Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцсон Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт Ан Сан Су Чи өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Монголын ТББ-ын төлөөлөлтэй уулзав.
Уулзалтыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Сосормаа хөтлөн явууллаа. Энэ үеэр Монголд 24 жилийн өмнө ардчилсан өөрчлөлт хийгдэж түүнтэй зэрэгцэн Иргэний нийгмийн байгууллага, ТББ-ууд үүсч бий болсныг төлөөлөгчид дурсч байв. Энэ олон ТББ-ууд эрх чөлөө дуудаж Монголд үүссэн. Монголчууд боловсрол сайтай учраас шинэчлэлд хурдан дасч ардчилал амархан хөлд орсон талаар оролцогчид ярьсан юм.
Хатагтай Ан Сан Су Чи уулзалтын үеэр хэвлэлийн эрх чөлөө ардчиллын хөгжилд хамгийн их чухал болохыг тэмдэглэн хэлэв. Хэвлэлийн эрх чөлөөг улс төрчид, эрх баригчид хааж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн янз бүрээр ашиглахыг оролдох тал гардаг. Мьянмар улсад хүн хүсэл зоригоо чөлөөтэй хэлэх эрхийг олж авсаар 20 гаруй жил болж байгаа ч өнөөг хүртэл бүрэн хэмжээнд зохицуулагдаагүй байгаа ажээ. Өнөөдөр ч улс төрийн намууд, эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барих гэсэн оролдлого хийсээр байгаа юм байна. “Хэвлэл мэдээлэл хаана ч бүрэн эрх чөлөөтэй, ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг бүрэн илэрхийлэгч байх ёстой гэж бид үздэг. Ард түмэнд үнэнийг олж мэдэх эрх байх ёстой. Тэгж байж эрх чөлөө хангагдана. Тиймээс хэвлэлийг жинхэнэ утгаар нь чөлөөтэй хөгжүүлэхийн төлөө Мьянмарт тэмцэл болж байна. Хэвлэл мэдээлэл хэзээ ч авлигын голомт байж болохгүй” хэмээн хатагтай Ан Сан Су Чи хэллээ.
Нэгэн үед улс төрийн 200 гаруй намтай байсан олон үндэстэн ястны Мьянмарын ард түмэн үнэхээр их зовлон бэршээл амссан учраас хатагтай Ан Сан Су Чийн толгойлсон нам хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө зоригтой тэмцсэн гэдгийг тэрээр уулзалтад оролцогчдын асуултад хариулах үеэрээ хэлж байлаа.
Хүн бүр дор бүртээ нэг ТББ байгууллага байгуулж салангид явахыг хатагтай Ан Сан Су Чи дэмждэггүйгээ илэрхийлэв. Гагцхүү хүчээ нэгтгэж нэгдмэл зорилгын төлөө хамтран ажилласнаар үр дүнд хүрдэг гэдгийг тэрээр Монголын ТББ-ын төлөөлөгчдөд анхааруулсан юм.