logo
АОХН-ын хуралдаан алагчлал дунд болбол шаардлагатай арга хэмжээг авахаа мэдэгдэв

АОХН-ын хуралдаан алагчлал дунд болбол шаардлагатай арга хэмжээг авахаа мэдэгдэв

2013/04/26
    Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг/АОХН/-ийн хуралдаан энэ сарын 27-29-ны хооронд манай улсад болно. Тус хуралдаантай холбогдуулан МАХН-аас мэдэгдэл гаргасантай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийдэгдамба, Ерөнхий нарийн бичгийн даргын бодлогын зөвлөх З.Батбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
    АОХН-ий Монгол Улсад зохион байгуулагдах энэ удаагийн хуралдаанд дэлхийн 104 орны 1000 гаруй төлөөлөгчид оролцоно гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа юм. Тэдний дотор дэлхийн улс орнуудын төрийн төлөөлөгчид болон олон арван хэвлэл мэдээллийн байгууллага багтаж байгаа нь манай улсын хувьд улс орныхоо ардчиллыг дэлхий дахинд тунхаглах томоохон хариуцлагын асуудал болж байна. Харамсалтай нь энэ удаагийн хурлыг аль нэг улс төрийн хүчин, эрх баригчдын нөлөөнд болж өгөрөх вий гэсэн айдас бий болжээ. Тухайлбал, энэ удаагийн хуралдаанд МАХН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага, ИННБ-ын төлөөллүүд оролцох сонирхол өндөр байгаа ч өнөө хэр тухайн хуралдааны удирдамж, хөтөлбөр ирээгүй төдийгүй, ямар нэгэн мэдээллээр хангагдаагүй байна. Дан ганц МАХН гэлтгүй бусад улс төрийн намуудын оролцоог хангахгүй, тэдэнд тэгш боломж өгөхгүй, хаалттай болох дүр зураг бий болчихоод байгаа ажээ. Тиймээс энэ удаагийн АОХН-ийн хуралдаан алагчилсан байдалтай болвол МАХН-ын зүгээс хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг зохион байгуулахаа мэдэгдлээ.
    АОХН-ийн анхлан байгуулагдсан суурь зарчим бол ардчилсан улс орнуудын ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, учир дутагдалтай зүйлсийг засч залруулах явдал. Тиймдээ ч АОХН-ын хуралдаан өөрөө жинхэнэ ардчилсан зарчмаар нээлттэй явагдаж ирсэн түүхтэй. Гэтэл энэ удаагийн хуралдааныг эрх баричид хүч түрсэн байдалтайгаар зохион байгуулвал Монгол Улс ардчилсан улс биш болсон төдийгүй эрх баригчид улс орноо ардчиллын замаар удирдахгүй байна гэдэг ойлголт дэлхий нийтэд түгэхээс гадна АОХН-ийн нэр хүнд олон улсын давцанд унах нөхцөл бий болж мэдэхээр байгаа юм.
    Ер нь АОХН-ийн хуралдаан тухайн жилийнхээ долдугаар сард зохион байгуулагддаг уламжлалтай. Харин Монгол Улсад дөрөвдүгээр сард болж байгаа нь манай улсад Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотой гэж гадны улс орны ажиглагчид, ТББ-ууд өмнө нь мэдэгдээд байгаа. Тиймээс АОХН-ийн зүгээс монголын эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт авахын тулд дэлхийн нэр хүнд бүхий хурлыг явцуу эрх ашгийн үүднээс зохион байгуулж байна гэх болгоомжлолтой байж ч мэдэх гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш