уурхай, бичил уурхай, уул уурхайн компаниудын ажил олгогчдийн талаар, тусгай зөвшөөрлийн хяналт шалгалттай холбоотой асуудлаар хандсан байна.
Уул уурхайн яаманд Д.Ганхуяг сайдын садан төрлийн нэг ч хүн ажилладаггүй

Уул уурхайн яам, АМГ-ын газрын зарим нэг албан тушаалд мэргэжлийн бус хүн тавьсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Үүнд албан ёсоор тайлбар өгье. Уул уурхайн яамны батлагдсан орон тоо 62 байхаас шаардлагатай сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлан томилгоог Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хийсэн.
Ашигт малтмалын газар 170, Газрын тосны газар 114 ажилтантай үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сайдын зөвлөхөөр мэргэжлийн бус хүн тавьсан гэж бичсэн байсан. Яамдын ТНБД-ыг Засгийн газрын тухай хуулийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлдөг. Төрийн албаны зөвлөл удирдах албаны сонгон шалгаруулалтыг зарласан. Р.Жигжид энэхүү сонгон шалгаруулалтад тэнцэн Засгийн газрын хуралдаанаар орж хуулийн дагуу томилогдсон.
Уул уурхайн сайд ажлын албаны болон мэргэжлийн гэсэн хоёр зөвлөхтэй. Ч.Түмэнбаяр нь 2009 оноос УИХ-ын гишүүний зөвлөхийн ажлыг, Шинэчлэлийн Засгийн газар байгууллагдснаас хойш Уул уурхайн сайдын ажлын албаны зөвлөхөөр ажиллаж байна Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд Уул уурхайн сайдад мэргэжлийн бус хүн зөвлөж байна гэсэн байсан. Сайдын ажлын албаны зөвлөх нь ажлын чиг үүргийн дагуу салбарын төрийн захиргааны болон харьяа байгууллагатай холбоотой асуудлаар сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж, шуурхай ажлыг нь гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Харин геологи, уул уурхайн зөвлөхөөр нь геологич мэргэжилтэй, доктор Д.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа. Энэ хүн сайдад мэргэжлийн талаас нь зөвлөдөг.
АМГ-ын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ үзүүлдэг, АМГ-ын нэгж юм. Энэ хэлтэстэй холбоотой сайн, муу хэл ам байнга гардаг. Иймээс уг хэлтсийн чиг үүрэгт тусгасан ажлыг хуулийн дагуу удирдан зохион байгуулж үр дүнд хүргэх зорилгоор Н.Чинбаатарыг АМГ-ын дарга тушаал гаргаж, энэ албан тушаалд томилсон. Тэрээр Сайдын бие төлөөлөгчөөр найман жил ажилласан. Мэргэжлээрээ ч ажилласан, мөн бизнесийн салбарт ч ажиллаж байсан. Кадастрын хэлтсийн даргын гол ажил нь тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг хариуцдаг. Тиймээс итгэл даах хүн байх нь чухал. АМГ-ын Кадастрын хэлтсийн ажил нь иж бүрэн программчилагдсан байдаг. Уул уурхайн яаманд Д.Ганхуяг сайдын садан төрлийн нэг ч хүн ажилладаггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш