АНУ-ын Цагаан ордны мэдээллийн сайтад хэдхэн цагийн өмнө энэ тухай мэдээг тавьсан байна. Түүнд дурдсанаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байден энэ наймдугаар сарын 16-наас Азийн хэдэн орноор орох аялалаа эхлэх аж. Түүний замын маршрутад БНХАУ, Монгол Улс, Японыг тусгажээ. Эхлээд тэрбээр БНХАУ-ын дэд дарга Ши Жинпиний урилгаар тус улсад айлчлах юм байна. Энэ айлчлалыг БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн энэ оны эхээр Вашингтонд хийсэн төрийн айлчлалын үеэр төлөвлөжээ.
Цагаан ордны мэдээнд дурдсанаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хятадад байх хугацаандаа БНХАУ-ын дарга Ху Жинтао, дэд дарга Ши Жинпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао, бусад удирдагчидтай уулзаж цэргийн салбар, бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлуудаар ярилцах ажээ. Дэд Ерөнхийлөгч Ж.Байден Хятадын баруун өмнөдийн Ченду хотод айлчлах гэнэ.
Дараа нь тэрбээр Улаанбаатарт ирнэ. Энэ үеэр Монголын ардчиллын хоёр аравны хөгжлийг нүдээр үзэж, эдийн засгийн өсөлтийн байдалтай танилцах юм байна.
Японд айлчлахдаа өнгөрсөн гуравдугаар сард болсон цунамийн хор уршиг, цөмийн станцын аюулыг хэрхэн арилгаж буйтай танилцахаар төлөвлөсөн байна.
Д.ОЮУН