Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Мьянмарын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи өнөөдөр /2013.04.30/ Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Хэвлэлийн бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хөтлөн явууллаа. Тэрээр “Ан Сан Су Чийн тухай кино үзэж, ном уншиж байхад энэ хүн бол Мьянмар улсын “Өндөр ээж” юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн” гээд Мьянмарын “Өндөр ээж”-ид асуулт тавьж хариулт авахыг сэтгүүлчдээс хүссэн юм. Асуулт хариултын өмнө хатагтай Ан Сан Су Чи Монголд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэрээр “Монголд ирэхэд надад гадаад оронд ирсэн гэсэн сэтгэгдэл огт төрсөнгүй. Газар хол, хоол унд, хувцас хунар, цаг агаар өөр гэдгээс ондоо ялгаа мэдэрсэнгүй. Намайг Мьянмараас нааш гарахад тэнд 39 хэмийн халуун байсан. Харин Монголд сэрүүхэн байна. Монголчууд цагаан идээ их иддэг бол манайхан ногоо, будаа голдуу иддэг. Монголчууд Ази хүмүүс учраас царай төрх, ёс журам нь манайхантай төстэй, гаднын хүмүүс гэж огт санагдахгүй байна” гэлээ. Бас “Англи үг богинохон. Харин монголоор орчуулахад их урт болж сонсогдох юм. Манай үг бас урт. Үүгээрээ танай, манай үг адилхан юм байна” хэмээн хошигнов.
Хатагтай Ан Сан Су Чи сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Монгол бол ардчилалд тайван замаар шилжсэн орон. Орон орны ардчилалд хүрсэн зам өөр. Ардчиллыг загварчлах ёсгүй. Үүнээс би аль болохоор татгалздаг. Загварчлах тусмаа бид ардчиллыг хязгаарлаж хайрцагладаг. Ингэснээр ардчиллаар дамжиж түгэн дэлгэрүүлдэг үзэл баримтлалыг хязгаарлаж байгаа гэж үздэг. Ардчилал бол бидний сонгосон зам учраас ямар байх нь бидний ухаанаас шалтгаална. Монголын ардчилал манайхаас хол тасарч түрүүлж яваа. Манайх ч ардчиллын замаар амжилттай замнаж явна” гэлээ.
Хатагтай Ан Сан Су Чиг гэрийн хорионд байх үед тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж суллуулахаар сэтгэл гаргаж дуу хоолойгоо өргөж байсан нь түүний сэтгэлд хоногшин үлджээ. Энэ талаар хатагтай Ан Сан Су Чи “Намайг гэрийн хорионд байхад миний төлөө, намайг чөлөөлөхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн дэлхийн бүх манлайлагчдад талархалтай явдаг. Тэр дундаас би Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дуу хоолойд юунд нь илүү талархдаг байсан бэ гэвэл тухайн үед Азийн лидерүүдийн дуу хоолой бараг сонсогддоггүй, цөөн хэдхэн хүн дуугарч байхад миний эрх чөлөөний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зоригтой, тод дуугарч байсан. Миний төлөө хэлсэн үг, гаргасан зүтгэлд нь би үнэхээр их талархаж, миний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлж үлдсэн. Үүнд нь маш их баярлаж явдаг” гэлээ.