logo
Нүүрс нийлүүлэгч болон худалдан авагч тал харилцан алдагдалгүй байхаар тооцсон

Нүүрс нийлүүлэгч болон худалдан авагч тал харилцан алдагдалгүй байхаар тооцсон

2013/04/27
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-04-26/  хуралдаан 09.30 цагт эхэлж хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонслоо.

  Сангийн сайд Ч.Улааны мэдээлэлд дурдагдсанаар, өнгөрсөн 2012 оны байдлаар манай улсын үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ нэрлэснээр 13,9 их наяд, 2005 оны үнээр 5.5 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг сүүлийн 4 жилд нэрлэснээр 2.1 дахин, бодитоор жилд дунджаар 8.7 хувь, нийт 40 хувь өссөн бол уул уурхайн салбар жилд дунджаар 6.4 хувиар, уул уурхайн бус салбар 9.2 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Нэг хүнд ногдох ДНБ энэ хугацаанд мөн 2.1 дахин өсөж албан бус тооцоогоор 3611.5 ам доллартай дүйцэхүйц хэмжээнд хүрч, Дэлхийн банкны ангиллаар дунд орлоготой орны тоонд багтжээ.

   2011 онд 4.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь манай улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт байсан гэлээ. Энэ нь ашигт малтмал, уул уурхайн салбарт орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.0 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.3 дахин буюу 2.8 тэрбум ам.доллараар өссөнтэй холбоотой байна. Түүнчлэн хэрэглээний үнийн индекс 2012 оны эцэст улсын хэмжээнд 14 хувиар, Улаанбаатар хотод 14.2 хувиар өсчээ. Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийн өсөлтийн гол шалтгаан нь махны үнэ болон согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлсэнтэай холбоотой үнийн өсөлт байсан ба махны үнэ 2011 онтой харьцуулахад 43.7 хувиар өсөж инфляцийн 4.8 нэгж хувь буюу 34 хувийн шалтгаан болсон. Харин архи, тамхины бүлгийн барааны үнэ 54.6 хувиар өсчээ. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд хамгийн том салбар нь нийт ажиллагчдын 33 хувь нь ажилладаг хөдөө аж ахуйн салбар хэвээр байж харин худалдаа, засвар үйлчилгээний салбарын ажиллагчид 15 хувь, тээвэр, агуулахын үйл ажиллагаа 7 хувь, боловсруулах үйлдвэрлэл 6 хувь, барилга 5 хувийг тус тус эзэлсэн байна. Харин ядуурлын төвшин хөдөөд хотоос өндөр үзүүлэлттэй гарчээ.

   Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн асуултдаа, “Өнгөрсөн таван сарын хугацаанд нүүрсний экспортыг гацааж гацааж байгаад Ерөнхий сайд огцрох асуудал шийдэгдсэний дараа хөдөлгөж эхэллээ. Тонн тутмаас 20 долларын алдагдалтай байгаа учраас нүүрс гаргах асуудлыг зогсоосон гэсэн хариултыг тухайн үед өгч байсан ч одоо болохоор тэр хэвээр нь шийдчихлээ. Уг нь 3 долларын зөрүүтэй юм. Ингэж байгаа юм бол өнгөрсөн бүтэн таван сарын хугацаанд нүүрс гаргахыг зогоосон хариуцлагыг хэн хүлээх юм бэ” гэлээ.

  Үүний хариуд Ч. Улаан сайд өгсөн хариултдаа, “Нүүрсний хувьд алдагдалтай байсан учраас нэг хэсэг нүүрсний экспорт зогссон нь үнэн. Одоо яагаад экспортлох болов гэхээр нийлүүлэгч болон худалдан авагч тал үнэ бүрдүүлдэг зардлынхаа тооцоог харилцан алдагдалгүй байхаар тооцсоны үндсэн дээр нийлүүлж эхэлж байгаа. Нүүрсний экспортыг зогсоох ямар ч сонирхол Засгийн газар болон Сангийн яаманд байхгүй. Аль болохооор нүүрс экспортлох нөхцлийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Гол нь алдагдалгүй байхад анхаарах шаардлагатай байгаа юм. Нүүрсний экспортын үнийг гэрээний үнээр тооцож хамгийн бага үнээр татвар ногдуулах гормид шилжүүлж үзсэн. Аргагүйн эрхэнд нүүрсний экспортыг зогсоогоод байсан” гэсэн тайлбарыг өгөв.

