МЗХ-ны удирдлагууд хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзаж, аймгийн залуучуудын чуулганыг 04-р сарын 08-09-ны хооронд Сүхбаатар аймагт хийж эхэлсэн мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл тэд өчирдөрөөс Сэлэнгэ аймагт ажиллаж эхэлсэн байна. Энэ талаар бид тус аймагт ажиллаж байгаа “Залуучуудын Үнэн” сонингийн сэтгүүлч С.Батхуягтай утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа. “Сэлэнгэ аймгийн залуучуудын чуулга уулзалт яг одоо буюу 12 цаг 30 минутад эхэлж байна. Аймгийнхаа залуучуудын чуулга уулзалтанд оролцохоор 17 сум, 4 тосгоноос одоогийн байдлаар нийтдээ 200 гаруй залуучууд цугларсан байна. Чуулганд оролцох тус аймгийн залуучуудын идэвхи сайн байна, залуучуудын оролцоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Чуулганд Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Н.Батдорж, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Ц.Батгэрэл, МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын шинжлэх ухаан, технологийн хороо”-ны тэргүүлэгч П.Баяр зэрэг төлөөлөгчид оролцож байна. Сэлэнгэ аймгийн залуучуудын чуулган 04-р сарын 30-наас 05-р сарын 02-ны хооронд үргэлжилнэ” гэдэг мэдээллийг бидэнд өгсөн юм.