Хэдийгээр албаны хүмүүс “Чуулган зарлах бодит шалтгаан байхгүй” хэмээж буй ч Тавантолгойн ордыг ашиглах асуудал, төсвийн тодотгол гээд чухал асуудлыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын дундаас хойш хийж магадгүй байна. Хаврын чуулган өндөрлөхөд УИХ-ын даргын гишүүддээ хандаж хэлсэн үг бол “Ажил, амралтаа зохицуулаарай. Ээлжит бус чуулган зарлаж магадгүй” гэсэн үг байсан. Харин өнөөдрөөс УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ээлжийн амралтаа эдлээгүй байсан хүмүүсийг яаралтай амруулахаар болжээ.
Ерөнхий сайд, Засгийн газрын нэлээд гишүүд энэ сарын 15 хүртэл амраад байгаа. Тэд эргэж ирмэгц Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулах бэлтгэл ажлыг хийхээр болсон тухай дуулдаж байна. Засгийн газар уг асуудлыг бэлэн болгож Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлбэл УИХ-ын ээлжит бус чуулган чуулахад саадгүй болох аж. Иймээс ээлжит бус чуулган Засгийн газрыг хүлээж байгаа юм байна. УИХ-ын дарга энэ сарын 20-ны орчим амралтаа өндөрлүүлнэ. Тэр хавьцаа гишүүдээ ерөнхийдөө бэлэн байлгахыг УИХ дахь намын бүлгүүдэд мэдэгджээ.
Д.ОЮУН