  С.Бямбацогт гишүүн асуултдаа, “Өнгөрсөн долоо хоногт хийсэн Ерөнхий сайдын мэдээлэлд төсөв сайн байгаа гэж байснаа өнөөдөр хүнд байна гэж байгаа нь ямар учиртай юм бэ. Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүндэрч гадаадын хөрөнгө оруулалт буурч байна.

  Төсвийн хууль зөрчсөн талаар тодорхой тайлбар хэлнэ үү. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдох ёстой 500 мянган төгрөг зарим аймагт олгогдоогүй байгаа. Энэ мөнгө болон Хүний хөгжил сангаас олгогдох 21000 төгрөгөө аваагүй ирэгдийн мөнгийг хэзээ олгох юм бэ” гэдгийг тодруулсан.

   “Долоо хоногийн өмнө төсөв их сайхан байна гэж яриагүй. Харин төсвийн бодит байдал өнөөдөр амаргүй байгааг долоо хоногийн өмнө хурал дээр хэлсэн. Төсвийн гүйцэтгэл, орлого тасарсан нь үнэн, зарлага 58 хувийн санхүүжилттэй гарсан нь үнэн. 2012 оны санхүүжилт бүрэн хийгдээгүй. 21000 төгрөгийг олгоход зарцуулах 31 тэрбум төгрөг энэ жилийн төсөвт суусан байгаа. Төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал бидний амин чухал асуудал. Сангийн яам бодит эргэлтийг дэмжихийн тулд бүх талаар салбарын яамдтай хамтран ажиллаж байна. Хоёрдугаар улирлаас байдал дээрдэх болов уу гэж найдаж байна. Орлогоо нэмэгдүүлж, зарлагаа багасгах тал дээр анхаарч ажиллаж байгаа “гэсэн хариултыг Сангийн сайд өгөв.

   Н.Энхболд гишүүн, “Бондын мөнгийг эдийн засагт ашиглаж байгаа гэлээ. Аль аль салбарт яаж ашиглаж байгаа юм бэ. Хөгжлийн банк ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээгээр тендер өгч болох уу. Уг нь хуультай шүү дээ. Хамтарсан Засгийн газрын үед тендерийн асуудал хардалт сэрдэлттэй, хамгийн том асуудал байсан “ гэв.

  Ч.Улаан сайд хариултдаа, “Чингис бонд борлогдохдоо хугацаа нь тодорхой байсан. Эхний төлбөрт хагас жилд 35 сая ам.доллартай тэнцэх төлбөрийг Монголбанк хийнэ. Чингис бонд өөрөө мөнгө. Араасаа орлого дагуулж байгаа. Тендер удаашралтай байгаа нь үнэн. Иймд түргэтгэх бололцоотой бүхнийг эрэлхийлж байна. Хөгжлийн банкинд хуулийн дагуу Засгийн газар тодорхой чиглэл өгч өөрийн эрхийн хүрээнд ажиллаж байгаа. Энэ оноос эхлээд тендерийг цахим хэлбэрээр явуулдаг болсон. Сангийн яам хуулийн хэрэгжилт зөрчигдсөн нөхцөлд маргааныг таслах чиг үүрэгтэй болсон” гэлээ.

   Ч.Хүрэлбаатар гишүүн “ Долоо хоног бүр гаргаж байгаа үнэт цаасны борлуулалт ямар байна вэ. Цаашдын хэтийн төлөвийг яаж харж байна.. Төсвийн тодотголыг хэзээ оруулж ирэх вэ.” гэсэн асуултыг тавьсан.

   Ч.Улаан сайд хариултдаа, “ Дөрөвдүгээр сар гарснаас хойш Засгийн газрын ээлжит бондын арилжаа 3 удаа зарлагдсан ч арилжаа хийгдээгүй. Цаашид бондын зах зээлийг тогтворжуулаад тогтмол арилжаагаа байнга хийх зарчмаа барьж явна. Одоогийн байдлаар төсвийн тодотголыг эхний хагас жилд хийхээргүй харагдаж байна. Тодотгол хийх нөхцөлийг хуулиар зааж өгсөн. Төсвийн тодотголыг одоогоор оруулж ирэх бэлтгэл алга. Нөхцөл бүрдвэл тодотголыг оруулж ирнэ. Тодотгол хийх шаардлага байна уу гэвэл байна.” гэлээ.  

Б.Янжинлхам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш