logo
Өнөөдөр “Ахмадын сургааль алт” анхдугаар хуралдай болно

Өнөөдөр “Ахмадын сургааль алт” анхдугаар хуралдай болно

2013/04/26
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Мэргэжлийн зөвлөх баг ажилуулах хөтөлбөр”-ийг санаачилсан. Тэгвэл түүний энэ санал санаачлагыг дэмжих буйгаа илэрхийлэн “Таны зүтгэлийн төлөө” ТББ-аас “Ахмадын сургааль алт” анхдугаар хуралдайг   өнөөдөр буюу 2013 оны 4 -р сарын 26-ны 13 цагт Төмөр замын соёлын ордонд зохион байгуулах гэж байна. Хуралдайд нийслэлийн дүүрэг хороо бүрээс ахмадуудын төлөөлөл оролцох бөгөөд, Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ, Чөлөөт ахмадын холбоо, ҮХАҮТ-ын дэргэдэх ахмад экспертүүдийн холбооноос нийтдээ 220 хүн оролцох юм.  

“Таны зүтгэлийн төлөө” ТББ-аас зохион байгуулж буй  тус хуралдаан Ахмадуудын зөвлөх баг байгуулах ажлын хэсгийг зохион байгуулах үйл ажиллагаагаар эхэлнэ.

 Өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, аливаа ажлыг удирдан зохион байгуулах, зааж зөвлөх, хяналт тавих, сургалт явуулах зэрэг ажлын дадлага туршлагатай ахмадуудын мэдлэг чадвар, арга барил, оюуны их нөөц боломжийг улс, аж ахуйн салбар бүрт ашиглах, өвлүүлэн үлдээх, ингэснээрээ нэг талаас тэтгэвэртээ суусан өндөр настнуудын амьдралын идэвхийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа. Нөгөө талаас тэдний хуримтлуулсан арвин нөөц боломжийг нийгэм, улс орны шаардлагатай салбар нэгжид үр дүнтэй ашиглах зорилго бүхий тус чуулганаар  ахмад эмч, багш, хуульч, инженер, эдийн засагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын, хөдөө аж ахуйн ахмад мэргэжилтнүүд, ахмад эрдэмтдийн гэсэн найман зөвлөх багийг зохион байгуулах юм.

Баг бүр мэргэжлийн онцлогоос хамааран төрөлжсөн зохион байгуулалттай байна. Тухайлбал ахмад эмч нарын баг дотроо хүүхдийн, эрүүл ахуйн, эм зүйчдийн болон бусад гэж салбарлах бол ахмад багш нарын баг их, дээд сургуулийн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гэх мэтээр салбарлана.

Мэргэжлийн багт орох бүрэлдэхүүнд  тухайн салбарт 30-аас доошгүй жил ажилласан, мэргэжлээрээ эрдмийн зэрэг цолтой, төрийн шагнал, гавъяат, ардын цолтой бол давуу тал болох бөгөөд тухайн салбартаа удирдах албан тушаал хашсан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй зэрэг ерөнхий шаардлагууд тавигдахын зэрэгцээ зөвлөх багууд дотооддоо төдийгүй гадаад улс орны урилгаар очиж зөвлөгөө өгөх чадамжтай байхаар тооцож ажиллах юм. Урьдчилсан тооцоолсноор дээрх багуудад 6000 орчим ахмад хамрагдах боломжтой бөгөөд улсын хэмжээнд 7-8 мэргэжлээр тус бүр 10 гишүүнтэй багт 70-80 ахмад, 21 аймгийн хэмжээнд зөвлөх багт 1500 орчим, хорооны хэмжээнд зөвлөх багуудад 450, сум хороодод 4500 гаруй ахмадууд ажиллах боломжтой ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш