Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагууд, дэлхийн улсуудаас нийт хэдэн тэрбум төгрөг, ам.долларын зээл авсан. Үүний ашиглалт, эргэн төлөх хугацаа,төлөгдсөн болон төлөгдөөгүй үлдсэн зээл, түүний хүү, 2013 онд төлөх зээл, хүүгийн талаарх тооцоо судалгааны талаар тодорхой мэдээлэл авахыг хүсэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад асуулга тавиад байсан юм.
Чуулганы хуралдаанд Б.Бат-Эрдэнэ гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгыг хариуг Сангийн сайд Ч.Улаан өгсөн. Тэрбээр мэдээлэлдээ,“ Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар 1990-2012 оны хооронд 2.7 тэрбум ам.долларын гадаадын зээл авч ашигласнаас 0.9 тэрбум ам.долларыг үндсэн төлбөр, 0.2 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрийг төлж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.0 тэрбум ам.долларын гадаад өрийн үлдэгдэлтэй байна. Засгийн газрын гадаад өрийн 55 хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, 45 хувийг гадаад улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна.
Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 87.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 27.9 тэрбум төгрөгийг олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улс орнуудтай байгуулсан гэрээний дагуу төлөхөөр байна. Монгол Улсын Засгийн газар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 оны тайлант хугацаанд 118.4 тэрбум төгрөгийн гадаад зээлийг ашиглаж, эргэн төлөлтөд 62.5 тэрбум төгрөгийг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2.751.2 тэрбум төгрөг байна” гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж хариулт авсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Авсан өр зээл хэр үр дүнтэй, ашиглалт нь ямар байна гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Өнөөдрийг хүртэл хичнээн ам.долларыг ямар ямар компаниуд гадаадаас авсан, эргэн төлөлт нь ямар байгаа нь бодитой байх хэрэгтэй. Энэ бүхнийг цэгцлэхгүй бол иймэрхүү үр дүн муутай зарцуулалт байж болохгүй. Чингис бондоор авах 5 тэрбум ам.долларын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Иймээс Монгол Улсын гадаад өр, зээл түүний барагдуулалтын талаарх Засгийн газрын танилцуулгыг нэлээд өргөн хүрээнд тодорхой болгох Ажлын хэсэг гаргах, цаашид Улсын Их Хурлаас тогтоол шийдвэр гаргаж энэ тал дээр онцгой анхаарал хандуулж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүсэж байна. Өнөөдөр сайхан байгаа мэтээр ярьж байгаа боловч бодит байдал дээр 1.5 тэрбум ам.долларын зарцуулалт тодорхойгүй байгаа. 90 оноос өнөөдрийг хүртэл авсан зээлийн 40 гаруй хувийг дэд бүтцэд, 30 гаруй хувийг хот төлөвлөлт бусад зүйлд зарцуулсан байдаг. Эцсийн дүнд буух эзэн буцах хаяггүй үр дүн нь тодорхой бус зүйлд хөрөнгө оруулалт хийдэг байдал 1.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын хуваарилалтаас мөн адилхан харагдаж байна. 6 аймгийг авто замаар холбох, нийслэлийн замыг сайжруулахтай холбоотой төсөл, бусад нь ноос ноолуурын үйлдвэр гэх мэт 90 оноос өнөөг хүртэл авсан зээлийн зарцуулалттай адил дүр зурагтай байна. Гаднаас авч байгаа өр зээл үр ашгаа хурдан өгөх төсөлд зарцуулагдах ёстой. Тэгэхгүй аахар шаахар зүйлд зарцуулаад 90 оноос хойш өнөөдрийг хүртэл авсан зээл шиг зарцуулвал үр дүнд хүрэхгүй.” гэсэн юм.
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссоноор өндөрлөлөө.
Б.Янжинлхам